Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМГТГ: Монголын талаас нийлүүлсэн нүүрсийг Хятадын тал хүлээж авахаас татгалзсан нь ҮНЭН

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 1 секунд

БНХАУ-ын Эрээн боомт дээр Монголын талаас оруулсан 2000 гаруй чингэлэг нүүрснээс хорт элемэнт илэрсэн учир Хятадын тал хүлээж авахаас татгалзсан. Үүнээс болж Замын-Үүд чиглэлийн нүүрс тээвэрлэлт зогсож, дагаад уурхайнуудын олборлолт саатсан гэх мэдээллийг нүүрс тээвэрлэгчид мэдээлсэн билээ. Тиймээс уг асуудлыг тодруулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяртай ярилцсанаа хүргэе.

-Эрээний боомт дээр Монголын 2000 гаруй чингэлэг нүүрс гацсан. Шалтгаан нь хориглосон элемэнт заасан түвшнээс өндөр гарсан гэж Төрийн ордны гадна тээвэрчдийн төлөөлөл мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэл үнэн үү?

-Тийм. Фторын агууламж нь их байна гэдэг шалтгаанаар БНХАУ нэвтрүүлэхийг хориглосон юм. Эрээний дамжин дээр нэг хэсэг нь вагон дээрээ ачаастай байгаа. Үлдсэн нь агуулахад буулгасан гэсэн. Гэхдээ би нүдээр хараагүй. Цар тахлаас үүдээд тийшээ очих боломж хязгаарлагдмал байгаа шүү дээ. Ямартай ч фторын хий өндөр байна. Дотогшоо нэвтрүүлэхгүй учир энэ 50 мянга тонн нүүрсээ буцааж ав гэдэг шаардлага тавьж байгаа.

-Манайх буцааж авахгүй байх шалтгаан нь юу юм бол?

-Төмөр замаар ч бай, автозамаар ч бай. Аль алингаар нь хил давж байгаа нүүрсний хувьд Монгол Улсад наймаа нь хийгддэг. Нэг үгээр хэлбэл, "Чи нүүрс олборлолоо, би худалдаж аваад хил давууллаа. Хятадад очоод нүүрсээ авах гэтэл оуулахгүй, буцаа" гэдэг л зүйл болсон гэсэн үг. Гаалийн бүрдүүлэлт хийсэн материалыг харахад олонх нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН биш байна лээ. Өөрөөр хэлбэл, түрүүн хэлсэн шиг, зарим нь олборлогчоос худалдаж авсан, эсвэл худалдаж аваад цаашаа ахиад өөр хятадад худалдсан ч юм уу. Энэ утгаараа манай тал буцааж авах боломж хязгаарлагдмал болчихож байгаа юм. Манай Ашигт малтмал, газрын тосны газар нь хуулийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Нүүрсний фторын хий өндөр гарлаа, Хятадын тал хүлээж авахгүй гэхээр нь тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд рүү холбогдож асуусан. Тэгэхэд ганц нэг компани байна лээ. Удахгүй бид татан авна гэсэн. Гэтэл үлдсэн нь гараас гарт дамжсан нүүрсийг татаж ав гэж шаардах боломж бидэнд байхгүй.

-Шинжилгээг нь Монголд хийх ёстой юм биш үү. Яагаад фторын хий өндөр байгааг тухайн үед мэдээгүй юм бол?

-Худалдах, худалдан авах гэрээнд заасан нийтлэг үзүүлэлтээ гол болгодог. Гэтэл цаана нь хятадын талаас хорио цээрийн үзүүлэлт гэж байна. Тэрийг нь талууд мэдэхгүйгээс ийм зүйл болсон гэж ойлгож болно. Фторын хувьд манай улс заавал шинжилж байж хилээр гаргана гэсэн зохицуулалт байхгүй. Энэ утгаараа ч фтор үзэх хүчин чадалтай лаборатори ч байхгүй.

-Энэ 50 мянган тонн нүүрс Эрээн дээр түгжигдсэнээс болж нүүрс тээвэрлэлт нь зогссон гэж ойлгож болох уу?

-Тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Учир нь Эрээний боомт дээр очсон нүүрс тээврийн вагонууд нь салаа зам хаагаад зогсчихоор араас нь дахиад вагон оруулах боломжгүй болно шүү дээ. Энүүхэндээ гэж хэлэхэд, Хятадууд судалгаагүй юм хийхгүй шүү дээ. Монголын талаас юуг шинжилж чадах уу, юуг нь чадахгүй вэ гэдгийг тооцсон л байх.

