Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Амгалан: Шоу дуусаад эргээд харахад өөрийгөө зорилгодоо хүрсэн гэж бодож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 36 секунд

“The Voice of Mongolia 2022” шоуны шүүгч дасгалжуулагч Б.Наранзун дасгалжуулагчийн багийн гишүүн, шилдэг оролцогч Э.Амгаланг "UBN STORY" буландаа урьж оролцууллаа. Үзэгч сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг дуучин Э.Амгалангийн ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Таныг "The voice of Mongolia" шоунд оролцсоноор үзэгчид мэднэ шүү дээ. Хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулаач. Хаана төрж өссөн бэ?

-Би Увс аймгийн Улаангом суманд төрж өссөн. 18 нас хүртлээ Улаангом суманд амьдарсан. Оюутан болоод хотод орж ирээд хотын хүн болсон. "Сити" их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ ажиллаагүй, дуулаагүй гэж хэлж болно. Мэргэжилдээ дургүй, сонирхолгүй гэсэн үг биш л дээ. Оюутан байхаасаа эхлээд дуу бичлэгийн студид ажилладаг байсан. Энэ ажилдаа илүү дуртай.

-Яагаад дуурийн дуучин гэх мэргэжлийг сонгох болсон бэ?

-Тухайн үед хөдөө орон нутгийн хүүхэд ч байж. С.Жавхлан ах шиг мундаг нийтийн дуучин болохоор ирсэн. Оюутан болоод олон зүйл үзэж харна шүү дээ. Урлагийг ойлгох ойлголт, сонирхол маань өөр тийшээ эргэж орчин үеийн дуу хөгжим сонирхож эхэлсэн. Яваандаа музикл гэх жанр луу түлхүү орж, тэр талаараа юм хийх дуртай. 2008- 2010 оны үед МУСГЗ Н.Батнасан багш маань дэлхийн шилдэг сонгодог музиклуудыг Монголд анх эх хэл дээр нь тавьж байсан. Тэдгээрийн гол ба туслах дүрүүдэд тоглож байсан.

-Таныг дуурийн дуучин мэргэжилтэй гэдгийг хүмүүс хэр мэддэг вэ?

-Миний гэр бүл, хамаатны хүмүүс л мэддэг. Дуурийн дуучнаар сурсан гэдгийг маань хүмүүс тэр бүр мэдэхгүй. Яагаад энэ мэргэжлээрээ ажиллаагүй вэ гэж зарим хүмүүс асуудаг. Манай мэргэжлийн багш МУГЖ Цэцгээ гэдэг хүн байгаа. Багш маань намайг дуурийн дуучнаар явуулахыг их хүсдэг байсан. Хэрэв дуурийн дуучнаараа ажилласан бол магадгүй нэг дуурийн театрт дуучин болох байсан.

-Войсын тайзан дээр дуулах шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Манай улсад Войс шоу зохиогдохоос өмнө дэлхийн войсуудыг их үзэж, агуулгыг нь хараад дурладаг байсан. Тухайн үед youtube-ээс үзээд Монголд зохиогдвол гоёдоо гэж их боддог байсан. Өөрөө мэргэжлийн дуучин болохоор дуу дуулж өөрийнхөө амьдралыг өөрчлөх юмсан гэсэн бодол байсаар ирсэн. Студийн ажлыг хийсээр өдий хүрсэн байна. Анхны войсд бүртгүүлсэн боловч шалгаруулалтын үеэр Монголд байгаагүй. Хоёр дахь удаагийн войсын үеэр мөн адил Монголд байгаагүй. Тэгээд л эхний хоёр дугаарт оролцож чадаагүй. Энэ жил онлайнаар бүртгүүлсэн.

Мөн орох болсон хамгийн чухал шалтгаан нь "Би дуулах юм бол хаана явна вэ. Орчин үеийн хүүхдүүд их мундаг дуулж, шинэ хөгжим сонсдог болсон. Дууг өөрөөр дуулж, өөр чиглэлээр дуулдаг болсон. Над шиг 30 нас гарсан нөхөр дуу дуулаад орчин үеийн хүүхдүүдтэй өрсөлдвөл хаана байх бол. Цэвэр тулаад үзвэл тэр хүүхдүүдтэй өрсөлдөж чадах болов уу" гэдэг бодлоор оролцсон.

Ойр дотны хүмүүс маань намайг дууны тэмцээнд орохыг хүссэн. Зүгээр нэг ороод үзье гэж бодоогүй, нэг талын боломж гэж харсан. Маш их зорьж орсон.

-Энэ жилийн войс шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж улмаар Б.Наранзун шүүгчээр ажилласан. Таны хувьд Б.Наранзун шүүгчтэй ажиллахад ямар байв. Шүүгчээ урьдчилж сонгосон байсан уу. Тухайн үедээ шууд сонгосон уу?

