Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлыг түгээгч “Гудамжны номын сан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 10 секунд

UBN.MN сайтын “Бидний нэг” булангийн онцлох зочин гудамжны номын санг санаачлагч Т.Тара болон Ш.Даш-Очир нар оролцлоо.

Гудамжны номын санг санаачлагч Т.Тара: Монголчууд номыг их хүндэлж, дээдэлдэг зан нь одоо ч арилаагүй

Та анх энэхүү номын санг яагаад хийхээр болсон бэ? 

-Анх гадаад улсад аялж явахдаа гудамжны номын сангаар үйлчлүүлээд, Монголд бас байгуулж болох юм байна гэж бодсон. 2019 оны нэг сард санаагаа олоод, 6 сард анхны гудамжны номын сангаа Хан-Уул дүүргийн амьтантай цэцэрлэгт байгуулсан. \120 мянгатын цэцэрлэг\

Таны хувьд  гудамжны номын сан нь бидний өдөр тутмын амьдралд  ямар ач холбогдолтой гэж бодож байна.

-Боловсрол, хотын ая тухтай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж бодож байна. Бас ном худалдаж авах боломжгүй хүмүүст үнэгүй ном унших боломж гэж харж байгаа. Номын хүртээмж нэмэгдэх юм. 

Таныг одоо үед нийгэмдээ эерэг түгээлт хийж, залуусыг энэ чиг хандлагад уриалж үлгэр жишээ болж байгаа гэж харж байна. Гудамжны номын сан байгуулагчид гэсэн грүпп нээсэн байсан. Эдгээр хүмүүсийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Гудамжны номын сан байгуулах гэж байгаа хүмүүст яаж хийх вэ, хаанаас нь эхлэх гээд олон асуулт гардаг л даа. Тиймээс харилцан туршлагаа солилцож, байгуулсан хойноо хамтдаа хэлэлцэж, дараа дараагийн асуудлаа шийдэж байг гэж номын сан байгуулсан хүмүүсийг нэгтгэсэн. Бас ном хандивлах гэсэн хүмүүсийг энэ группынхэндээ холбож өгдөг. Тэгсэнээр яг номын сан байгуулсан хүнд нь ном очдог давуу талтай. 

Номын сангийн дүрмийг гадна талд нь байрлуулсан байсан. Хэрэглэгчид дүрмийг сахих тал дээр хэр байсан бэ? Хүндрэл бэрхшээлүүд гарч байв уу?

-Дүрмээ сахих нь иргэдийн  ухамрсын түвшин. Зах зээл дээрх хэвлэмэл номын хүртээмжтэй их холбоотой санагдсан. Гол дүрэм нь ном аваад, оронд нь ном тавих. Гэтэл манайд гэртээ номын сантай болъё гэсэн ч ном авч чадахгүй байгаа хүмүүс их бий. Ном оронд нь тавья гэсэн ч гэрт нь ном байхгүй. Тиймээс оронд нь ном тавихгүй авч явах нь их. Гэхдээ номын санд ном авчирч хийдэг хүмүүс зөндөө бий л дээ. Номтой үед нь номоо үзчихээд, цэгцэлж тавихгүй нь жаахан хүндрэлтэй. Номын сангийн доторхийг хогийн сав шиг харагдуулдаг. Бас дүүргэлт хийдэг ч гэсэн ихэнх хүмүүс номоо буцааж тавьдаггүй, ихэнхдээ хоосон байдаг нь хүмүүсийн урмыг хугалдаг. Бусдаар бол эвдэж сүйтгээд, дээр нь юм бичээд ч юм уу, сүйтгээд байдаг асуудал одоохондоо гараагүй. Монголчууд номыг их хүндэлж, дээдэлдэг зан нь одоо ч арилаагүйн ач байх. Бусад цэцэрлэгийн сандал, хөшөө гэх мэт олон нийтийн хэрэгслүүдийг байгуулангуут нь л эвдэж сүйтгэдэг шүү дээ.

Өмнө нь манайд ийм гудамжны номын сан гэж байгаагүй болохоор одоохондоо энэ чиглэлийн үйлчилгээнд дасаагүй байх

-Энэ нь бас хүмүүсийн буруу ч биш юм. Магадгүй бүгдээрээ зэрэг уншаад, буцааж тавьж амжаагүй байж болно. Гэтэл авчирч тавья гэсэн ч манайд хэвлэмэл номын хангалт маш муу. Гэрт нь угаасаа ном байхгүй. Гэртээ байгаа номыг гаргаад тавина гэсэн ойлголтод дасаагүй байгаа. Гадаадад бол ном байнга эргэлтэд ордог. Гэртээ нэн ховор ч юм уу, гарын үсэгтэй номоо л хадгална. Бусдыг нь гаргаж тавих, солих зэргээр санаа зоволтгүй эргэлтэд оруулдаг. Монголд ном ер нь одоо ч гэсэн үнэтэй, ховор бараа.

Та энэ ажлаа эхлүүлэхдээ ямар зорилго өартөө тавьсан байсан бэ? Магадгүй одоо ч хэрэгжээд явж байж болох юм.

-Би өөрөө ч гадаа гудамжинд ном эзэнгүй орхиод, солилцоод уншиж болно гэж сэтгэж байгаагүй. Санаа нь гайхалтай санагдсан. Хүмүүсийг номтой ойр, ном худалдаж авах боломжгүй хүмүүст ном уншуулах, хүмүүс чөлөөт цагаараа хаана ч байсан ном унших боломжтой байлгах зорилго тавьсан.

Хүмүүс таны эхлүүлсэн ажлаас үлгэрлэн хөдөө орон нутагт хүртэл хийж эхэлсэн гэж сонссон. Тантай тэр хүмүүс холбогдож заавар зөвлөгөө авч байсан уу?

-Өмнөговь, Өвөрхангайд байгуулсан. Дорноговьд байгуулахаар бэлдчихсэн байгаа. Зарим нь холбогдож зөвлөгөө авсан. Өөр бас бус байгуулсан, бэлдэж байгаа газрууд бий. Ихэнх нь юу хэрэгтэй, яаж эхлэх вэ? гэх мэт зөвлөгөөг хүсдэг. Тийм хүмүүсийг өмнө нь байгуулсан хүмүүстэйгээ холбож өгдөг.

Цаашдаа энэ ажлынхаа хүрээнд хийхийг хүсч байгаа зүйл байна уу?

-Илүү олон хүнийг уриалж хөдөө, хотгүй гудамжны номын сангууд байгуулах бодолтой байна. Номын сангийн дүүргэлт дээр боломжтой номын сан, байгууллагуудтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа.

 Хэрэглэгчдээс сэтгэгдэл их ирдэг байх. Ихэвчлэн ямар сэтгэгдэл ирдэг вэ?

-Хэрэглэгчдээс олзуурхсан, талархсан, баярласан, би ч гэсэн нэгийг нээнэ гэсэн сэтгэгдлүүд их ирдэг. Бас ном өгье гэсэн хүн их ханддаг. Ном авч унших гэхээр дандаа хоосон байх юм гэсэн сэтгэгдэл мөн цөөнгүй ирдэг.

Гудамжны номын сан байгуулагчдын өөрсдийн хийсэн стикеры

Бусад орны гудамжны номын сангуудаас манай улсад хэрэгжиж болохоор шинэлэг содон шийдэл байна уу?

- Одоохондоо тийм зүйл алга байна. Ихэвчлэн дүүрэн номтой, тэр номууд нь сурталчилгааны материал биш, жинхэнэ ном байдгаараа гадаад номын сангууд манайхаас ялгаатай. Загвар хийцийн хувьд янз бүр байдаг, тэрийг нь аваад хэрэгжүүлж болно. Монголд нэг өнгөний шийдэлтэй байлгаж, шар дэвсгэртэй, хар чимэглэлтэй загвараа брэнд болгоё гэж зорьсон учраас өнгөний хувьд хуулаад хэрэггүй байх.

Та гудамжны номын сан байгуулагчид болон хэрэглэгчдэд хандаж юу гэж зөвлөмөөр байна.

Ном ховор, үнэтэй манай улс шиг газар номыг нь аваад явчихвал номын сан хоосон хэд ч хонож мэднэ. Тиймээс гудамжны номын сангийн номыг гэртээ хадгалах нь туйлын амин хувиа хичээсэн хэрэг юм. Гудамжны номын сангийн өмч гэсэн тэмдэгтэй ном битгий гэртээ хадгалаарай, битгий худалдаж аваарай гэж бас хэлмээр байна. Номын сан нээсэн, эсвэл ном тавьдаг хүмүүс өөрсдөө ийм дардасыг тамга тэмдгийн газраар хийлгээд дарж болно. Номын сан нээсэн хүмүүст ихэнхэд нь ийм дарлас бий. Ихэнх нь гудамжны номын сан хариуцсан хүнгүй байдаг, тийм хүн байх ч шаардлагагүй бөгөөд тухайн газар амьдардаг, дайран өнгөрч буй бүх хүний хувийн номын сан гэж ойлгож болох учир хүн бүр өөрийн юм шиг бодож арчлах хэрэгтэй. Ихэнх нь гудамжны номын сан хариуцсан хүнгүй байдаг, тийм хүн байх ч шаардлагагүй бөгөөд тухайн газар амьдардаг, дайран өнгөрч буй бүх хүний хувийн номын сан гэж ойлгож болох учир хүн бүр өөрийн юм шиг бодож арчлах хэрэгтэй. 

