БНХАУ-ын Эрээн хотод халдварын тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоогоод буй. Үүний улмаас дахин бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх вий гэсэн болгоомжлол байна. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болдтой ярилцлаа.
-Эрээн, Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ сарын 2-ны өдөр Эрээн хотод коронавируст халдварын 4 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс Эрээн хотын шуурхай штаб яаралтай хуралдаж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар Эрээнд нийт 149 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 48 нь шинж тэмдэггүй гэсэн албан ёсны мэдээлэл байна. Эрээн хотын захиргаанаас халдварыг яаралтай дарж авахаар ажиллаж байна.
Замын-Үүд, Эрээн авто замын боомт энэ сарын 2-ноос хойш өнөөдрийг хүртэл нээлттэй ажиллаж байна. Чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дунджаар 70-80 чингэлэг орж ирдэг байсан бол хатуу хөл хорионы улмаас 2 дахин буурч, 30-40 чингэлэг орж ирж байна.
Эрээн талдаа Монгол руу гардаг ачаатай чингэлгийг байршуулдаг гаалийн баталгаат талбай байдаг. Энэ талбайд гаалийн бүрдүүлэлтээ хийсэн 200 гаруй чингэлэг байна. Мөн бүрдүүлэлтээ хийхэд бэлэн болсон 200 гаруй чингэлэг байна. Түүнчлэн Монгол руу импортлох шинэ 200 гаруй тээврийн хэрэгсэл байна гэсэн тоон мэдээлэл байна.
Гаалийн бүрдүүлэлтээ хийсэн 200 гаруй чингэлэг өдөрт 30-40-аар орж ирсээр байгаад дуусна. Харин хажууд нь бүрдүүлэлт хийх шаардлагатай байгаа 200 чингэлгийг тодорхой зохицуулалтаар Монгол руу гарахад дэмжлэг үзүүлээч хэмээн Эрээний Консулын газраараа дамжуулаад Эрээн хотын Шуурхай штабд хүргүүлсэн. Яриа хэлэлцээр хийж байна. Яриа хэлэлцээр нааштай байвал дахиад 200 чингэлэг гарахад бэлэн болно гэсэн үг.
-Хатуу хөл хорио хэзээ хүртэл үргэлжлэх вэ?
-Анх Эрээнд ковид гарахад 21 хоног хатуу хөл хорио тогтоосон байдаг. Улмаар бага багаар сулруулсан. Тэгэхээр өмнөхтэйгээ адилхан 21 хоногоор хатуу хөл хорио тогтоох болов уу гэсэн таамаглал байна. Гэхдээ Эрээн хотын шуурхай штабаас гаргасан захирамжид тэдний өдөр хүртэл гэсэн тодорхой он сар өдөр заагаагүй байна. Тэгэхээр ямар хугацаанд хатуу хөл хорио үргэлжлэх нь тодорхойгүй байна. Бидний таамгаар 21 хоног тогтоогоод бага багаар сулрах болов уу гэж бодож байна.
-Гаалийн бүрдүүлэлтийн талбай руу чингэлэг нэмэхгүй байгаа юм байна. Өдөрт 30-40 машин гаргаад хатуу хөл хориог 21 хоног гэж тооцвол 7 хоног сул зогсолт хийх нь ээ?
-Тийм. Гаалийн талбайд ачих, буулгах үйл ажиллагаа явуулах ажиллагаа үндсэндээ энэ сарын 15-наас хойш зогсох эрсдэл үүсч байна. Гэхдээ хил боомтын үйл ажиллагааг аль болох хэвийн явуулах, асуудлыг хоёр талдаа ярьж зөвшилцөхөөр БНХАУ-ын талтай ярьж байна.
Өнгөрсөн хугацаанд Замын-Үүдээр Хятадын талаас орж ирж буй 70-80 чингэлгийн 10-15 чингэлэг нь хөргүүртэй нарийн ногоо байсан байсан. Хөл хорио тогтоосноос хойш хөргүүртэй нарийн ногооны чингэлэг зогссон.
Бид Эрээн хотын холбогдох байгууллагуудтай ярьж байна. Тодруулбал, Эрээний Хавган гээд треминал байдаг. Тэр треминалаас нарийн ногоо, жимс жимсгэнэ ачдаг. Хавганы удирдлагаас "30 албан хаагчаа тусгаарласан байна. Хятадын орон нутгийн тээвэрлэлтээр Монгол руу гарах нарийн ногоо ирж байгаа. Энэ тээврийн хэрэгслийг лацдаж, хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр Эрээн хотын Хавган треминалд буулгах, Монгол руу ачих тодорхой төлөвлөгөө гаргасан" гэх мэдээлэл өгсөн. Энэ төлөвлөгөөгөө Эрээний Шуурхай штабд өгсөн байгаа юм билээ.
Эрээн хотын Шуурхай штаб тодорхой шийдвэр гаргаад зөвшөөрөл өгсөн тохиолдолд нарийн ногоо өдөрт 10 чингэлгээр яваад байх болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Нүүрс тээвэрлэлтэй сайжруулах тал дээр Хятадын талтай ярьсан зүйл байна уу?
-Монгол Улсын нүүрсний экспортын хамгийн чухал боомт бол Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганц модны боомт. Шивээхүрэн-Сэхэ боомтыг бид дипломат шугамаар Хятадын талтай ярилцсаны үр дүнд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд нээсэн. Энэ боомтоор өдөрт дунджаар 250-260 чингэлэг Шивээхүрэн боомтоор орж байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад явбал цаашид улам нэмэгдэх байх.
Гашуунсухайт-Ганцмод боомт энэ сар гарснаас хойш 420 орчим тээврийн хэрэгсэл явж байна.