Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: “Одонгийн зургаагийн маань нэг нь л эзгүй байвал санагалзаад байдаг“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 16 секунд

No description available.Амьдралынхаа хором мөч бүрийг үр хүүхдүүдийнхээ төлөө зориулахаар тэмцэж яваа Монголын мянга мянган залуу хосуудын төлөөлөл болсон Л.Батзоригийн гэр бүлтэй та бүхнийг танилцуулья. Л.Батзоригийн гэргийг Б.Отгонзаяа гэдэг. Тэд зургаан хүүхдийн аав, ээж. Гэргий Б.Отгонзаяагийн хувьд саяхан "Алдарт эх"-ийн нэгдүгээр одонгоо гардан авсан юм. Өнөө цагийн өнөр бүлийн нэг болсон Л.Батзоригийн гэр бүлээс бэлтгэсэн сурвалжилгыг та бүхэнд хүргэе.

Л.Батзориг, Б.Отгонзаяа нар оюутан ангийн найзууд. Тэд "Газарчин" дээд сургуульд аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байхдаа танилцаж байжээ. Одоо тэд зургаан хүүхдийн аав ээж. Өнөр бүл болж, хайр цацруулсан үрсээр гэр нь дүүрнэ. Хосууд хоёрдугаар курсдээ анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд энэ нь одоогоос 14 жилийн өмнө. Дэрсхэн өсөх хүүхдүүд нь өдрөөс өдөрт бие дааж, аав ээждээ эрхлэлдэн гүйлдэнэ. Одонгийн хүүхэд ч нэг ой өнгөрч, хөлд оржээ.

Өрхийн тэргүүн Л.Батзориг одоогоор "Таванбогд интернейшнл" компанид ажилладаг. Харин эхнэр Б.Отгонзаяа гэр бүлийнхээ хамгийн том ажлыг нугалагч. Тэрбээр гэр бүлийнхээ төлөө цагийн хуваарьгүй зүтгэнэ.

-19 настай аав, ээж-

No description available.

2008 онд хуримаа хийсэн тэд өнөөдөр тухайн үед дөнгөж аав, ээж хэмээх алдрыг хүртэж байсан үе хэмээн ярив. Л.Батзориг "Бид анх хоёрдугаар курст байхдаа анхныхаа хүүхдийг өлгийдөж авсан. Тухайн үед өөрсдөө л бараг хүүхэд байсан даа. Юугаа ч мэдэхгүй. Аав, ээж нар маань л зааж зөвлөдөг байсан. Хүүхдээ үлдээгээд л хичээлдээ явдаг байсан. Том хүүгээ бараг л зөнгөөр нь өсгөчихсөн юм шиг санагддаг" гэв.

Харин Б.Отгонзаяа "Ачаалалтайгаас гадна хүүхэд хөхүүлээд шөнө нь байнга угждаг байсан. Шөнө хоёулаа ээлжилж босч хүүхдээ угжина. Хадам, аав ээж маань их тусладаг байв. Сургуульдаа явахад ардаа санаа зовдоггүй байсан" хэмээв.

Хүүхэдтэй болсон гэх мэдээг сонсоод ямар санагдаж байсан талаараа тэд үргэлжлүүлэн ийнхүү ярив. Л.Батзориг "Анх гайхах, баярлах зэрэгцдэг юм билээ. 19 настай оюутан байсан үе л дээ. Оюутан хүүхэд учраас учраа олохгүй. Тэгээд л ээж маань анзаарч эхэлсэн. Энэ үед ээжид хэлтэл “Хүүхдээ гаргана гээд шийдсэн нь сайн байна” гэж хэлж байсан. Тэрхэн үед ээжийг тэврээд уйлж байснаа санадаг. Түүнээс хойш гэр бүлийнхэн маань гаргасан шийдвэр бүрт минь үргэлж зөвлөж, дэмжсээр ирсэн дээ" гэлээ.

-Гэр бүлийн цагийн хуваарь: ЗАВГҮЙ-

No description available.

Үрс нь бүгд л цэцэрлэг, сургуульд явдаг болжээ. Аргагүй юм. Тэдний хамгийн бага нь л нэг ойтой. Багыгаа гэртээ хараад бусад хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгч, авахаас эхлүүлээд өдрийн ажил тогтмол болчихсон талаараа тэд хэлж байв. Нөхөр Л.Батзориг "Өглөө босоод л орой унтах хүртлээ завгүй шүү дээ. Том хүү маань надтай зэрэгцээд хичээлдээ явдаг. Эхнэр хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэнэ. Би орой бүгдийг нь цуглуулаад л гэртээ ирдэг дээ. Ажлын тав хоног иймэрхүү дарааллаар өнгөрдөг. Харин амралтын өдрөөр аль болох гэр бүлээрээ байхыг эрмэлздэг" гэж байв.

