Украин улсад онц байдал зарлаж, ОХУ-д амьдарч, оршин сууж буй сая сая иргэнээ яаралтай буцаж ирэхийг уриалжээ. Тухайлбал, ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан Украин 30 хоногийн хугацаатай онц байдал зарлан, батлан хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгасан ба шаардлагатай бол шөнийн цагаар хөл хорио тогтоох гэнэ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Орос улс хэдийд ч "Европт томоохон дайн" эхлүүлж болзошгүйг анхааруулж, Оросуудыг эсэргүүцэхийг уриалав. Шөнийн цагаар хэлсэн үгэндээ тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийх оролдлого амжилтгүй болсон гэж мэдэгджээ.
Владимир Зеленский "Би ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярих санаачилга гаргасан боловч ямар ч үр дүн гарсангүй. Орос Украины хил дээр бараг 200 мянган цэрэг, олон мянган байлдааны машинтайгаа зогсож байна" гэж хэлсэн байна.
Тэрбээр Украин Улс Оросын довтолгоонд бэлэн байна гэж мэдэгдээд "Хэрэв тэд довтлох юм бол манай мужийг - бидний эрх чөлөө, бидний амь нас, үр хүүхдүүдийн амь насыг булаан авахыг оролдвол бид өөрсдийгөө хамгаалах болно" гэж амлав.