Гудамжны номын сан байгуулагчдын гишүүн дизайнер Ш. Даш-очир : Бүр зургаан настай жоохон хүүхэд хүртэл тор дүүрэн ном хандивлах гэсэн юм гээд зогсож байсан.

Анх гудамжны номын сангийн үйл ажиллагаанд яагаад оролцох болсон бэ?

-Мазаалай гээд зураач ахынхаа урлан дээр очсон чинь ах маань хөргөгчин дээр зураг зураад зогсож байсан. Тэрнийг хараад энэ юу вэ? гээд сонирхоод асуусан чинь гудамжны номын сан хийж байгаа юм гэсэн. Тэгээд л хамт зургийг нь зураад очиж байршуулж өгч байсан даа. Тэр үед хүүхдүүд бид нарыг тойроод зогсчихсон, зарим хүүхдүүд нь ном хандивлах гээд ирчихсэн байсан. Бүр зургаан настай жоохон хүүхэд хүртэл тор дүүрэн ном хандивлана гээд зогсож байсан тэр мэдрэмж надад их гоё санагдсан. Тэгээд л ер нь өөрөө хэрэглэгч болоод зогсохгүй ном авчирч хийж, арчилдаг болсон доо.

Хэрэглэгчдийн зүгээс номоо буцааж авчирч тавихгүй гэртээ үлдээх, зарах гэх мэт дүрмээ баримтлахгүй тохиолдлууд гараад байгаа гэсэн. Ном хийгээд л байдаг байхгүй болчихоод байхаар шантрах үе гардаг байх.

-Хүмүүс хогийн саванд хогоо хаяхгүй байна гээд байдаг. Хогийн сав байхгүй болохоор хийхгүй байгаа. Хэрвээ хогийн сав шаардлагатай газруудад байвал хүссэн хүсээгүй хогоо хогийн саванд хийнэ. Энэнтэй адилхан хүмүүсийг ном авч явлаа гээд номын сандаа үргэжлүүлээд номоо хийхгүй бол хүмүүс энэ соёлд суралцахгүй. Тиймээс боломж гарсан үед хийсээр л байдаг.

Түрүүн харсан номууд дунд сонгуулийн сурталчилгаа хэд хэд харагдсан. Ер нь иймэрхүү сурталчилгааны хуудсыг  байгууллагууд их авчирч хийдэг үү?

-Бид нар сонгуулийн сурталчилгаануудыг аваад хаячихдаг. Энэ сурталчилгааны зориулалттай биш номын сан шүү дээ.

Энэ номын сангийн үйл ажиллагаанд хэдэн хүн оролцож байна. Долоо хоногтоо тэдэн удаа тэр очно гэсэн дотоод дүрэм байдаг уу?

-Одоогоор 12 гишүүнтэй байна. Харин дүрмийн хувьд нарийн тогтоосон журам байхгүй. Ойрхон явж байвал очиж цэгцлээд өнгөрдөг.

Таван жилийн дараа гудамжны номын сан хэрэглэгчдийн хандлага өөрчлөгдсөн байх болов уу? Ирээдүйг төсөөлөөд харвал таны төсөөлөлд яаж бууж байна.

-Магадгүй яг одооных шигээ ч байж болох юм. Яагаад гэвэл энэ номын хэрэглээний соёл тийм хурдан хүмүүст суух зүйл биш. Гэхдээ удахгүй номын сан маань олон болоод, хэрэглэгчид бага багаар суралцаж эхлэнэ гэж найдаж байна.

Номын сангуудын байршил: \ Байршлыг харахыг хүсвэл сонгосон газрынхаа нэр дээр дарна уу \ 

  1. Вива Сити 

  2. МУИС дөрөвдүгээр байр

  3. Могул Хотхон

  4. Хүүхдийн урлан бүтээх төв

  5. 120 мянгат

М.Энхсайханыг шүүхэд шилжүүллээ
М.Энхсайханыг шүүхэд шилжүүллээ
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.