Богдхан уулын Дархан цаазат газарт хамаарах хэсэгт хууль бусаар газар ашиглах зөвшөөрлийг өөрчилж, зориулалтын бусаар буюу хаус хороолол барьж худалдан борлуулдаг хамгаалалтын бүсийг өөрчилдөг зэрэг асуудлууд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шамбала” хотхоны зүүн урд талд байрлах Зайсангийн аманд уулын төглийг тэгшилж барилгын ажлыг хэдийнэ эхлүүлжээ.
Барилгын ажил өнгөрсөн жил зогсож, үргэлжлээгүй. Гэвч саяхнаас барилгын ажлыг эхлүүлэхийг оролджээ. Ингэхдээ тус хэсэгт саяхан авчирч буулгасан бололтой барилгын материалууд эгнэсэн байв. Тэгвэл зогсонги байсан барилгын ажлыг яагаад дахин эхлүүлэх гэж байна вэ. Энэ талаар барилга хариуцсан хүмүүсээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзаж, эрс эсэргүүцсэн үйлдлийг удаа дараа гаргасан юм.
Асуудал, маргаан дагуулсаар ирсэн газар олголттой холбоотой асуудлуудын ердөө нэг нь энэ. Тэгвэл тус газрын газар олголт хууль ёсных эсэх, барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрөл нь бүрдсэн эсэхийг сурвалжиллаа.
-МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн эхнэр Б.Нарантуяа нь 2015 онд Зайсангийн ам дахь Дархан цаазат газарт аялал жуулчлалын чиглэлээр газар авчээ-
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно" гэж заасан байдаг.
Ингэхдээ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан 64 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгох тухай тушаалыг тухайн үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэг гаргажээ. Үүний дотор бидний сурвалжилж буй эл газар ч багтсан байдаг. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсангийн аман дахь 0.8 га газрыг ашиглах эрхийг иргэн Б.Нарантуяад олгожээ. Ингэхдээ аялал жуулчлалын чиглэлээр ашиглана хэмээн зориулалтаа тодорхойлсон байдаг. Тус хавьд ажилладаг гэх барилгын дотоод заслын ажилчдын хэлж буйгаар барилгын скиз зургийг харахад сувиллын зориулалттай байсан гэх мэдээллийг өгсөн юм.
Ташрамд дурьдахад, анх газар ашиглах эрхийг авсан гэх иргэн Б.Нарантуяа нь Монголын Үндэсний Ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлийн эхнэр юм. Газар ашиглах эрх нь хүчин төгөлдөр, зөвшөөрөлтэйгээр барилгын ажил эхлүүлсэн бол энд үг хэлэх ч илүүц байв. Гэвч газар ашиглах эрх нь хэдийнэ цуцлагдаж, барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэх зөвшөөрлөө ч аваагүй хэрнээ саяхнаас барилгын ажил эхлүүлэхийг оролдож байгаа талаарх гомдлыг иргэд ирүүлсээр байгаа юм.
-2019 онд 0.45 га газрыг нь хэсэгчлэн цуцлах шийдвэр гарсан-
Зайсангийн ам дахь хязгаарлалтын бүсэд иргэн Б.Нарантуяад олгосон 0.8 га газрын 0.45 га газрыг хэсэгчилэн цуцлах шийдвэрийг 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат гаргажээ. Тодруулбал, 0.8 га газраас 0.45 нь ойн сан бүхий газартай давхсан тул улсын мэдэлд буцаан авахаар болсон аж. Харин үлдсэн 0.35 га газрыг ашиглах эрхийг хүчинтэй хэвээр үлдээсэн байдаг. Ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй тул улс эл шийдвэрийг гаргасан. Харин тухайн үед барилгын ажил хэдийнэ эхэлчихсэн байжээ.
