“Цаг хугацаа харвасан сум мэт л өнгөрч байна” хэмээн ярих эмэгтэйчүүд. Ээж хэмээх эрхэм алдрыг хүртсэн ч хийсэн гэмийнхээ төлөө үнэрлэх үр, үнсүүлэх хань ижил, гэр бүлээсээ хол байгаа тэд хорихын хаалгаар гарах өдрөө хоног тоолон хүлээсээр л. Гэр бүлдээ хурдан очих хүсэл тээсэн эмэгтэйчүүдийн хувьд өнөөдөр уулзахыг хүссэн хайртай хүмүүсээ хамгийн ойроос харж, тэвэрч болох өдөр. Уулзалтын хугацаа богинохон. Гэхдээ энэ л хугацаа тэдэнд бэтгэрсэн, санасан сэтгэлээ дэвтээх хамгийн чухал мөч нь гэлтэй.
Товчхондоо, ШШГЕГ-ын харъяа эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нээлттэй хаалганы өдөрлөг болж буй нь энэ. Тус ангид өнөөдрийн байдлаар 190 гаруй хүмүүжиж байна.
- ЗАРЧИМ: Нэг гэр бүлээс ТАВ-
Энэ өдрийг хүлээх хугацаа нэг жил. Гэтэл цар тахлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд тус арга хэмжээг зохион байгуулах боломжгүй байв. Бусад үед хуульд заасны дагуу долоо хоногт 2-3 удаа эргэлт авдаг аж. Гэхдээ тэд ийм ойроос уулзахгүй гэдэг л бидэнд харагдах хамгийн тод зураглал. Маргааш Эх үрсийн баяр. Эл өдөр нэг хүмүүжигчийн гэрээс бичиг баримттай таван хүн дотогш нэвтэрч уулзах боломж олддог аж. Гэр бүлээс нь хүн ирж амжаагүй хүмүүжигч нар ч энд эгнэн сууна. Тэдний дотор юу болж байгааг үгээр илэрхийлнэ гэвэл хэцүү байх.
-Яаана аа, яарахгүй бол 14 цаг дөхөж байна...-
Хэрвээ тэр шидтэн байсан бол цаг хугацааг хэсэгхэн зуур ч болтугай зогсоомоор санагдсан байх. Олон шөнө зүүдэнд нь ирэхдээ “Та хэзээ ирэх вэ, санаад байна” хэмээх үгийг дайлгасаар ирсэн үрс нь түүн дээр өнөөдөр ирсэн. Урьд шөнө тэднийгээ ирэхийг нь хүлээсээр үүр цайлгасан гэх. Гуч гаруй насны залуу бүсгүй өөдөөс минь харан ийнхүү яриа өрнүүлэн сууна.
Бүсгүй хэцүү нэртийн хаалгыг татсанаас хойш хэдийнэ дөрвөн жил өнгөрч. Тиймдээ ч жилд ганцхан удаа л олдох өнөөдрийн “боломжийг” удаан хүлээжээ. Хүлээхээс ч аргагүй. Утас аль эсвэл шилэн хаалтны цаанаас харах төдий байсан тэдний уулзалт “амьтай” болно. Алганд нь багтдаг байсан жижигхэн гарыг нь барьж, тэднийгээ тэвэрч сэтгэлээ онгойлгох агшин их биш. Өдөрлөгийн үеэрх уулзалтын хугацаа 14:00 цагт дуусахыг зарлав. Цаг ч дөхөж. Тэр “Яаана аа, яарахгүй бол 14:00 цаг болох нь” хэмээн яарсан учиг үүнд л байв.
-Охиндоо өгсөн “НУЛИМСТАЙ” АМЛАЛТ-
Хэцүү нэртэд ямар хэргийн улмаас орж ирснийг би асууж зүрхэлсэнгүй. Харин бид түүнтэй охин, хүү хоёртойгоо уулзсан талаар нь ярилцав.
-Уулзалт авах өдрүүд байдаг ч өнөөдөр тэдэнтэйгээ биечлэн уулзана гэдэг ховорхон боломж. Энэ өдрийг та их үлээв үү?
