70 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт АНУ-ын Пуэрто Рико аралд өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлснээр сүүлийн шатны шалгаруулалтын тайзнаа уран нугаралтын үзүүлбэрээ толилуулжээ. Түүнчлэн тэмцээний шилдэг 40 оролцогчийн нэг болсон байна.
Үндэсний ялагч Ану овогтой Бөртэ-Үжин нь Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгсчээ. Мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтоо хийж байсан аж.
Энэ жилийн “Авьяаслаг мисс” шалгаруулалтын шилдэг оролцогчоор Норвеги, Япон, Чили, Хойд Ирландын мисс удаалжээ. Манай улсаас "Дэлхийн мисс" тэмцээнд 2005 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд А.Баярцэцэг "Авьяаслаг мисс" шалгаруулалтын шилдэг 10-т багтаж байв.