Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Уран бүтээлч хүн ямар ч дүрд тоглож болох учраас түүхээ мэддэг байх нь чухал“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
18 минут 41 секунд


Амьдралынхаа туршид БНМАУ-ын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа зориулсан Маршал Юмжаагийн Цэдэнбалын намтар түүхийг өгүүлэх “Түүх мартахгүй” МУСК дөрөвдүгээр сарын 21-нд IPTV-ээр нээлтээ хийх гэж байна. Бид энэ удаад тус кинонд Ю.Цэдэнбал даргын цэл залуу насны дүрийг бүтээж, залуу хойчдоо түүх соёлыг түгээхэд хувь нэмрээ оруулсан УДЭТ-ийн жүжигчин, СТА Г.Амгаланбаатартай ярилцлаа.



-Ю.ЦЭДЭНБАЛ ГУАЙН ДҮРД ТОГЛОСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙГАА БОЛОВЧ ДҮРЭЭСЭЭ АЙХ, ЭМЭЭХ ЗҮЙЛ ИХ БАЙГААГ НУУХ ЮУН- 

- Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын тухай “Түүх мартахгүй” кино нь тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа гэж сонслоо. Юун түрүүнд танд баяр хүргэе. Ярилцлагаа киноныхоо талаар ярьж эхлүүлбэл?

- Монгол Улсын төрийг 44 жил удирдсан аугаа хүний дүрд тоглох ховорхон завшаан надад олдлоо. “Түүх мартахгүй” кино маань бэлтгэл ажилтайгаа нийлээд хоёр жилийн хугацаанд үргэлжиллээ. Зураг авалт өнгөрсөн оны тавдугаар сараас эхлээд арванхоёрдугаар сард өндөрлөсөн. Кино зохиолыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бичиж, найруулагчаар “Хүмүүн” фильмын найруулагч Г.Мөнхсүх нар ажилласан.

Энэ хоёр маань өмнө нь “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэх хоёр түүхэн бүтээлийг гар нийлэн бүтээсэн уран бүтээлчид юм. Киноны зураг авалт ОХУ-ын Эрхүү хот, Улаанбаатар хот, Увс аймагт дөрвөн улирал дамнан үргэлжилсэн бүтээл юм. Киног бүтээхэд уран бүтээлчид, арын албаныхан нийлсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг сэтгэл зүрхээ шингээн ажиллаж, ард нь гарч, уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байна. Түүхэн бүтээл гэдэг утгаараа хөрөнгө, мөнгө их зарцуулсан, чансаа өндөртэй бүтээл болсон гэж үзэж байна. Киноны нээлт гуравдугаар сард кино театруудаар нээлтээ хийхээр төлөвлөсөн байсан боловч, нөхцөл байдалтай уялдуулж IPTV-ээр үзэгчдэдээ хүрэхээс өөр аргагүйд хүрлээ. 



Киноны үйл явдал нэг ангид багтсан уу? Нэлээн урт хугацааны, өргөн цар хүрээтэй түүх шүү дээ.

- Яагаад ч багтахгүй. Энэхүү кино маань хоёр ангитайгаар үзэгчдэд хүрнэ. Энэ удаад нэгдүгээр ангийг үзэгчдэд хүргэнэ. Зөвхөн нэг анги 1:50 цагийн багтаамжтай кино шүү дээ.

- Киноны дүр сонголт хэрхэн хийгдсэн бэ? Таныг яагаад Ю.Цэдэнбал гуайн дүрд тоглуулахаар шийдсэн бол?

- Миний хувьд Болд найруулагчийн бүтээсэн Х.Чойбалсангийн тухай түүхийн өгүүлдэг “Тусгаар тогтнол” УСК-нд залуу Ю.Цэдэнбалын дүрд тоглож байлаа. Үүний дараа “Хүмүүн” фильмын уран бүтээлчид “Бүү март” киног бүтээх явцад намайг Ю.Цэдэнбал даргын дүрд гээд пробонд орох санал тавиад орж байсан юм. Тухайн үед намайг арай залуудаж байна гээд МУГЖ Ц.Төмөрбаатар жүжигчнийг тоглуулж байсан. Тус уран бүтээлчид дараагийн киногоо Ю.Цэдэнбал гуайн түүхээр хийхээр болсныг дуулсан.

