Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүлийн хууль бус үйлдлийг зогсоохоор НМХГ болон Экологийн цагдаагийн албанд албан бичиг илгээжээ

Ангилал
 Хууль эрх зүй Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 36 секунд

Дархан цаазат Богдхан уул эрх мэдэлтнүүдийн гарт орж, өдрөөс өдөрт сүйдсээр байна. Үүний ердөө нэг жишээ болгож, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн гэр бүл ашиглах эрхийг нь цуцалсан тусгай хамгаалалттай газарт хууль бус барилга барихыг завдаж байгаа талаар сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн.

Тодруулбал, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн эхнэр Б.Нарантуяа нь 2015 онд Зайсангийн ам дахь Дархан цаазат газарт аялал жуулчлалын чиглэлээр авсан 0.8 га газартаа хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй тул газар ашиглах эрхийг нь 2021 БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан. Гэсэн хэдий ч газар ашиглах эрх нь хэдийнэ цуцлагдсан байхад барилгын ажлыг үргэлжлүүлэхээр удаа дараа завдсан аж. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Ингэхдээ барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас аваагүй талаар албаны эх сурвалжаас тодруулан хүргэсэн. Тэгвэл газар ашиглах эрхгүйгээр Тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулж буй эл үйлдэлд салбар яам, мэргэжлийн байгууллагууд нь хяналт тавьж байгаа эсэхийг нэхэн сурвалжиллаа.

-Газар ашиглах, хүчингүй болгох эрх нь байдаг ч барьчихсан үл хөдлөхийг албадан нураах эрх нь БОАЖЯ-нд байдаггүй-

Газар ашиглах эрх нь дуусгавар болсон хэсэгт үл хөдлөх хөрөнгө барих нь ХУУЛЬ ЁСНЫХ УУ. Энэ чиглэлд Байгаль орчин, аялал жуулчлалын яам ямар мэдээлэлтэй байгаа талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын газар ашиглалтын мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтөрөөс тодрууллаа.

-Иргэн Б.Нарантуяад олгосон Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүс хэсэгт зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэхээр завдаж буй асуудал байна. Энэ тал дээр яам ямар мэдээлэлтэй байна вэ?

-2015 онд буюу БОАЖ-ын сайд Н.Батцэрэгийн үед иргэн Б.Нарантуяад Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт 0.8 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр олгосон байдаг.

Тухайн иргэнд олгосон газрыг 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн А50 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосны дараахан зөвшөөрөлгүй болгосон газарт барилгын ажил эхлүүлж байна гэх мэдээлэл ирсэн.

Мэдээллийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Экологийн цагдаагийн алба руу албан бичиг явуулсан юм билээ. Тухайн үед хариу ирээгүй. Ийнхүү энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр НХМГ болон Экологийн цагдаагийн алба руу арга хэмжээ тооцуулах хүсэлт бүхий албан бичгийг дахин илгээсэн. Албан бичгийн хариу одоог хүртэл ирээгүй байгаа.

-Тэгэхээр газар ашиглах эрх нь цуцлагдчихсан байх үед дур мэдэн барилгын ажил эхлүүлсэн гэсэн үг үү?

-Тийм. Хамааралгүй болчихсон газарт үл хөдлөх хөрөнгө барьж эхлүүлсэн гэсэн үг шүү дээ. Энэ нь газрын харилцаатай холбоотой хуулиудад үл хөдлөх барьсан тохиолдолд улс газраа буцаан авч чадахгүй байх ойлголт байгаад байгаатай холбоотой. Иймдээ ч тухайн иргэн газар ашиглах эрхгүй хэр барилга бариад байгаа юм.

Ингэхдээ байгаль хамгаалагчдын шаардлагыг үл тоон шөнө оройн цагаар барилгын ажлыг үргэлжлүүлэх зөрчил гараад байгаа юм. Тиймээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас арга хэмжээ тооцуулах тухай албан бичгүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.

-Хууль бус газрын харилцаатай холбоотой эл асуудалд хууль эрх зүйн орчинд БОАЖЯ ямар байдлаар оролцдог юм бэ?

-БОАЖЯ-нд газар ашиглах эрхийг олгох, хүчингүй болгох эрх нь байдаг. Гэтэл тухайн газарт иргэн нь хашаа, үл хөдлөх барьчихсан тохиолдолд албадан нураах эрх нь бидэнд байдаггүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, газрын албанд энэ эрх бий.

-Хүчингүй болсон газарт дур мэдэн ямар ч барилгын ажил эхлүүлсэн нь МУ-ын хууль тогтоомжийг бүрэн зөрчиж буй үйлдэл-

-Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг аваагүй гэж байсан. Тэгэхээр барилгаа ч зөвшөөрөлгүй эхлүүлсэн болж таарах нь?

-Тийм ээ. Товчхондоо, тус компани нь уулын энгэрт дур мэдэн ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн гэсэн үг.

-Энэ төрлийн газрын харилцааны маргаан танай яаманд хэр их ирдэг вэ. Шүүхийн шатанд очвол маргаан хэрхэн шийдвэрлэгддэг юм бэ?