-Энд байх өдөр хоногууд харвасан сум шиг л өнгөрч байна. Үр хүүхэдтэйгээ уулзана гэдэг хамгийн том жаргал шүү дээ. Өчигдөр бараг 04:00 цаг хүртэл унтахгүй байсаар үүр цайлгасан. Хүлээгээд л байсан.
-Санагалзаад л байв уу?
-Тийм ээ. Ирэх үед нь яах билээ гээд л.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-6-11 насны хоёр хүүхэдтэй.
-Их сэргэлэн охин байна лээ. Ээждээ зориулаад шүлэг уншиж өгсөн. Танд ямар сэтгэгдэл төрөв?
-Охиныгоо хоёр настай байхад нь энд орж ирсэн. Миний охин саяхан л хэлд орж байсан хүүхэд шиг л санагддаг. Тэгсэн өнөөдөр шүлэг уншаад, дуу дуулаад зогсож байна. “Ээждээ л хайртай “гэдэг.
-Охин нь юу ярьж байна?
-“Би таныг зөндөө их санасан. Хөдөө цуг явмаар байна. Саяхан цэцэрлэгийн төгсөлт болсон” гээд л хамаг сонин сайхангаа ярьсан даа.
-Ер нь охинтойгоо сүүлд хэзээ уулзсан байсан бэ?
-Сургууль амрах үеэр нь удаан хугацааны амралтаар гарч, гурав хоног дэргэд нь байж байгаад ирсэн. Баяр бүрээр утсаар ярьдаг. Ярихдаа “Та хэзээ ирэх вэ. Наадам, хүүхдийн баяр, шинэ жил аль эсвэл миний төрсөн өдрөөс өмнө ирэх юм уу” гээд л. Би охиндоо “Ээж нь сургуульд орохоос нь өмнө очно” гэж хэлсэн /нулимс/
-Бишүүрхэх тал ажиглагдаж байв уу. Очиход нь?
-Эхний хоногт нь ер юм ярьдаггүй. Хоёр дахь хоногоос нь ярьж эхэлнэ, дасна, эрхэлнэ. Тэгээд л гурав дахь хоног дээр нь би явахаас өөр аргагүй л дээ. 72 цагийн эргэлт болохоор явахаас өөр аргагүй. “Ээжээ та дахиад хэзээ ирэх вэ” гээд л асуугаад үлддэг.
-Нэгнийгээ гарахад өөрсдөө гарч буй мэтээр л баярладаг-
-Та өөрийгөө хэр завгүй байлгаж байна?
-Өөрийгөө маш их дайчилж байгаа. Бүх тусгай зориулалтын оёдлын машин дээр юм оёж чаддаг болсон. “Гадаа” гараад ч оёдлын талаар ажиллахаар өөртөө том хөрөнгө оруулалт хийсэн гэж бодож байгаа. Сар бүр шагналын арван хоногоо аваад явж байгаа.
-Энд байхад танд хамгийн их бодогдож байгаа зүйл нь юу вэ?
-Гэр бүл дээрээ л хурдан очих юм сан гэх бодол. Нэг хоногийн өмнө ч гэсэн гэртээ харина гэдэг бол хамгийн том жаргал. Өөрөө л хичээхэд боломжгүй зүйл гэж байхгүй. Сайн хичээж, шагналынхаа арван хоногийг аваад явж байгаа. Сайн хүмүүжиж, дахин алдахгүй байхын тулд хичээж байгаа, би. Энд ямар гэм хороор орж ирсэн, юун дээр алдсан гэдгээ ч ойлгож байгаа. “Гадаа” гарахдаа сайн ээж, сайн эгч, сайн хань ижил байхыг эрмэлзэж байна даа.
-Хүүхдүүд дээрээ очоод хамгийн түрүүнд юу хийнэ гэж бодож байна?
-Хамгийн түрүүнд хөдөө явна аа. Эмээгийнхээ нутаг руу хүүхдүүд, дүү нараа дагуулаад явна гэж бодож байгаа.
-Энд хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?