Би өмнө нь энэ дүрээр сонгон шалгаруулалтанд орж байсан учраас тэдний “запас”-нд байсан болов уу. Надаас гадна цөөнгүй хүмүүсийг сорьж үзсэн гэж сонсогдсон. Киноны зохиолч, найруулагч, зураач гэх мэт уран бүтээлийн баг хэлэлцэж байгаад Г.Амгаланбаатар бол хамгийн зөв сонголт юм байна гэх шийдэлд хүрсэн юм байна лээ.  Өөр нарийн нандин зүйлсийг нь би мэдэхгүй шүү дээ. Үүний дараахан нь дахин нэг пробонд орж, эцсийн шийдвэр гарснаар энэ дүрийг би бүтээхээр болсон. Гэрээний ажлаар уран бүтээл эхэлж, ажилдаа орцгоосон доо.

Та түүх хэр уншиж, судалдаг вэ? Ю.Цэдэнбал гуайн тухай маш их уншиж, судалсан болов уу?

- Тэгэлгүй яах вэ. Би түүх уншиж, судлах сонирхол ихтэй. Хүннү гүрний Модун Шаньюйгаас эхлээд л XIII зууны баатарлаг эрчүүд гээд монголчуудынхаа өргөн цаг үеийг хамарсан түүхийг сурагч байхаасаа эхлээд уншиж, судлах дуртай байлаа. Ялангуяа уран бүтээлч хүнд ямар ч дүр, уран бүтээлд тоглох шаардлага үүсэж болох учраас түүхээ мэддэг байх нь чухал гэж боддог.

Миний хувьд Ю.Цэдэнбал даргын дүрд тоглоход айж, эмээх зүйл их байсан. Түүний амьдарч байсан цаг хугацаа одоогоос нэг их холгүй шүү дээ. Хэрвээ XVI зууны үеийн Галданбошигт хаан, эсвэл түүнээс ч өмнөх цаг үеийн хаад, баатрын дүрд тоглосон бол түүний фото зургаас эхлүүлээд олон зүйлийг мэдэх боломжгүй учраас өөрийнхөөрөө дураар тоглох болов уу. Харин Ю.Цэдэнбал гуайн дүрд тоглоход түүнтэй ойрхон байсан төрөл садан, холбоотой олон хүмүүс амьд, сэрүүн байна.

Эш татахад л түүний төрсөн дүү Ю.Жавзан эгч байна. Ю.Жавзан эгч зураг авалтын үеэр ирж уулзсан. Тэр үедээ намайг их ажиглаад л суугаад байсан. “Ахтай минь төстэй байна шүү” гэж хэлэхэд уран бүтээлч хүний хувьд их баярлаж байсныгаа нуух юун. Энэ дүрийг зөвхөн би ганцаараа бүтээгээгүй учраас гар нийлж ажилласан олон хүмүүсийн хөдөлмөр байсан учраас тэднээрээ ч маш их бахархсан.

Намайг энэ дүрд тоглох болсныг дуулаад АЖ Цэрэндагва ах, СУИС-ын багш, найруулагч УГЗ Х.Ганхуяг багш зэрэг хүмүүс Ю.Цэдэнбал гуайн тухай намтар түүхийг өгүүлдэг ном, бүтээлүүдийг бэлэглээд, түүний тухай сайтар уншиж судлах, дүрээ сайн бүтээхийг ерөөж байлаа. Хамт ажиллаж байсан хүмүүстэй нь уулзах зэргээр дүрийн судалгааг чамбай хийсэн гэж бодож байна.

Ю.Цэдэнбал гуайн тухай уншиж судлах, цаашлаад дүрд нь тоглоод ямар зүйлийг ойлгов? Уншигчдад сонирхуулах онцгой түүх байсан гэж бодож байна.

