НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баасан гаригт яаралтай хуралдаж, Украинд биологийн зэвсэг бүтээх ажлыг АНУ санхүүжүүлж байна гэсэн Оросын мэдэгдлийг хэлэлцэхээр болжээ.
Хуралдах хүсэлтийг Орос улс гаргасан бөгөөд үүнийг нь барууны орнууд Орос улс цаашид өөрөө Украинд биологийн болон химийн зэвсэг ашиглаж болзошгүйгээ зөвтгөхийн тулд санаанаасаа зохиож байна гэж үзэж байна.
Өмнө нь Украины Ерөнхийлөгч Украин ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэдэггүй хэмээн няцааж, Оросыг Украины энгийн иргэдэд хэрэглэхээр бэлтгэж байна гэж буруутгаж байсан. НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч хурлын тухай мэдээлэлд Орос улс "дэлхий дахиныг хуурах, эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг худал мэдээлэл түгээх газар болгон ашиглахыг" эрмэлзэж байна гэсэн хариу өгчээ.
Эх сурвалж: BBC