Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Атрын 4" аяны хүрээнд эх орны хөрсөнд ургасан дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашдаа экспортолно гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай ЗГ-ын тогтоол батлагдаж гарлаа. Тодруулбал, хүнсний ногоо тариалагчдадаа анх удаа намрын ургацын дүнгээр стандартын шаардлага хангасан ил талбайн таримлууд дахь тонн тутамд 100 мянган төгрөгийн татаас өгөхөөр боллоо.
Мөн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг ААН-үүдэд эрчим хүчний хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нээс 22.00-06.00 цаг хүртэл үзүүлдэг байсан бол энэ хугацааг аравдугаар сарын 15 болгож, цагийг орой 18.00-06.00 болгож өөрчиллөө.
Мөн малчдад зориулж, 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар болсон" гэлээ.