Хууль бус газар олголттой холбоотой асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулах асуудалд "толгой цохидог" хэвээр. Иймд бид газар ашиглах эрх нь цуцлагдсан хойно дур мэдэн зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоосон хэдий ч удаа дараа хууль бус үйлдлээ давтсаар байгаа МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүлийн үйлдлийн талаар хоёр цуврал сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн.
Эргэн сануулъя.
1. МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн эхнэр Б.Нарантуяа нь 2015 онд Зайсангийн ам дахь Дархан цаазат газарт аялал жуулчлалын чиглэлээр авсан 0.8 га газартаа хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул газар ашиглах эрхийг нь 2021 БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан. Гэсэн хэдий ч газар ашиглах эрх нь хэдийнэ цуцлагдсан байхад барилгын ажил эхлүүлсэн
2. Барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас аваагүй.
3. Эл хууль бус үйлдлийг зогсоохоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас НМХГ болон Экологийн цагдаагийн албанд албан бичиг илгээсэн
Тэгвэл МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүлийн хууль бус үйлдлийг зогсоохоор хүргүүлсэн арга хэмжээ тооцуулах тухай албан бичигт НМХГ болон Экологийн цагдаагийн алба ЯМАР хариу өгсөн талаар болон цаашид авах арга хэмжээний талаар бид нэхэн сурвалжиллаа.
-Газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гарч байж улс газраа буцаан авна-
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Г.Барайшираас тодрууллаа.
-Танайхаас иргэн Б.Нарантуяагийн удаа дараа гаргаж буй хууль бус үйлдэлд арга хэмжээ тооцуулах тухай албан бичгийг НХМГ болон Экологийн цагдаагийн албанд хүргүүлсэн. Албан бичгийн хариу ирсэн үү?
-Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Экологийн цагдаагийн алба, НХМГ-т "арга хэмжээ тооцуулах тухай" албан бичгийг хүргүүлсэн. Тухайн байгууллагууд албан бичигэтэй танилцаад хариу ирүүлсэн.
Тодруулбал, МХЕГ-аас дөрөвдүгээр сарын 21-нд, Экологийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 3-ны өдрүүдэд тус тус албан бичгийн хариу ирүүлсэн. Ингэхдээ МХЕГ нь газар эзэмших эрх нь дуусгавар болсон газарт хууль бус үйл ажиллагаа явуулж буй эл үйлдэлд Газрын тухай хууль болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Харин Экологийн цагдаагийн албанаас тус үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан саналтай материалыг Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
-Хан-Уул дүүргийн Засаг дарга руу газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргуулах хүсэлтийг хүргүүлсэн-
-Мэргэжлийн байгууллагуудаас албан бичиг буцжээ. Тэгвэл цаашид ямар арга хэмжээ авах вэ. Мэдээж улс газраа буцаан авах чиглэлд бүхий л арга хэмжээ авах байх?
-Одоогоор Хан-Уул дүүргийн Засаг дарга руу газрыг албадан чөлөөлүүлэх захирамж гаргуулах хүсэлтийг хүргүүлж байгаа. Хууль бус үйлдэл гаргаж буй иргэдийг өөгшүүлж болохгүй гэх байр сууринаас л эл асуудалд хандаж байгаа. Мэдээж улс газраа буцаан авна.
-Иргэн Б.Нарантуяа нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын эхээс барилгын ажлаа үргэлжлүүлэх үйлдлийг удаа дараа гаргасныг танай байцаагч нар очиж, таслан зогсоосон гэж байсан. Түүнээс хойш энэ мэт үйлдлээ дахин гаргасан уу?
-Барилгын ажил үргэлжлүүлэхийг оролдсон үйлдлээ дахин гаргасан. Тухай бүрт нь Зайсангийн ам хариуцсан байгаль хамгаалагчид зогсоож, шаардлага тавьсан.
-Ер нь өмнө газар ашиглах эрх нь дуусгавар болсон газарт баригдаж буй барилгыг албадан буулгаж газрыг нь чөлөөлүүлсэн тохиолдлууд гарч байсан уу?
-Өмнө Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байсан гурван давхар карказ төмрийг албадан буулгуулж байсан. Үүнтэй адилаар эл газарт мэргэжлийн хяналт, Засаг дарга болон газрын албад хамтран ажиллана. Албадан буулгах захирамж гарч байж л барилгын ажлыг бүрэн зогсоож, улс газраа буцаан авах боломж бүрдэнэ.
-Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн албан бичигт Экологийн цагдаагийн алба, НХМГ дараах хариуг өгчээ-
-Хуультай улсад дураараа аяглагчидад ХЭН хариуцлага тооцох вэ-
Ингэхдээ газар ашиглуулах эрхээ өгсөн хэр буцаан авах үедээ асуудал, маргаан дагуулж тэр нь даамжирсаар хуулийн байгууллагын өмнө очоод ТӨР "унадаг" байдал ажиглагдах болсон. Энэ мэт газартай холбоотой маргаанд хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд бус эсрэгээрээ ашиглах эрх олгосон мэргэжлийн байгууллага хүчгүйддэг жишиг манай улсад л байдаг байх. Одоогийн нөхцөлд Засаг даргын газар чөлөөлүүлэх албан бичиг гарахыг л мэргэжлийн байгууллагууд нь хүлээж таарав. Нэг газрын асуудлыг шийдвэрлэхэд л ийм удааширалтай, хүндрэлтэй хандвал энэ мэт олон кейсүүд ширээн дээр тоосондоо дарагдаж үлдэх вий. Түүнийг хэн ч сөхөхгүй.
Монгол Улсын иргэн газар эзэмших, өмчлөх эрхтэй. Гэвч үнэн хэрэгтээ, дархан цаазат газраа ашиглуулах нэрийдэл дор алдсаар байх уу гэх асуудал ч урган гарч байгааг дахин хэлэх нь зүй. Үл хөдлөх барьчихвал улс газраа авч чадахгүй, хувийн өмчид халдсан хэрэг болж шүүхийн шатанд БОАЖЯ унахаас хэтрэхгүй гэх бодолтой хүмүүст ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ УЛС гэдгийг нотлоно уу, БОАЖ-ийн сайд аа.
Бид эл асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилж, мэдээллийг хүргэх болно.
Өмнөх сурвалжилгуудыг дараах холбоосоор орж унших боломжтой
-СУРВАЛЖИЛГА: МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүл ашиглах эрхийг нь цуцалсан тусгай хамгаалалттай газарт хууль бус барилга барихыг завдаж байна
-ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүлийн хууль бус үйлдлийг зогсоохоор НМХГ болон Экологийн цагдаагийн албанд албан бичиг илгээжээ