Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдөл, нийгмийг тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаж буй залуучуудын шаардлагад Ерөнхий сайд хариулт өгөхөөр Сүхбаатарын талбайд гарч ирсэн. Энэ үеэр иргэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс "Үнийн өсөлтийг зохицуулах амлалт" өгөхийг шаардсан. Тэрбээр, "Монгол Улсын засгийн газар их хурал руу хууль оруулсан байгаа. Энэ долоо хоногт багтаад УИХ-ын гишүүд уг хуулийг батална гэдэгт итгэлтэй байгаа. Энэ хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр өсөх шатахууны үнийг тогтвортой барьж үлдсэн зөрүүг нь төрөөс төлөх механизмыг хийхээр тооцож байна. Гэхдээ энэ бол тийм ч амар биш засгийн газар ид шидтэн биш гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй " гэдгийг хэлсэн.
Ерөнхий сайдын мэдэгдэлд гарч буй "энэ хууль" гэдэг нь "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төсөл юм. Уг хууль хэлэлцээрийн шатандаа явж байгаа.
Энэ хууль батлагдсанаар;
- Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварт зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийн эх үүсвэрийг олгох;
- Монголбанканд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэх зэрэг Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах эрх зүйн боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзээд байгаа аж.