Хариуцагч “Оргил саран” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 5103 дугаартай захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсон болно.
Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 11 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг нэхэмжлэгч нарт мэдэгджээ.
Иймд “Оргил саран” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах ёстой байна.
Тус компаниас авлагатай иргэн, байгууллагууд нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд ирүүлэх бөгөөд нэхэмжлэлдээ хариуцагч “Оргил саран” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа, хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тусгаж, холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлэх ёстой аж. Дээрх хуулийн хугацаанд нэхэмжлэлийг гаргаагүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхгүй болохыг мэдэгджээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх