Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цахим орчин дахь хяналтын талаар мэдээлэл өгсөн.
Тэрбээр "Үүрэн холбооны компаниуд гар утсанд дугаар олгохдоо заавал нэр, хаягтай хүнд олгож, тролл хаягуудыг устгахаар хуульчилна. Одоогийн байдлаар журам л хэрэгжиж байгаа болохоор энэ үр дүнгүй байна. Тав, 10 мянган төгрөгөөр дугаар аваад датаг нь ашиглаж цахим орчинд нэр хаяг нь мэдэхгүйгээр хуурамч мэдээ үүсгэдэг компани маягийн зүйл ажиллаад байгаа. Үүнийг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд хүний эрхийг хангах чиглэлийн хууль тогтоомжийн төслийг боловсруулаад явж байгаа. Энэ хүрээнд нэлээд асуудал цэгцэрнэ.Зарим улсын хувьд нийгмийн сүлжээнд худал мэдээлэл тараавал маш өндөр торгууль тавьдаг. Тухайн улсын иргэний эрх ашгийг хохироосон мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан тохиолдол тухайн нийгмийн сүлжээ нь өргөдөл гомдлыг тухай бүрт нь барагдуулах үүрэг хүлээдэг. Үүргээ биелээгүй тохиолдол олон сая еврогийн торгууль ногдуулдаг. Мөн тухайн улсад төлөөлөгчийн газраа байгуулж ажиллах үүргийг хүлээлгэдэг. Бид яг энэ загварын дагуу ажиллаж байгаа. Харин фэйсбүүкийн нэр хаягийг бүгдийг нь албан ёсны болгох боломжгүй" гэв.