- “Түүх мартахгүй” УСК бол түүхэн кино гэдэг утгаараа Ю.Цэдэнбал даргын хувь хүн нь ямар онцлогтой, зан төлөвтэй байсан бэ гэдгийг илүүтэй харуулахыг зорьсон бүтээл юм. Киноны зохиолын хувьд ч ялгаагүй яг энэ жанжин шугамын дагуу бичигдсэн. Кино зохиолын анхны нэр нь хүртэл “Сүүлчийн удирдагч” гэж нэрлэгдсэн байсныг сүүлд нь мэдсэн. Энэ нэр нь нэг талаараа оносон, “зэвүүн” нэр байсан боловч яг таг нэрлэхэд арай болохгүй юм байна гэж дүгнэсний үндсэн дээр нэрийг өөрчилж, “Түүх мартахгүй” гэж нэрийдсэн.

44 жилийн хугацаанд төр барихдаа үсрэнгүй хөгжлийг эх орондоо бүтээж чадсан аугаа эрхмийг хүмүүс мартаж болох ч түүх хэзээд мартахгүй юм гэдгийг л гол илэрхийлэхийг эрмэлзэж буй уран бүтээл гэж хэлж болно. Манай кинонд “Миний хийсэн, бүтээсэн зүйлсийн тэн хагас нь чиний хөдөлмөр, оролцоо бий шүү” гэж ханьдаа хэлсэн байдаг. Үнэхээр монголын хүүхэд, багачуудын төлөө даацтай бүтээн байгуулалт, бодит хувьсал, өөрчлөлтийг бий болгосон эмэгтэй бол яалт ч үгүй түүний хань мөн. Манайхан Хүүхдийн ордон, Хуримын ордон, “Найрамдал” хүүхдийн зуслангаар түүний хийсэн бүтээснийг төсөөлдөг. Үүнээс гадна эх нялхсын эмнэлэг, сургууль, ясли, цэцэрлэг зэрэг маш олон бүтээн байгуулалтыг бий болгосон хүн бол яалт ч үгүй Филатова гуай юм. Одоогийн ямар ч сайд, дарга, яамдын хийж чадаагүй зүйлсийг Пилатова гуай хоёр туслах, жолоочийн хамтаар бүтээсэн гэх ч түүх байдаг. Энэ мэт зүйлсийг Монгол эх орондоо цогцлоосон тод од болон гялалзах учиртай хүмүүс гэж боддог. 

- Филатова гуайн дүрд ямар жүжигчин тоглосон бэ? Гэр бүлийн хүн нь болж тоглосон жүжигчинтэй гар нийлж чадсан уу?

- Цахим орчны хөгжил, дэвшлийг ашиглан энэ дүрд тоглох эмэгтэйг сонгосон юм билээ. ОХУ-ын жүжигчдийн намтар, мэдээлэл, ур чадвар зэрэг бүхий л зүйлсийг цогцоор нь багтаасан платформоос уран бүтээлдээ тохирох уран бүтээлчийг сонгож, киноны найруулагч маань “Щепкина” театр-студийн уран бүтээлч Екатерина Кобба гэх 27 настай бүсгүйг сонгосон. Миний хувьд Монголд авсан зураг авалтын үеэр огт уулзаагүй байж байгаад, Эрхүү хотын зураг авалт эхлэхэд анх удаагаа уулзсан. Бид хоёрын хооронд бага зэрэг хэлний бэрхшээл үүссэн. Тиймээс манай киноны найруулагч маань бид хоёрыг танилцангаа Эрхүү хотоор зугаалж байгаад ир гээд явуулж байсан. Мэдрэмжтэй, жүжигчний ур чадвар сайтай жүжигчинтэй хамтран ажиллахад маш сайхан байсныг онцолмоор байна. Одоо хүртэл холбоотой байгаа. Фейсбүүкээр холбогдоод л киноны нээлт болох гэж байгааг догдлон хүлээж байгаагийн сацуу киноны нээлтэндээ биеэрээ ирж оролцох боломжгүй нь харамсалтай байгаагаа илэрхийлж байсан.



- Тэгэхээр оросоор их ярьж, жүжиглэсэн хэрэг үү?

- Киноны 50 орчим хувьд нь орос хэлээр ярьж тоглосон. Гэр бүлийн хүн нь орос эмэгтэй байснаас гадна улс төрийн томоохон уулзалт зэргийг хамтран гүйцэтгэж байсан нөхөд нь орос хүмүүс байсан учраас тэр. Миний хэлний чадвар ч чамгүй сайжирсан болов уу.

