Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЯАМ: Бодлогын бичиг баримтыг батлахаас өмнө “Старлинк“ компанитай холбогдож САНАЛЫГ НЬ АВСАН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 54 секунд

Элон Маскын “Старлинк” компани 2023 оноос Монголд үйл ажиллагаагаа нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан иргэдийн дунд талцал үүсгээд буй. Энэ нь “Старлинк” компани Монголд үйлчилгээ эрхлэхийн тулд заавал дотоодын ААН-ээс түрээсийн үйлчилгээ авах ёстой. Ингэсэн нь гаднын ААН-ийг Монголд хөл тавих боломжийг хаасан үйлдэл боллоо гэх зэргээр шүүмжлэл гараад буй. Тиймээс энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоотой ярилцаж, дараах зүйлийг тодруулснаа хүргэе.

-“Старлинк” компанийн үйл ажиллагааг хязгаарласан заалтыг бодлогын бичиг баримтад тусгасан гэх шүүмжлэл гараад байна. Үүнийг танаас тодруулах гэсэн юм?

-Тийм зүйл огт байхгүй. Энэ бодлогын бичиг баримтыг боловсруулахын тулд ЦХХХ-ны яам болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын ерөнхий газар, салбарын байгууллагууд орж ажилласан. Бодлогын баримт бичиг гуравхан хуудас, хэдхэн зүйл заалттай мэт харагдах байх. Гэхдээ бүхэл бүтэн зургаан сарын хугацааг зарцуулсан маш чухал баримт бичиг. Үүнд, нам орбитын компаниуд Монголд үйлчилгээ эрхлэхийг хүсвэл интернэтийнхээ урсгалыг “А” буюу бөөний интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ААН-ээс авах ёстой гэж тусгасан байгаа. Энэ заалтыг иргэд буруу ташаа ойлгоод байна. Хэрвээ бодлогын баримт бичигт энэ заалтыг тусгаж өгөөгүй байсан бол дотоодын ААН-үүдийн эсэргүүцэлтэй тулгарах байсан. Өөрөөр хэлбэл, гаднын компанийн үйл ажиллагааг дэмжихийн тулд дотоодын хөрөнгө оруулалттай компаниудаа дэмжсэнгүй хэмээн бодлогын бичиг баримт батлагдахгүйд хүрнэ. Энэ тохиолдолд эсрэгээрээ боломж бүр хаагдана гэсэн үг.

Тиймээс бодлогын баримт бичиг дээр маш няхуур ажилласан. Энэ бичиг баримт батлагдаж байж л "Старлинк", "Oneweb", "Amazon", "Telstra" гэсэн компаниуд Монголд орж ирэх боломжтой болсон.

-Нэг талаасаа харах юм бол, дотоодын ААН-үүдийн эрх ашгийг хамгаалах гэсэн заалт гэж ойлгосон. Гэхдээ "Старлинк", "Oneweb", "Amazon", "Telstra" зэрэг компаниуд Монголд орж ирэх боломжийг хумчихаж байгаа юм биш үү?

-Үгүй. Энэ бодлогын баримт бичгийг батлахаас өмнө эдгээр компаниудын саналыг бас авсан. Эдгээр компанийн бизнес загвар нь бидний гаргасан бодлоготой нийцэж байгаа. Бодлого батлагдсаны дараа “Старлинк” компани энэ сарын 13-нд Монгол Улсын тэмдэглэгээг “ТУН УДАХГҮЙ” буюу цэнхэр өнгийн тэмдэглэгээтэй болгосон. Энэ нөхцөл байдал одоо ч хэвээрээ байгаа. Та бүхэн тус компанийн веб сайт руу нь ороод шалгаж үзэж бас болно.

-Тэгвэл "Старлинк", "Oneweb", "Amazon", "Telstra" гэсэн дөрвөн компани бодлогын баримт бичгийг хүлээн зөвшөөрөөд Монголд орж ирэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Ард иргэд санаа зовох хэрэггүй гэж ойлголоо, зөв үү?

-Зөв. Дээр нь нэг зүйл нэмж хэлэхэд, дэлхийд байхгүй бодлогын баримт бичиг батлачихсан юм шигээр зарим хүн яриад байна. Үгүй шүү дээ. Би Австрали улсад суралцаж, төгссөн. Тэндэхийн нөхцөл байдлыг сайн мэднэ. “Старлинк” компани төслөө хамгийн эхэнд эхлүүлсэн улсуудын нэг нь Австрали улс. Австрали улс манай Монголоос 5-6 дахин газар нутагтай. “Старлинк” компани тэнд нийт 32 ширхэг газрын станц байгуулсан.

