“Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 200.0 тэрбум төгрөгийн 1 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор арилжааны зургаан банктай гэрээ байгуулан хамтран ажилласнаар ноолуурын салбарт 38 аж ахуйн нэгжид 94.8 тэрбум, ноосны салбарт дөрвөн аж ахуйн нэгжид 3.2 тэрбум төгрөгийн зээл олгогдож, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 7.65 хувиар тооцон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 2021 онд 3.2 тэрбум, 2022 оны эхний 3 сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлээд байна.
Мөн Засгийн газраас 2022 онд ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, улсын төсвөөс 10.65 хувийн хүүгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр арилжааны банкны эх үүсвэрээр олгохоор шийдвэрлэсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам болон Монгол банкны хооронд 3 талт “Хөдөө аж ахуйн зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээ”, арилжааны 8 банктай “Зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээ”-г тус тус байгуулан аж ахуйн нэгжүүдэд зээл олгох ажлыг эхлүүлээд байна” гэх мэдээллийг өгсөн.
Харин УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ “Энэ хууль батлагдсанаар малчдыг орлогыг бодитоор нэмэгдүүлэх, ноолуурыг үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар жилд 10 мянган тонн орчим ноолуурыг экспортод гаргаж байна. Энэ тогтоолын хүрээнд зөвхөн самнасан ноолуурыг экспортод гаргаж, дотооддоо нэмүү өртөг шингээхийг зорьж байна. Ингэснээр 500 сая ам.долларын хэмжээний өртгийг экспортоос олох боломжтой болно. Түүнчлэн мэргэжлийн холбоод, салбарын яамтай хамтран 2025 оноос хойш самнасан ноолуурын 50 хувийг дотооддоо үйлдвэрлээд бэлэн бүтээгдэхүүн болгож гаргахаар төлөвлөсөн. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортод гаргавал нийт дүнгээрээ 1.2 тэрбум ам.долларын орлого олох бололцоотой. Нөгөө талаар тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай" гэсэн юм.