- Кинонд ахмад насны дүрд тоглосон Ц.Төмөрбаатар жүжигчин “Говь Хянганд тулалдсан нь” кинондоо Ю.Цэдэнбал гуайн дүрийг цэл залуухан насандаа бүтээсэн байдаг. Танд заавар, зөвлөгөө хэр их өгсөн бэ?

- Ц.Төмөрбаатар ах маань 25-хан насандаа тоглож байлаа. Тухайн үед нь уг хүн нь амьд, сэрүүн, ард түмнийхээ удирдагч байсан учраас их хэцүү байсан болов уу. Ю.Цэдэнбал даргын нүүрний хувирал, үс засалт зэргээс эхлээд л олон зүйлийг зааж зөвлөж, түшиг, тулгуур болж ажилласан. 

- Мөн энэхүү уран бүтээлд тоглосон онцлох уран бүтээлчид хэн байв?

- Маршал Чойбалсангийн дүрд тоглосон МУАЖ А.Дашпэлжээ ах маань байна. Киноны хоёрдугаар найруулагчаар СТА Ж.Амарзаяа эгч ажилласан. 37-р точка кинонд Долгорын дүрийг бүтээсэн бүсгүй шүү дээ. Түүний хувьд ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, орос хэлтэй хүний хувьд жүжигчдийг хариуцаж ажилласан. Киноны явцад ширээний уншлага, үг яриа зэргээс эхлээд л олон зүйлсэд туслаж, дэмжсэн хүн учраас баярлаж, талархах нь зүйн хэрэг юм болов уу.



- Энэ кинонд ажилласан Ю.Цэдэнбал гуайн дүр таны хүсдэг байсан түүхэн дүр мөн үү? Ахиад цаашилбал өөр дүр бодож, санаж яваа дүр байна уу?

- Жүжигчин, уран бүтээлч бүрд түүхэн эрхмийн дүрд тоглож, мөнхлөх хүсэл байдаг болов уу. Гэвч нөгөө талаар жүжигчин хүн би Чингис хааны дүрд тоглоно гээд шууд сонголтыг өөрөө хийх боломж хомс. Мэдээж өөр уран бүтээлүүдэд түүхэн дүрд тоглох боломж олдвол таатай хүлээж авна. Мөн Ю.Цэдэнбал гуайн дүрд тоглосондоо маш их баяртай байгаа боловч айлт, эмээлт түүнээс их байгааг нуух юун. Театрт орж ирснээс хойшхи хоёр арваны хугацаанд хүний үгийг дааж сурсан, баргийн зүйлийг тоохооргүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Үзэгчдээс төрөл бүрийн шүүмжлэл, санал ирэх болов уу гэж бодож байна. Ийм хэдий ч миний бие найруулагч, кино багийнхаа итгэл найдварыг алдаагүй болов уу гэж бодож байна. 

Таны хувьд 2000 онд театртай холбогдсоноос хойш аль хэдийн хоёр арван өнгөрчээ. Энэ хугацаанд тайз, дэлгэцийн хэдэн уран бүтээлд дүрээ мөнхлөв?

- Нарийн тоолж үзэж байгаагүй юм байна. 50-60 орчим жүжиг, 10-20 шахам кино, уран бүтээл байгаа болов уу. Ярилцлагын дараа тоо гаргаж үзнэ ээ. (инээв.)

- Эдгээр уран бүтээлүүдэд бүтээсэн дүрээсээ алинд нь илүү хайртай вэ?

- Хүн чинь би том хүүхдэдээ илүү хайртай, дундад нь арай бага хайртай, багадаа бүүр илүү их хайртай гэж ярьдаггүй шүү дээ. Яг үүнтэй адил онцлоход үнэхээр хэцүү. Бүгдийг нь л бүтээхийн тулд бие сэтгэл, оюунаа чилээж ажилласны хувьд бүхий л дүрдээ хайртай байдаг. Бага зэрэг онцолбол, дөнгөж их сургуулиа төгссөн уран бүтээлчийг олны танил болгоход хөтөлсөн уран бүтээлүүд гэвэл “Надаар тоглосон хайр” жүжиг, “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит кино зэргийг дурдаж болно.