-Шүүхийн шатанд ихэвчлэн БОАЖЯ унадаг. Энэ төрлийн газрын маргаанаар манайд их ханддаг. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг нь цуцалсан хэдий ч өмнө хэлсэнчлэн ямарваа нэгэн объект барьчихсан байвал эзэд нь та нар өмчид халдсан, нураагаад мөнгийг нь өгөх юм уу гэсэн байдлаар хандах тохиолдол ч байна.

-Тухайн газарт одоогийн байдлаар барилга баригдаад эхэлчихсэн нөхцөл байдалтай байна. Тэгвэл улс газраа эргүүлж авах чиглэлд хэрхэн ажиллах юм бэ?

-Эл асуудалд манай яам НМХГ, Экологийн цагдаагийн газартай хамтран ажиллаж, бүхий л арга хэмжээг авна. Барилгыг нь албадан нураах зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас аваад, захирамж бичиг гаргуулах шаардлагатай байна. Энэ нь Монгол Улсын хууль тогтоомжийг бүрэн зөрчиж буй үйлдэл болж буй юм. Хуульгүй оронд амьдарч байгаа мэт аашилж байна.

-Торгох, барилгыг албадан нураах, нөхөн сэргээлт хийлгэх хүртэлх арга хэмжээг авахаар ажиллана-

-Газар ашиглах эрхийг нь цуцалснаас хойш барилга барих хүртэлх хугацаанд тухайн иргэнд ямарваа нэгэн шаардлага хүргүүлсэн зүйл байдаг юм уу. Нөгөөтээгүүр, энэ хугацаанд тухайн газарт нөхөн сэргээлт хийсэн хэсэг бий юу?

-Иргэн Б.Нарантуяад газар ашиглах эрхийг нь цуцалж буй шийдвэрийг албан ёсоор мэдэгдэж, гэрээ гэрчилгээг нь хураан авсан. Тусгай хамгаалалтын тухай хуульд газраа буцаан улсад хүлээлгэж өгөх хугацаа нь 90 хоног байдаг. Энэ хугацаанд тухайн газарт нөхөн сэргээлт хийж, улсад хүлээлгэн өгөх ёстой.

-Цаашид газрын харилцаа хэрхэн үргэлжилэх вэ. Барилгыг албадан буулгах чиглэлд ажиллахаас гадна торгууль оногдуулах уу?

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, БОАЖЯ, МХЕГ, Экологийн цагдаагийн алба хамтарч хяналт шалгалтаа хийж, торгуулийн арга хэмжээг авна. Мөн тухайн газарт баригдсан барилгыг албадан нураах, нөхөн сэргээлт хийлгэх хүртэлх арга хэмжээ яригдана.

-Хүчингүй болсон газарт хориглосон үйл ажиллагаа явуулж буй нь хуулийн ямар заалтуудыг зөрчив-

Зайсангийн аман дахь газар ашиглалттай холбоотой асуудлыг салбар яам нь хуулийг уландаа гишгэлж буй үйлдэл тул хариуцлагын бүхий л арга хэмжээг авч ажиллана гэх байр суурийг илэрхийлж байна. Тэгвэл хүчингүй болсон газарт хориглосон үйл ажиллагаа явуулж буй нь Монгол Улсын хууль тогтоомжийн ямар заалтуудыг зөрчиж буйг харуулъя.

-Хууль бус үйлдэлд арга хэмжээ тооцуулах тухай албан бичгийг Экологийн цагдаагийн алба, НХМГ-т хүргүүлсэн ч одоо хүртэл хариу ирүүлээгүй-

Албаны хүний өгсөн мэдээллээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Экологийн цагдаагийн алба, НХМГ-т "арга хэмжээ тооцуулах тухай" албан бичгийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, албан бичиг хүргүүлснээс хойш 16 хоног өнгөрчихөөд байхад НХМГ ч, Экологийн цагдаагийн албанаас хариу алга. Хууль бус газар олголттой холбоотой асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулах асуудалд "толгой цохидог" хэвээр. Гэтэл хяналт тавих мэргэжлийн байгууллагууд нь эл асуудалд хайхрамжгүй хандсаар байвал энэ улсад хууль дээдлэх хүн олдохоо болих биз. Мэдээж Монгол Улсын иргэн газар эзэмших, өмчлөх эрхтэй. Гэвч үнэн хэрэгтээ, дархан цаазат газраа ашиглуулах нэрийдэл дор алдсаар байх уу гэх асуудал ч урган гарч байна. Үл хөдлөх барьчихвал улс газраа авч чадахгүй, хувийн өмчид халдсан хэрэг болж шүүхийн шатанд БОАЖЯ унахаас хэтрэхгүй гэх бодолтой хүмүүст ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ УЛС гэдгийг нотлох хэмжээний хариуцлагатай байна уу, БОАЖ-ийн сайд аа.

-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Экологийн цагдаагийн алба, НХМГ-т "арга хэмжээ тооцуулах тухай" дараах албан бичгийг хүргүүлжээ-

Бид эл асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилж, мэдээллийг хүргэх болно.

Өмнөх сурвалжилгыг энд дарж уншина уу.

Ц.Янжиндулам

Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
 
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Осолд орж нас барсан 4 хүний хоёрынх нь хэн болохыг ТОГТООЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.