-Ойн хамгаалалтын бүс зөрчсөн үндэслэлээр 2021 онд газар ашиглах эрхийг нь цуцалсан-
Ийнхүү асуудал үргэлжилсээр 2021 онд тус газраас үлдсэн 0.35 га хэсгийн газар ашиглах эрхийг цуцалсан байна. Тодруулбал, Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нэр бүхий 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох шийдвэрийг 2021 оны хоёрдугаар сарын 18-нд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн үед гаргажээ. Тухайн нэр бүхий 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд иргэн Б.Нарантуяад Зайсангийн аманд олгосон гэх 0.8 газрын 0.35 га талбайн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр багтсан байна. Ингэхдээ дараах зөрчлүүдийг гаргасан тул газар ашиглах эрхийг цуцалжээ. Үүнд:
- Газрын тухай хуулийн 40.1.5 /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй/
- Газрын тухай хуулийн 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/
- Ойн хамгаалалтын бүс зөрчсөн /Ойн тухай хуулиар "ойн сан"-д ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчинг хамаатуулан үзэх бөгөөд эл хэсэгт хориглох үйл ажиллагааг зөрчсөн/
Товчхондоо, иргэн Б.Нарантуяа нь аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах эрхийг авсан боловч хууль зөрчсөн хэд хэдэн үндэслэлтэй холбогдуулан эрх нь цуцлагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад тус хэсэгт барилгын ажлыг дахин эхлүүлэхээр завдсан гэсэн үг.
“Газар ашиглах эрх нь цуцлагдсан газарт дахин барилгын ажил эхлэхтэй холбоотой иргэдийн мэдээллийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон”
Зайсангийн ам дахь эл газрын газар олголттой холбоотой мэдээллийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Төмөр-Очироос тодрууллаа.
-Зайсангийн аманд газар ашиглах эрх цуцлагдсан газарт барилгын ажил дахин эхлэх гэж байгаа талаар мэдээлэл байна. Тус хэсэг дэх газрын харилцаа ямар түвшинд байна вэ?
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А443 дугаар тушаалаар Зайсангийн аманд 0.8 га газрыг иргэн Б.Нарантуяад газар ашиглах эрхийг олгосон байдаг. Газар ашиглах тусгай зөвшөөрөл олгосноос хойш хяналт шалгалт хийж үзсэний дүнд хууль зөрчиж олгогдсон тул газар ашиглах эрхийг 2021 оны А50 дугаар тушаалаар цуцалсан. Газар ашиглах эрхийг цуцалснаар тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй, холбогдох хууль журмын дагуу газрыг нөхөн сэргээж, улсад буцаан өгөх үүрэг хүлээнэ. Тухайн газарт үйл ажиллагаа дахин эхлүүлэх гэж байна гэх иргэдээс ирсэн гомдлын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны зүгээс холбогдох мэргэжилтнүүд очиж ажилласан. Ингэхдээ үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Мөн Экологийн цагдаагийн алба болон Мэргэжлийн хяналтын газарт албан хүсэлтүүдийг хүргүүлсэн.
-Дархан цаазат газарт газар ашиглах эрхийг ямар зохицуулалтаар олгодог юм бэ. Тус газрын тухайд анх ямар зориулалтаар зөвшөөрлийг олгосон байдаг вэ?
-Дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог. Тэгэхээр аялал жуулчлалын чиглэлээр олгогдсон гэсэн үг.
-Хууль бус үйл ажиллагаатай холбоойтоор газар ашиглах эрхийн цуцалсан талаар та хэллээ. Үүнийг тодруулбал?
-Холбогдох газруудаас барилгын үйл ажиллагаа эхлүүлэхтэй холбоотой зөвшөөрлүүдийг авах ёстой. Мөн ойн тухай хууль зөрчиж олгогдсон. Түүнчлэн газрын холбогдолтой бусад зүйл заалтуудыг зөрчсөн учраас газар ашиглах эрх нь цуцлагдсан.
-Барилгын ажлаа буцаан эхлүүлэх гэж байсан. Тэгвэл эхлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг хаанаас олгосон хэрэг вэ?
-Холбогдох бичиг баримтаа бүрдүүлээд, барилгын үйл ажиллагаатай холбоотой ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгоно. Тодруулбал, барилгатай холбоотой скиз зураг төсөлтэй байх ёстой гэсэн үг. Зураг төсөл нь байхгүй бол барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдохгүй гэсэн үг.
-Тухайн газарт зөрчил үүсэх үед газар ашиглах эрхийг авсан нэр бүхий хүнээс тайлбар авч байсан уу?
-Захиргааны хэм хэмжээний акт гаргахтай холбоотой Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа болон мэдэгдэх бүх процессийг хийсэн.