- Тэгвэл таны бүтээсэн хамгийн хэцүү дүр юу вэ? Таниас их авхаалж, хүч, ур чадвар шаардсан дүр гэвэл зохих байх.

- “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Фебийн дүрд тоглохын тулд 93 кг жинтэй байхдаа дүрдээ зориулан сарын дотор 10 кг хасаж байв. Энэ хугацаанд хоолны дэглэм, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэргээр хөлс, хүчээ зориулсан дүр гэж нэрлэж болно. 

- Бүтэн 20 жилийн хугацаанд театртаа ажиллаж байгаа нь таныг аливаа зүйлд тууштай хүн болохыг харуулж байх шиг байна. Драмын театрын юу нь таныг ингэтлээ их татав?

- Би гэдэг хүн МУАЖ Ж.Лхамхүү багшийнхаа гарын шавь нарын нэг. Манай багш бол 30 гаруй жилийн хугацаанд УДЭТ-д ажилласан хүн. Тэр ч утгаараа намайг оюутан байх цагаас эхэлж “Чи бол театрийн жүжигчин хүн шүү” гэдгийг тархинд маань суулгаж өгсөн. Анх сургуулиа төгсөж ирээд шууд театрийн жүжигчин болох бололцоо бага. Эхний хоёр жилийн хугацаанд олны хэсэгт дүр бүтээгээд явах хугацаандаа “Надаар тоглосон хайр”, “Бооцоо” зэрэг хувийн жүжгүүдийг найзуудын хамт бүтээж, хөдөлмөрлөсний хүчинд өндөр босготой айлыг давж орсон юм шүү дээ. МУАЖ П.Цэрэндагва ах маань “Та нөхдийн залуус бол ачааны хүндийг үүрэлцэж яваа хүмүүс юм шүү” гэж хэлдэг. Энэ үгэнд нь бид урамшиж, театрийнхаа төлөө хоёр арваны хугацаанд хоёргүй сэтгэлээр хандаж, чармайн явсаар өнөөдөрт хүрч дээ гэж боддог. 

- Хөл хорио тогтоосноос хойш УДЭТ-ийн уран бүтээлчид ямар уран бүтээлд төвлөрөн ажиллаж байна вэ?

- Манай театрийн уран бүтээлчид хөл хорио дөнгөж тогтоож байх үед “Анна Каренина” сонгодог жүжгийн сургуулилалт үргэлжилж байлаа. Жүжгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болгоод, театрийн дотоод хяналтдаа шалгуулаад зогссон. Энэ аюулт өвчин намжихаар удаан хугацааны туршид бэлтгэсэн шинэхэн уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулахад бэлэн байна. Мөн өмнө нь тоглогдсон жүжгүүдээ Skymedia, Univision зэрэг IPTV-үүдэд байршуулж байна. UBS телевизтэй хамтран монгол өв соёл, үлгэр домог, тууль зэргийг хүүхэд, багачууддаа хүргэх контентийн зураг авалтыг хийж дуусаад байна. 

- “Анна Каренина” жүжигт ямар дүрт тоглож байгаа вэ?

- Тус жүжигт найз С.Болд-Эрдэнэтэй хамтран Константин Дмитривич Левиний дүрд тоглож байна.

- “Драмын 4” хамтлагаараа эргэн нэгдэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх бодол байгаа юу?

- Тийм боломж бололцоо гарвал уран бүтээлээ үргэлжлүүлнэ. Өөр өөрсдийн гэсэн хувь, хувьсгалын ажлаа хийгээд явж байгаа учраас яагаад ч цаг зав гарахгүй байна. Хэрвээ уран бүтээлээ хийхээр болвол үзэгчдийн хүртээлд нийцэх, чанартай, шинэлэг зүйлийг бүтээх цаг ирнэ гэж найдаж байна. 

- Танд уран бүтээлийн их амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Батлагдсан хоёр тохиолдлын ЭЦСИЙН ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА
Батлагдсан хоёр тохиолдлын ЭЦСИЙН ХАРИУ СӨРӨГ ГАРЛАА
 
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон  21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Улсын дугаараа нууж нэгдүгээр эгнээгээр зорчсон 21 настай жолоочийг шалгаж, машиныг нь журамлажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.