-Эхлээд Б.Наранзун дасгалжуулагчийг шүүгчийн бүрэлдэхүүнд байгаа гэдгийг мэдээгүй. Харин хамгийн эхний шатны шалгаруулалтын өмнөхөн Б.Наранзун шүүгчийг байгаа гэдгийг мэдсэн. Мэдээгүй байхдаа тайзан дээр гараад дөрвөн шүүгчийг юу гэж ярихаас шалтгаалан, намайг багтаа авахыг хэр их хүсэж байгаагаас нь шалтгаалан сонголтоо хийнэ гэсэн юм бодож байсан. Харин Наранзун дасгалжуулагчийг орсныг мэдээд дотроо шийдвэрээ гаргаад орсон.

Б.Наранзун дасгалжуулагчийн продюссерлэж гаргаж буй хамтлаг, уран бүтээлчдэд дуртай. Тэр талаас нь бодож сонгох болсон. Манай дасгалжуулагчийн хувьд мэргэжлийн хүний үүднээс шаардлага өндөртэй, зарчимч хэдий ч хамтарч ажиллахад хялбар байдаг.

-Дасгалжуулагчийн зүгээс оролцогчдодоо ямар шаардлага тавьдаг байсан бэ?

-Оролцогчдын дуулалтын ур чадварт шаардлага тавьдаг байсан. Түүний хувьд оролцогчид анх энэ тэмцээнд ороход ямар дуулдаг байсан нь огт хамаагүй. Учир нь дэлхийн хэмжээний тэмцээнд орж нэг шат ахисан. Тиймээс дараагийн шатандаа шал өөр хүн болсон байх ёстой гэдэг шаардлага тавьдаг байсан. Жишээлбэл, нот дуулдаг байсан бол одоо нотоо зүгээр дуулахгүй түүнийгээ эвдэж орчин үеийн дуундаа шингээх гэх шаардлагуудыг их тавьж байсан. Энэ бол байх ёстой хамгийн өндөр шаардлага. Дуучны хувьд шат ахих тусам ур чадвар өсөж байх ёстой юм байна. Миний хувьд зүгээр л дуугаа дуулаад үзэгч, дасгалжуулагчдаа таалагдвал болчих юм байна гэж бодож байсан.

Б.Наранзун дасгалжуулагчийн хувьд "Чи чадахгүй юм байна" гэж хэлдэггүй. Үгээр үг дайж тухайн хүнд болохгүй байгааг ойлгуулдаг. Маш зөвөөр илэрхийлдэг.

-Шат ахих тусам маш их ахиц дэвшил гарсан байх. Таны хувьд аль шатандаа илүү их өөр Амгаланг гаргахыг зорьсон бэ?

-The semi final гэж бодож байна. Энэ шатанд Shawn Mendes, Justin Bieber нарын дууг дуулсан. Тэр дууг анх надад өгөхөд яагаад энэ дууг надад өгсөн юм бол гэж бодож байсан. Миний хувьд дасгалжуулагчийнхаа мэдрэмжид 100 хувь итгэнэ гэдгээ хэлж байсан. Итгэхээс ч өөр аргагүй.

Хоолойны хувьд Shawn Mendes, Justin Bieber нараас шал ондоо хоолойтой шүү дээ. Тиймээс энэ шатанд бага зэрэг дурамжхан байсан. Мөн яаж дуулахаа бодож маш их шаналалтай байсан. Тэр шат миний хувьд бусад шатнаас хамгийн хэцүү нь байсан.

-Монгол дууны шатан дээр таны дуулалт үзэгчдэд маш их хүрсэн. Монгол дууны хувьд тухайн дууных нь жинхэнэ дуучин сэтгэлд нь илүү хүрчихсэн байдаг шүү дээ. Түүнийг яаж өөрийн болгож хүргэхийг зорьсон бэ?

-Монгол дууны хувьд ч мөн ялгаагүй. “Тайчигч хөвгүүд ба хар нулимс” дуу Б.Дашдондог ахын дуулсан хувилбараар хүмүүсийн сэтгэл зүрхэнд шингэсэн байдаг. Маш их бэлдэж, дууны нотуудыг хүртэл өөрчилсөн. “Тайчигч хөвгүүд ба хар нулимс” бол маш хүнд дуу. Хэрэв долоо хоногийн хугацаанд энэ дууг бэлдэж орсон бол цаашаа шалгарахгүй байсан болов уу гэж боддог. Азаар долоогоос их хоног бэлдсэн учир даваад гарсан.

-Дасгалжуулагч нарын тавьж буй шаардлагаас гадна оролцогчид өөрсдөдөө шаардлага тавьж байсан байх. Таны хувьд Э.Амгалан гэдэг хүний дуу хоолой бусад оролцогчдоос юугаараа өөр байх ёстой гэж бодож байв ?

-Blind audition шатанд дасгалжуулагч маань миний мэдрэмжтэй ажиллахад болох юм байна гэдгийг хэлсэн. Учир нь надад хоолойны чадвар байгаа гэж үзэн миний мэдрэмж дээр ажиллахад болно гэж үзэн эргэсэн байсан. Миний хувьд ч үүнтэй санал нийлж байгаа.

Миний бусдаас ялгарах давуу тал бол миний хоолой. Аав ээжээс заяасан дуулах өгөгдөл байсан. Мөн мэргэжлийн дуучин учир дасгалжуулагчтай харьцахад илүү хялбар байсан.