-Ханийнхаа басхүү хүүхдүүдийнхээ арыг бат даагч-

No description available.

Ар гэрийнхээ төлөө хамгийн завгүй "албанд" зүтгэх хүмүүс бол гэртээ суугаа ээж нар. Хийхгүй, чадахгүй ажил бараг л үгүй. Нэг үеэ бодоход энэ тал дээр хүмүүс эерэгээр хандах нь түлхүү болжээ. Энэ талаар бид ярилцахад нөхөр Л.Батзориг

"Эхнэрээрээ маш их бахархдаг. Зургаан хүүхдийнхээ хажуугаар намайг авч явдаг. Миний арыг бат даадаг хүн. Би өглөө ажилдаа гараад л явна. Зарим үед сунаж ажиллах үе ч гарна. Ирэхэд хувцсыг минь цэвэрхэн, хоолыг минь бэлдэж өгөөд л явуулдаг. Асуудал бэрхшээл тулгарах үе бидэнд бий. Аль болох хоорондоо ярилцаж байгаад шийдвэрлэхийг эрмэлздэг. Учир нь бид бол гэр бүл. Тиймээс дан ганц өөрийнхөө биш эхнэртэйгээ зөвлөлдөж шийдвэр гаргахыг илүү үздэг. Манай эхнэр маш сайн чиглүүлэгч. Юмыг харах өнцөг нь минийхээс арай өөр юм шиг санагддаг" гэлээ.

Харин гэргий "Нөхрөө цаг заваа зөв гаргаж чаддагт нь баярладаг. Бидний хэн нэгэнд нь яаралтай ажил гараад бие биедээ хэлэхэд цаг заваа зохицуулж хариуцлагатай байж чаддаг юм. Энэ нь хүүхдүүддээ үзүүлж буй маш том үлгэр дууриалал хэмээн хардаг. Мөн хүүхдүүддээ ээжийгээ хүндлэх ёстой гэдэг зүйлийг маш сайн чиглүүлж өгдөг. Хүүхдүүддээ үзүүлж буй үлгэр дууриалал маш чухал шүү дээ" хэмээв.

-Залуухан Алдарт эх басхүү дархан бэр-

No description available.

Төв талбай дүүрэн эхнэрээ алдарт эхийн одонгоо энгэртээ зүүн, гарч ирэхийг догдлон хүлээх аавууд басхүү хүүхдүүд нь. Б.Отгонзаяа 2018 онд алдарт эхийн хоёрдугаар одонг авч байжээ. Харин тэрбээр саяхан нэгдүгээр одонгоо Ерөнхийлөгчөөс гардан авсан. Баярт мөчийнхөө талаар нулимс дуслуулан ярих тэд. Л.Батзориг "Бэлтгэл ажил гэж нүсэр зүйл болсон л доо /инээв/ Хоёр хоногийн өмнөөс л бэлдэж эхэлсэн. Эхнэрээ одонгоо аваад гарч ирэх хүртэл гадаа нь бид хэд догдлоостой. Хурдан гараад ирээсэй гээд л хүүхдүүдтэйгээ хүлээж байсан. Эхнэрээ хүлээж зогсоо аавууд тэнд дүүрэн. Дээлнийх нь өнгөөр л хараад зогсоод байсан. Тэгээд л хүүхдүүд ээжийгээ хараад хэлэв. Бид ч дөхөж очоод баяр хүргэсэн дээ" гэлээ.

Зургаан хүүхэд төрүүлснийхээ хувьд одонгоо аваад гарч ирэхэд өнөр өтгөн гэр бүлээ хараад баярласан хэмээн Б.Отгонзаяа ярив. Тэрбээр "Төрийн дууллаа сонсчихоод ээжийн тухай дууг морин хуураар тоглох мөчид үнэхээр сайхан санагдсан. Одонгоо зүүгээд гарч ирэх мөчийг үгээр хэлшгүй. Хүүхдүүд маань тосож баяр хүргэхэд хамгийн их баярласан. Миний хамгийн их золиос гаргаж байсан зүйлс өнөөдөр ийм түвшинд хүргэсэнд би баярлаж явдаг" гэв. Харин тэрбээр дархан бэр болсон талаараа "Манайх дөрвөн хүү, хоёр охинтой. Хоёрдугаар одонгоо авч байх үед Дархан бэрийн одон медалийг хадмууд маань гэнэтийн бэлэг болгож авч ирж өгч байсан. Тухайн үед маш их баярласан" гэлээ.

-Нэг нь л эзгүй байвал санагалзаад байдаг-

No description available.

Дэрсхэн өсөн торниж буй үрсээ хараад суух нь тэдний хувьд жаргал. Гэр дүүргэх бяцхан үрсийнхээ талаар тэд "Олуулаа байх нь их олон давуу талтай юм шиг санагддаг. Илүү нээлттэй, олон хүнтэй харьцаж сурдаг юм болов уу. Ганцаардмал биш. Хүн болгонтой тулж харьцах, бусдыг хүндлэх хайрлах тал дээр илүү юм шиг санагддаг. Бид хоёул аль аль талдаа эхээс олуулаа. Тиймдээ ч өнөр өтгөн өссөн учраас олуулаа байхын сайхныг мэднэ. Бусдыг хайрлах сэтгэл, уян зөөлөн зан чанар байдаг юм шиг санагддаг" хэмээнэ.

Гадуур хүүхдүүдээ хөтлөөд явахад хүмүүсээс эерэг үгийг их сонсдог талаараа хэлж байлаа. Тэд "Хүүхдүүдээ бүгдийг нь хөтлөөд цугтаа алхах шиг сайхан мөч үгүй. Харсан хүмүүс "Ийм залуухан аав ээжүүд үү. Хүүхдүүдтэйгээ цуг өтлөх нь дээ" гэлцдэг. Нэг нь байхгүй айлд хонох гээд явчихаар эвгүй санагдаад байдаг юм. Санагалзаад л. Олуулаа байгаад сурчихсан юм шиг байна лээ" гэв.

Тиймдээ ч тэд хүүхдүүддээ хүүхэд насыг л хайрлаж өгөхийг хүсдэг тухайгаа хэлж байв. Л.Батзориг "Одоохондоо хүүхдүүдээ хүүхэд хэвээр нь байлгахыг хүсдэг. Гэрийн ажил хуваарилж өгөөд ч юм уу нуруун дээр нь ачаа өгөхийг хүсдэггүй. Хамгийн гол нь өөрийгөө хаана ч илэрхийлдэг нээлттэй байгаасай гэж байгаасай гэж хүсдэг. Хүүхэд хүүхдээрээ тоглоод л явж байх нь сайхан. Учир нь энэ нас эргэж ирэхгүй шүү дээ. Түүнээс нь хумслаад байхыг хүсдэггүй. Хүсэл сонирхлыг нь дэмжихийг хичээдэг" гэлээ.

-Бид зогсож бас “төөрч“ болохгүй-

No description available.

...Амьдрал бол далай. Би өөрийгөө завь гэж бодвол тэрхүү завийг залуурчин нь миний эхнэр. Хүүхдүүд минь зорчигч. Бид хүүхдүүдээ зорьсон газарт нь аваачихын тулд би зогсохгүй, эхнэр маань төөрөхгүй л байх хэрэгтэй

Тэд цаг ямар ч хэцүү зүйлийг хүүхдийнхээ төлөө гэсэн итгэлээр туулж гарах ёстой хэмээн өөрсдийгөө зоригжуулна. Хариуд нь дэггүй, сахилгагүй, инээд хөөр цацраасан үрс нь аз жаргалыг хором бүрт өгнө. Л.Батзориг "Хүүхдүүдээ хараад "Зогсож болохгүй л" гэж боддог. Орой ядраад ирэхдээ хаалгаар цухуйв уу үгүй юу аав гээд л өөдөөс хүрээд ирцгээнэ. Хүүхдүүддээ ядарсан төрхөө харуулахгүйн тулд инээгээд л ирдэг. Гэртээ орж ирэхдээ асуудал бодохыг хүсддэггүй. Асуудлыг гэрийнхээ гадаа л үлдээхийг эрмэлздэг" гэж байв.

-Ямар ч үед бие биенээ гэсэн сэтгэлтэй байгаасай-

No description available.

Тэднээс асуулаа. "Та хоёр маань хүүхдүүддээ ямар нийгмийг бүтээж өгөхийг хамгийн их хүсэж байна вэ" гэж.

Тэд "Бидний зүгээс хүүхдүүддээ сайхан нийгмийг л бий болгож, бүтээлцэхийг хүсдэг. Нийгэм маань сайхан болоосой. Суурь хүмүүжил сайн байгаад нийгэм дээрх хүчин зүйлсээс шалтгаалан хүүхдэд ямар ч өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс сайхан нийгмийг үр хүүхдэдээ үлдээхийн төлөө залуу хүмүүс учраас зүтгэсээр л байх болно.

Мэдээж биет зүйлийг үлдээнэ. Цуглуулна, хуримтлуулна. Бидэнд маш том зорилго бий. Нөгөөтээгүүр биет бус зүйлийг ч бий болгохын тулд байгаа чадлаараа хичээнэ. Боловсрол, хүмүүжил төлөвшлийн хувьд ч тэр. Басхүү нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй байгаасай" гэж ярилаа.

ХОРИХ АНГИ: “Ээж нь охиноо сургуульд орохоос нь өмнө очно оо“
ХОРИХ АНГИ: “Ээж нь охиноо сургуульд орохоос нь өмнө очно оо“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.