“2021 онд Богдхан уулын дархан цаазат газраас 280 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг цуцалсан”
-Ер нь Богдхан уулын дархан цаазат газарт хууль бус газар олголттой холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Тэгвэл энэ чиглэлд танайхаас ямар арга хэмжээг авч ажиллаж байна вэ. Мөн газрыг зориулалтын бусаар ашигласан энэ мэт зөрчлүүд хэр их бүртгэгддэг вэ?
-Манай Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны газар холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттайгаар арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2021 онд 280 иргэн ААН байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан. Мөн газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй холбогдох хууль тогтоомжийн зүйл заалтыг зөрчсөн асуудлууд гаргасан иргэн ААН-үүдийн судалгааг гаргаж салбар яамд хүргүүлэхээр ажиллаж байгаа.
“Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн”
Хууль ёсны хүрээнд газар ашиглах эрх нь цуцлагдсан, тусгай зөвшөөрлийг сэргээгээгүй. Тэгвэл барилгын ажил эхлүүлэх бол үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон уу. Энэ талаар бид Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бумнямаас тодрууллаа.
-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд газар ашиглах тусгай эрх нь цуцлагдсан газарт барилгын ажил эхлүүлэх гэж байгаа талаарх мэдээлэл байна. Тус газарт хэдийнэ барилгын карказ бий болсон, үргэлжлүүлэхээр барилгын материал авчирсан нөхцөл байдал харагдсан. Тус газар дахь барилгын ажлыг эхлүүлэх болон үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг танайхаас олгосон уу?
-Тус хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газраас гарсан архитектур төлөвлөгөөний даалгавар, скиз зургийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэхтэй холбоотой олгогдсон эрх зүйн баримт бичиг байхгүй.
-Ер нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг ямар процессоор олгодог вэ?
-Юун түрүүнд, архитектур төлөвлөлтийн даалгавар гарах ёстой. Ингэхдээ тухайн иргэн, ААН байгууллага хүсэлтээ өгөх ёстой. Тодруулбал, барилгын зураг төслөө өгсний дагуу мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гарч, архитектур төлвөлөлтийн даалгавар гардаг. Энэ тохиолдолд барилгын ажил эхлүүлэх зөвшөрлийг олгодог. Ажил эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн тохиолдолд албан шаардлага хүргүүлж ажиллана.
-Тэгэхээр тус газарт барилгын ажил эхлүүлэх болон үргэлжлүүлэхтэй холбоотой ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар байхгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн байна.
-МҮАН-ын Б.Цогтгэрэл гэж хэн бэ-
Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дархан цаазат газарт барилга эхлүүлсэн, газар ашиглах тусгай зөвшөөрлөө сэргээгээгүй байхдаа үйл ажиллагаа явуулахыг оролдож буй иргэн Б.Нарантуяагийн нөхөр МҮАН-ын Б.Цогтгэрэл гэж хэн бэ. Эргэн сануулъя. Монголын Үндэсний ардчилсан нам бол бидний мэддэгээр Ерөнхий сайд асан М.Энхсайханы удирдаж байсан нам. 2016 онд М.Энхсайхан Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох үеэр МҮАН-ын даргаар ЕНБД-аар ажиллаж байсан Б.Цогтгэрэл сонгогдсон байдаг. Б.Цогтгэрэл нь эдийн засагч, хуульч мэргэжилтэй, ИНЕГ-ын Эдийн засгийн зохицуулалтын алба, Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд, Шадар сайдын зөвлөх зэрэг албан тушаал хашиж байжээ.
-Өдрөөс өдөрт сүйдсээр байгаа Богдхан уулаа анхаарах шаардлагатай байна, Б.Бат-Эрдэнэ сайд аа-
Дархан цаазат Богдхан уул эрх мэдэлтнүүдийн гарт орж, өдрөөс өдөрт сүйдсээр байна. Үүний ердөө нэг жишээ нь л бидний сурвалжилсан эл газар. Иймд цаашид газар ашиглах эрхээ зориулалтын бусаар ашигласан, зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа эхлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын энэ мэт асуудлуудыг салбар яам болон БОАЖ-ын "шинэхэн" сайд Б.Бат-эрдэнэ анхааралдаа авах шаардлагатай байна. Бид уг асуудлыг нэхэн сурвалжилна. Мөн мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс БОАЖЯ болон иргэн Б.Нарантуяагаас тодруулга мэдээллийг авч хүргэх болно.
Ц.Янжиндулам
ШУУД ҮЗЭХ: