Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдааны шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа.
Уг журмаар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулсан байна.
Уг журам нь дараах байгууллагуудад хамаарах аж.
- Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, байгууллага.
- Төрийн бус байгууллага.
- Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна.
Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар нь НДШ төлсөн хэмээн дэвтэрт нь бичилт хийх юм байна.
Харин сайн дурын даатгал төлөгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хөдлөмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцох аж. Хэрэв энэ хэмжээнээс дээш дүнгээр НДШ-ээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг мөн бүрдүүлжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн мэдээлснээр:
Уг хуульд "Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН, байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд багтана" хэмээн орсон. Харин нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна.
Бидний тооцоолсноор 45 мянга орчим ААН, 700 мянга орчим даатгуулагч хамаарагдана. 800-900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоололтой байна. Монгол Улсад 1.1 сая орчим ажилтан бий. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлж буй нийт ажилтны 70 орчим хувь нь хөнгөлөлт эдэлнэ" гэлээ.