-Энд байгаа бүх л эмэгтэйчүүд их зүйлийг ухаарч, энэ өдрийг тэсэн ядан хүлээсэн. Гэр бүлээсээ хол байхын шаналлыг мэдэрч л яваа ядарсан эмэгтэйчүүд шүү дээ. Бүгд л нэг өдрийн өмнө ч болтугай үр хүүхдүүд дээрээ очих юм сан, гэртээ харимаар байна гээд л. Нэг нь гарахад өөрөө гарч байгаа юм шиг л баярлана. Хүмүүсийн бодож байгаа шиг муу ч хүмүүс байдаггүй юм шүү дээ.
Бид түүний удаан хугацаанд хүлээсэн “үнэтэй” боломжоос нь хулгайлахыг хүссэнгүй. Тэр үйлдвэрийн хаалгаар яаран гарахдаа нулимсаа арчаад, гүнзгий амьсгал авч харагдана. Охин, хүү хоёртоо нулимсаа үзүүлмээргүй байсан нь тэр аж. Ямартай ч тэр сургуульд орохоос нь өмнө очно гэх амлалт өгчээ. Шагналын хоногоо хасуулж, шийтгэгдсэн хугацаанаас нь харвал “наранд” гарах өдөр нь дөхсөнийг илтгэнэ.
-Хэрхэн ХҮМҮҮЖДЭГ вэ-
Тэд өдрийг хэрхэн өнгөрүүлдэг бол. Өглөө бүрийг цаг тооны бичиг болсон уулан дээрх он сарыг харж эхлүүлнэ. Хүмүүжигч эмэгтэйчүүд хийсэн гэмээ бодож өдрийг өнгөрөөдөггүй нь ойлгомжтой. Тэд хөдөлмөрөөр, боловсролоор, зан суртахуунаараа хүмүүждэг байна. Ингэхдээ зүгээр ч хорих ангидаа гар хумхин суудаггүй. Хөдөлмөрийн зэрэгцээ суралцана, басхүү эргэцүүлнэ. Энэ бол өөрсдийгөө завгүй байлгах басхүү хүмүүжих нэг явц нь.
-Тэд хөдөлмөрлөдөг-
2021 онд 60-80 хүмүүжигч буюу нийт эмэгтэй хоригдлын 38 хувь нь зөөлөн оёдол, гар урлалын чиглэлээр ахжлын байраар хангагджээ. Хөдөлмөр эрхлэлтийн ажлын үзүүлэлтүүдийн дийлэнх нь оёдлын үйлдвэрт байдаг аж. Оёдлын үйлдвэрт бүх төрлийн оёдлуудыг заана. Ингэхдээ 20 гаруй насны эмэгтэйчүүдийг гадаах ажилд, настай эмэгтэйчүүдийг болон жирэмсэн эмэгтэйчүүдийг цэвэрлэгээний ажилд, 30 гаруй насны эмэгтэйчүүдийг үйлдвэрт хуваарилдаг аж.
Хөдөлмөр хүнд хамгийн их тайтгарлыг өгдөг. Аргагүй юм. Хүн өөрийгөө завгүй байлгах нь сэтгэл зовоох асуудлаа хөдөлмөрт даатгаж, анхаарлаа төвлөрүүлэх боломж. Тэд өнөөдөр хорих ангид байгаа хэдий ч хөдөлмөрлөж, түүндээ тохирсон цалин хөлсөө ч авчихана. Шагналын хоног авах нь тэдний хувьд мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй “цалин”. Дүрэм, журмаа зөрчилгүй ажлаа сайн хийх нь шагналын 10 хоног авах боломжтой.
Энэ талаар 407-р нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын технологич М.Сувдмаа “Оёдлын үйлдвэрт бүх төрлийн бүтээгдэхүүн хийхийг заана. Зөөлөн, хатуу оёдол гэх мэт. Гар урлал ч бий. МСҮТ-өөс мэргэжлийн багш нар ирж сургалт явуулж, чадамжийн үнэмлэх олгодог.
Энд хэчнээн жилийн ял аваад орж ирэхдээ гэр бүл, үр хүүхдээ санаж бэтгэрч буй хүмүүс өдөрт хөдөлмөр гэх зүйлээр цаг хугацааг өнгөрүүлж чадаж байна. Ажлаа хийх хугацаандаа ирээдүйн амьдрал, цаашид бий болгох замаа гэгээлгээр харж чаддаг учраас ажилдаа ч дуртай, чин сэтгэлээсээ ханддаг. Нормоо хийнгээ цалингаа авна. Цалингаараа эндээс өөрт хэрэгцээтэй зүйлсээ ч авчихана. Түүнчлэн хохирол төлбөрөөсөө ч барагдуулан боломжтой байдаг.