-Нэг талаасаа үнэ буулгах гэсэн оролдлого байж болох уу?

-Энэ бол эцсийн хардлага. Яг тийм, үгүйг бид батлаж чадахгүй.

-Эрээний боомтын гацаа яг хэзээнээс эхлэсэн юм бэ?

-Хил давсан огноог нь харахад 2018, 2019 оны нүүрс ч бий. Хамгийн сүүлийнх нь энэ оны эхний улиралд гарсан нүүрс.

-Монгол Улс энэ жил 30 гаруй сая тонн нүүрс экспортлоно гэсэн зорилго тавьсан. Гэтэл одоо дөнгөж л гурван сая давж байх шиг байна. Гэтэл Эрээний боомт дээр нүүрс тээвэр саатчихлаа. Ингэхээр Монгол Улс тодорхой хэмжээгээр хохирно шүү дээ. Яаж энэ гацааг гаргах боломжтой юм бэ?

-Том зургаар нь харах юм бол, Монгол Улс жилд 35 орчим сая тонн нүүрс экспортлодог гэж үзвэл, түүний хоёр сая орчим тонн нүүрс нь Замын-Үүд боомтоор гардаг. Нүүрснээс гадна төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонс бас гаргана шүү дээ. Нөгөө талаасаа Замын-Үүд боомтоор гардаг нүүрс нь өндөр ханштай эрчим хүчний коксжсон нүүрс биш. Энэ утгаараа Монгол Улсад ирэх ашиг боол бага. Гэхдээ "Чамлахаар чанга атга" гэдэг шиг бага ч гэсэн орлого шүү дээ. Түүнчлэн боомт дагасан иргэдийн орлого буурчихаж байгаа юм. Ялангуяа Дорноговь аймгийн Даланжаргалан сум орчмоос олборлолт хийдэг байсан уурхайнуудын үйл ажиллагаа бүрэн зогссон.

-Яг энэ асуудлаас болсон гэсэн үг үү?

-Цар тахлаас болсон зүйл бий. Бас Замын-Үүдээр нүүрс гаргахгүй байгаатай ч холбоотой.

-Хятад руу гаргаж байгаа нүүрсээ энэ мэтчилэн "харанхуй" гаргаад байх юм бол бусад боомтуудад ч гэсэн асуудал үүсэхгүй гэх баталгаа алга юм байна. Тэгэхээр бид цаашид яах ёстой юм бэ. Лаборатори байгуулах боломж байхгүй гэж үү?

-Уг нь маш амархан шийдэх боломжтой асуудал. Заавал лаборатори байгуулах ч албагүй. Ялангуяа Геологийн төв лабораторийг түшиглэх ч хэрэггүй. Учир нь энэ лаборатори нь үйл ажиллагааны цар хүрээний хувьд тохиромжгүй. Харин манай Ашигт малтмал, газрын тосны газар нь дэргэд Уул уурхай, газрын тосны лаборатори гэж бий. Аль 2008 байгуулагдсан юм л даа. Түүнээс хойш тоног төхөөрөмж нь хуучирч, хоцрогдсон. Уг нь бол нүүрсийг бүрэн шинжлэх боломжтой. Боловсон хүчин нь байна. Гол нь тоног төхөөрөмжийг нь сайжруулах л асуудал бий. Нөгөөтэйгүүр, энэ лаборатори нь гуравхан ажилтантай. Тэгсэн хэрнээ Монгол Улсын хилээр гарч байгаа бүх нүүрсний бараг 60 хувийг нь шинжилж байна. Гэтэл хувийн лабораториуд хэдэн хүнтэй билээ. Ямар тоног төхөөрмж, санхүүжилттэй билээ. Энэ утгаараа АМГТГ-ын дэргэдэх лабораторио сайжруулах асуудлыг судалж үзсэн. Тэгэхэд одоо шаардлагатай байгаа үзүүлэлтүүдийг судладаг 4-5 тоног төхөөрөмж авахад бүх зардал нь ороод ойролцоогоор 400 орчим сая төгрөг болох тооцоо бий.

Г.Нацаг-Эрдэнэ

МАН дүрмийнхээ дагуу хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа түдгэлзүүлж чадах уу
МАН дүрмийнхээ дагуу хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа түдгэлзүүлж чадах уу
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.