Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МАН 30 дугаар Их хурлаа сүр дуулиантай хийж намын дүрмээ шинэчилсэн. Тэд хүний эрхийг дээдэлсэн, шударга ёсны төлөө дэвшилтэд улс төрийн хүчин болно гэж орон даяар хашхирсан нь ердөө л хэдхэн сарын өмнөх явдал. "Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлахгүй, олон нийтийг бухимдуулсан, ёс суртахууны асуудал гаргасан хэнд ч цаг алдалгүй хурдтай арга хэмжээ авна, ёс суртахуунаар манлайлж ажиллана" гэж тус намын удирдлагууд мэдэгдээд шүлс нь ч хатаагүй байна.
МАН-д салхилсан шударга ёсны шуурганд Д.Хаянхярваа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Б.Ундармаа, Ё.Отгонбаяр нарын нөхөд хамгийн түрүүнд өртөж намаасаа жийгдсэн. Үүнийг зарим нэг нь “Нам маань одоо л шударга ёсны төлөө зоригтой алхам хийж байна” гэж уянгалан хайлж, уйлах нь холгүй сошиалаар нэг “пялдайсан” пост бичиж байлаа. Харин өөр нэг хэсэг нь өрсөлдөгч фракцаа дарах үзүүлэн төдий алхам гэж хардаж байсан. Нээрээ л намаасаа жийгдсэн энэ хэдийг харахаар хат дааж улс төр хийх нь бүү хэл хатуу мах даах ч шүдгүй гэмээр үеэ өнгөрөөсөн улс төрчид байгаа юм. Энэ хэдийгээ МАН хөөсөн ч яалаа? Байсан ч яалаа?
Харин үе өнгөрөөсөн улс төрийн мумминуудад бяраа үзүүлсэн МАН-ынхан дүрдээ улам итгээд дүрэмдээ “заазуурны” хэдэн заалт оруулаад авсан нь одоо шүдний өвчин болох шинжтэй.
Урт хэл хүзүү ороохын үлгэрээр МАН баталсан дүрмээ хэрэгжүүлж чадах уу, үгүй юу? гэдэг ацан шалаанд оржээ. Тодруулбал, МАН-ын дүрмийн
- 34.6 Дараах тохиолдолд Хяналтын Ерөнхий Хорооны тогтоолоор гишүүнчлэлийн эрхийг хугацаатай болон хугацаагүйгээр түдгэлзүүлнэ.
- 34.6.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон; гэж маш тодорхой тусгасан.
Үүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч маш тодорхой тайлбарлаж “Хэрвээ хөгжлийн банктай холбогдсон гишүүдийг хуулийн байгууллага албан ёсоор татаж шалгаж эхэлбэл МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Намын дүрэм маш тодорхой байгаа” гэж "Өрийг өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийн үеэр мэдэгдсэн билээ.
УИХ-ын гишүүд найзан дундаа найр тавьж дөрвөн гишүүнээ хаацайлаад үлдсэн. Тэгвэл эрх баригч МАН хэлсэн ярьсандаа хүрч нийгмийн шударга ёсны хүлээлтэд хариулт өгч чадах уу? Үгүй юу? гэдэг нь одоо сонирхолтой асуулт болоод байна.
Хэрвээ МАН дээрх гишүүдээ түдгэлзүүлбэл нийгэмд дүрэм журмаа биелүүлдэг, хэлсэн ярьсныхаа төлөө авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байгаа нам гэж үнэлэгдэж, олон нийтээс нэмэх оноо авна. Харин нам дотроо багагүй ажин түжин үүсэхийг үгүйсгэх аргагүй.
Харин энэ гишүүдээ түдгэлзүүлэхгүй асуудлыг огт хөндөхгүй өнгөрвөл дүрэм журам нь лоозон төдий гэдгээ олон нийтэд нотолсон үйлдэл болно. Цаашид шударга ёс, гишүүддээ хариуцлага тооцох тухай яриад ч хэрэггүй. Дэвшилтэд нам биш, уруудсан нам гэдгээ нотолсон алхам болно.
Баталсан дүрэм нь анхныхаа сорилттой нүүр тулж байгаа энэ үед МАН-ын удирдлагууд ямар арга хэмжээ авах вэ? Үнэхээр хэлсэн ярьсандаа хүрч чадах уу? гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн маш анхааралтай ажиглаж байна.
Г.Лхагвадорж