Яагаад газрын станц байгуулж байна вэ гэдгийг уншигчдад зориулж маш энгийнээр тайлбарлаж өгье. Хиймэл дагуулд өөрт нь интернэт байдаггүй. Тиймээс газрын станц байгуулж тухайн хиймэл дагуулыг интернэттэй болгодог. Тиймээс л энэ газрын станц нь заавал Монгол улсад байгуулагдах ёстой, уг газрын станц нь MIX буюу Mongolian Internet Exchange-тэй холбогдох гэсэн шаардлага тавьсан. Дэлхийн бусад орнууд ч “Старлинк”, “Oneweb”, “Amazon”, “Telstra” гэсэн дөрвөн компани яг ийм шаардлага тавьдаг. Тэд хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутаг орчимд ямар харилцаа холбооны компанийн интернэт байна тэдгээр компаниудтай нь нам орбитын дээрх компаниуд харилцан холбогдож хамтарч ажилладаг.

-Монгол Улсад “А” ангиллын тусгай зөвшөөрөлтэй хэчнээн ААН байдаг юм бэ?

-Гурван ААН бий. Төмөр замын “Райлком” болон “Мобиком”, “Жемнэт”. Эдгээрээс Төмөр замын тусгай зөвшөөрөл цуцлагдсан байж магадгүй. Зохицуулах хорооноос асуусан нь дээр байх.

-“Старлинк” компани “А” ангиллын зөвшөөрөлтэй ААН-ийн интернэтийн үйлчилгээг түрээслэх юм уу, эсвэл “А”, “Б”-гийн аль нь ч байж болох юм уу. Хүмүүс янз бүрээр ярих юм?

-Нэг ёсондоо ийм юм. Манай улс нь ОХУ, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй улс хоорондын шилэн кабелийн сүлжээтэй холбогдож бусад улстай харилцан холбогддог. Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг “Мобиком”, “Жемнэт” гэсэн хоёр компани авсан байдаг. Энэ хоёр компани нь гаднын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас интернэтийг худалдаж авдаг гэсэн үг. Харин эдгээр компаниудаас Монголын “Б” ангиллын тусгай зөвшөөрөлтэй 70 гаруй ААН худалдаж аваад эцсийн хэрэглэгчдэд хүргэдэг. Дэлхий дээр нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээг “Старлинк”, “Oneweb”, “Amazon”, “Telstra” гэсэн дөрвөн компани үзүүлдэг гэсэн дээ. Эдгээр компани хэрвээ Монгол Улсад жижиглэнгийн үйлчилгээ эрхлэхийг хүсвэл “Б” ангиллын тусгай зөвшөөрөл авч болно. Ямар ч асуудалгүй.

-Яагаад?

-Харилцаа холбооны салбар бол стратегийн ач холбогдолтой салбар. Энэ утгаараа үндэсний ААН үйл ажиллагаа явуулах учиртай. Гэхдээ нэг зүйл бий. Испанид “Старлинк”-ийнхэнтэй уулзах үеэр тэд хэзээ ч хөгжиж байгаа улс орнуудын эцсийн хэрэглэгчтэй харьцдаггүй гэсэн.

-Тэд Монголд салбараа нээж үйл ажиллагаа явуулах уу?

- Старлинк дээр жишээ авахад “Старлинк” компани Монголд жижиглэнгийн үйлчилгээ эрхлэх болбол энд оффисоо байгуулах шаардлагатай. Дээр нь инженер, техникийн ажилчид авч ажиллуулна, үйлчилгээ үзүүлэх урсгал зардал энэ тэр олон зүйл шаардагдана. Гэтэл “Старлинк”-ийн үндсэн төлбөр нь сарын 499-ээс 599 ам.доллар. Дээр нь сарын хураамж нь 99-ээс 110 ам.доллар болж өссөн. Ийм өндөр төлбөртэй үйлчилгээг хүн ам цөөн, хөгжиж буй орнуудад авах хэрэглэгчийн тоо харьцангуй бага байдаг учраас тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын ААН-тэй хамтардаг. Үүнийг бид тогтоогоод байгаа юм биш. Тухайн байгууллага өөрсдөө судалж үзээд ийм бизнес моделиор явдаг юм билээ.

Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд болох арга хэмжээний ХӨТӨЛБӨР
Хүүхдийн баяраар Сүхбаатарын талбайд болох арга хэмжээний ХӨТӨЛБӨР
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.