Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Манай улс дахь хяналтын бурхан тэнгэр бол Үндсэн хуулийн цэц байгаа. Хамгийн дээд хяналтыг Үндсэн хуулийн цэц хийдэг. Яагаад бурхан тэнгэр гэж хэлэгдэж байна вэ гэхээр хуулийг ч хүчингүй болгох эрхтэй, Төрийн тэргүүнийг ч хууль зөрчсөн гэж огцруулах эрхтэй хяналтын дээд хэлбэр байгаа. За энэ хяналтын дээд хэлбэр маань тунгалаг байж чадвал дээрээсээ эхлээд доошоо хүртлээ Үндсэн хуульт ёс хангагдаж, хүний эрх хамгаалагдана. Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх зарчим үйлчилнэ.
Бид шүүхийн хуулийг гаргасан. Шүүхийн хуулинд Үндсэн хуулийн цэцэд орон тоо гарахад Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон гарсан нэр дэвшүүлдэггүй хоёр жил хүртэл явж байна. Бид шүүхийн хуульд орон гарсан бол 30 хоногийн дотор Дээд шүүх хуралдаад нэрээ дэвшүүлнэ гэдэг асуудлыг хуульчилсан. Үүний дагуу манай Үндсэн хуулийн цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл цэцийн дарга "Би тэтгэвэрт гарахгүй. Энэ бол надад үйлчлэхгүй" гээд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэчихсэн байна. Өөрөөр хэлбэл, маш том зодоон болж байгаа юм байна. Энэ бол Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь. Цэц ийм байж болох уу" хэмээлээ.