Тэмцээн бол тэмцээн байдаг юм байна. Хэчнээн мундаг дуучин байгаад цэвэр дуулалтаараа түрүүлнэ гэж байхгүй. Яагаад гэвэл тэмцээнийг үзэгчид үзэж, үзэгчид шийддэг.

Тэр хүмүүсийн сэтгэл санаанд нийцүүлэхийн тулд ямар ч дуучин ямар ч оролцогч цаг үеэ мэдрэх ёстой юм байна. 17,18 настай хүүхдүүд тэмцээнд оролцох 34,35 настай би оролцох арай өөр болчхоод байгаа юм. Үзэж сонсдог зүйлээ илүү орчин үеийн болгох шаардлагатай гэдгийг ойлгосон. Войст орсноор маш их зүйлийг сурсан.

-Та амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

-Миний амьдралдаа баримталдаг зарчим бол ямар ч үед нэг зангаараа байх. Хүн болгонтой нээлттэй, шударга байхыг хүсдэг. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй зантай. Хамгийн энгийн жишээгээр, хүүхэд зам хөндлөн гарах гэж байхад зам тавьж өгдөггүй жолооч өчнөөн байдаг. Тэр бүгдэд маш их бухимддаг. Бүх хүнтэй сайхан харьцахыг хичээдэг. Тийм ч учраас надад муу үг хэлж байсан хүн байдаггүй гэхэд болно.

-Ярилцлагын эхэнд "Войс шоуг нэг талын боломж" гэж харсан гэсэн шүү дээ. Шоу дууссаны дараа харахад ямар боломж нээгдсэн гэж харж байна вэ?

-Боломж гэж хэлсэн маань өөрийгөө олон хүнд таниулах хамгийн том зорилготой байсан. Тэгэхийн тулд өөрөө бүх шатанд маш их хичээж, Э.Амгалан гэдэг хүнийг хувь талаасаа болон мэргэжлийн дуучин хүний хувьд олон хүнд таниулахыг хүссэн. Шоу дууссаны дараа эргээд харахад өөрийгөө зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Ерөнхийдөө маш олон хүн намайг таньдаг болсон байна. Хүмүүсийн дэмжлэг надад маш том урам зориг, өөртөө итгэх итгэл, амьдралын баяр баяслыг мэдрүүлсэн. Намайг дэмжиж буй тэр олон хүмүүсийн урмыг зүтгэлээр хариулах болно. Чанартай, гоё уран бүтээлүүд гаргахыг хүсэж байна.

Үзэгчдэдээ хандаж хэлэхэд "Миний бие удахгүй гоё дуунуудаар бэлэг барих болно" гэдгийг хэлмээр байна.

-Цаашид уран бүтээлчийнхээ амьдралаар амьдрана гэж бодож байна уу?

-Мэдээж дуунаас бол хөндийрч чадахгүй. Дуу миний амьдралд маш том байр суурийг эзэлдэг. Хүүхэд байхдаа дуучин эсвэл цагдаа болно. Эсвэл цагдаа дуучин болно гэж ярьдаг байсан. Тийм их дуулах дуртай хүүхэд байсан. Уран бүтээлчийнхээ амьдралаар аль болох олон жил удаан амьдрахыг хүсэх байх.

Урлаг бол уран бүтээлч хүнээс маш их золиос шаарддаг. Тэр нь шууд ямар нэг байдлаар золиос гаргаж байгаа гэсэн үг биш. Харин ар гэртээ амьдрал ахуйгаа орхигдуулах тохиолдол урлагийн хүмүүст их байдаг. Мэргэжлийн уран бүтээлчийн хувьд энэ бол маш том золиос гэж бодож байна. Тиймээс амьдралаа золионд гаргахыг хүсэхгүй байна. Ямартайч мэргэжлийн уран бүтээлч байх бүх зүйлийг өөрөөсөө гаргаж хичээх болно. Нэгт миний гэр бүл байх ёстой.

-Шоуны үеэр хүмүүсээс ирэх хандлагыг хэрхэн хүлээж авч байсан бэ. Жишээлбэл "баярлалаа" гэж хэлсэн нь нэлээд трэнд болсон шүү дээ?

-Баярлалаа гэдэг маань тухайн үед их ядарсан байснаас ч юм уу болсон байх. Энгийн үед тийм бүдүүн хоолой надаас гардаггүй. Хүмүүсийг хуураад яваад байсан ч юм шиг байдалд орчихсон. Тухайн үед яалтчгүй тийм зүйл болчихсон. Ачаалал ихтэй дуу дуулж байгаа үед ямар ч хүний хоолойнд ядралт мэдэрдэг. Үүнээс үүдэж хоолой илүү бүдүүрэх тохиолдол гарч болно.

- Ярилцсанд баярлалаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын үед хийгдэх айлчлалын талаар С.В.Лавровтай утсаар ярьжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ойрын үед хийгдэх айлчлалын талаар С.В.Лавровтай утсаар ярьжээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.