Хүн хөдөлмөрөөр хамгийн том тайтгаралыг авдаг. Сэтгэлзүй талаас ч тогтворжуулж өгдөг” гэв.
-Тэд суралцдаг-
Хорих ангийн хаалга татсанаас хойш нийгэмтэй харилцах эрхээ хязгаарлуулсан ч тэд энд суралцах боломжтой байдаг аж. Энэ нь хүмүүжигч нарыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хийгддэг олон талт ажлуудын нэг. Тухайлбал, хүмүүжигч нар англи хэл, монгол бичгийн дугуйланд суралцаж, гар урлал, хөдөлмөрийн дадал олгох сургалтуудад ч шат дараатай хамрагддаг байна. Тус ангид хөдөлмөр эрхлэлт өндөр байгааг ч үүнтэй холбон тайлбарлаж болно. Бичиг үсэг мэддэг болоод суллагдсан хүмүүжигч ч байсан болохыг албаныхан онцолж байлаа.
-Тэд бясалгадаг-
Гэр бүл, үр хүүхдээсээ хол байгаа тэдэнд сэтгэл зүйн хувьд тулгардаг асуудлууд их. Тиймээс сэтгэл засал, нөхөн сэргээх чиглэлд олон ч сургалтуудад хүмүүжигч нар хамрагддаг байна. Тодруулбал, иог, бясалгал, хөгжим, зурган засал гэх мэт.
-Тэд орж ирэхдээ ч гарахдаа ч “хүмүүждэг”-
“Эндээс гараад зөв хүн болж амьдарна аа” хэмээн ярих эмэгтэйчүүд. Тэд дахин алдахыг хүсэхгүй. Тиймдээ ч суллагдаж гарах үед нь амьдралд ямар дадлууд хэрэгтэй вэ гэдэг талаас нь албаныхан ажилладаг. Ингэхдээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хуримтлал, хадгаламж хэрхэн үүсгэх, эрүүл мэндийн зөв дадал зуршил зэргээр мэдээлэл өгдөг аж. Түүнчлэн уур бухимдлаа хэрхэн зохицуулах, гэр бүлийн харилцаа, харилцааны зөрчил, согтууруулах ундаанаас татгалзах, хандлагаа өөрчлөх зэргээр сөрөг зан үйлээс татгалзах чиглэлийн сургалтыг хүмүүжигч нарт хийдэг байна.
-Өнөөдөр мөрдөх "дүрэм": ХАЙРТАЙ гэдгээ хэлээрэй-
60 л шүргэж яваа болов уу гэмээр ээжийнхээ гараас атган суух охин. "Ийм ч залуугаараа" хэмээн халаглан харах харц залуухан бүсгүйн дээр тусна. Гэхдээ эл өдөр бусдыг харах бус уулзахаар зорьж ирсэн нэгэндээ л бүхий л анхаарлаа төвлөрүүлэх гэр бүлийнхэн. Тэд өнөөдөр мөрдөх "дүрмээ" ягштал барьж байна. Бид хайртай гэдэг үгэнд харам. Харин өнөөдөр хүмүүжигч нар болоод тэдний гэр бүл хайртай гэдгээ хамгийн ойроос хэлэх боломжтой мөч нь.
Бид эл сурвалжилгаар амьдралд алдсан нэгнийг өрөвдүүлэх аль эсвэл уулзах агшинг өнгөц дүгнэхийн төлөө байсангүй. Алдаа гэдэг үг ч багадахаар гэм хийсэн ч түүнийгээ хариуг амьдралынхаа цаг хугацаагаар төлж буй эмэгтэйчүүд энд бий. Хэцүү нэртийн хаалга тогшсон хүндээ "цоожгүй". Хүмүүжигч нар ч хэлж байв. "Одоо л ухаараасай. Нэг буруу алхмын өмнө" гэж.