Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нар зээлээ төлөх хүртэл, цаашлаад тус банкинд томоохон шинэчлэл хийх хүртэл Хөгжлийн банктай холбоотой асуудал үргэлжилсээр байх бололтой. Хөгжлийн банкны асуудлаар тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.
-Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр хэдий хугацаанд ажиллав?
-Хөгжлийн банкны хараат бус ТУЗ-ийн гишүүнээр хоёр сар орчмын хугацаанд ажилласан.
-Таны зорилго юу байв?
-Банкны нөхцөл байдал чанаргүй, найдваргүй зээлдэгчид олонтой болсон буюу 42 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээлийг төлж барагдуулах шаардлага үүссэн байсан. Энэ шаардлагын хүрээнд хуулийн мэргэшсэн чиглэлээрээ ТУЗ-д байр суурь, санал бодлоо илэрхийлж оролцъё гэсэн үүднээс сонгон шалгаруулалтад орж ажилласан. Гол зорилго нь найдваргүй зээлүүдийг гаргуулан авах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго л байсан.
Хөгжлийн банкны ТУЗ нь хараат бус 4 төрийн төлөөллийн 5 буюу нийт 9 гишүүнтэй. Намайг өнгөрсөн хугацаанд ажиллах хугацаанд ТУЗ-ийн бусад гишүүд зээлээ эргүүлэн төлүүлэх талаар идэвхтэй ажиллаагүй. Өр, авлагаа авахад дотоод, гадаадаас нөлөөлөх хүчин зүйлс, барьцаа хөрөнгөө хэрхэн хамгаалах, шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг хэрхэн хурдан хийх, зээлдэгч нарыг хэрхэн шахах зэрэг ажлуудад гүйцэтгээх удирдлагуудад зөвлөх ёстой байтал түүнтэй холбоотой шийдвэр гаргаагүй. Чанаргүй зээлтэй холбоотой аудитын тайлантай танилцахгүй, хурлаа зарлахаар ирц нь хүрэхгүй, намайг санаачилга гаргаад түр хороо байгуулъя гэхээр шийдвэр нь хэрэгжихгүй зэрэг асуудлууд байсан.
Энэ нөхцөл байдлыг төр засаг анзаарсан байх. Тиймээс Ерөнхий сайд чиглэл өгч өнгөрсөн долоо хоногт ТУЗ-ийг бүхэлд нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Зарчмын хувьд энэ бол зөв шийдвэр. Энэ бол маш чухал цаг үе. Дахиад жаахан удвал барьцаанууд ч алга болох эрсдэлтэй.
-ТУЗ-ийн гишүүд, удирдлагуудад ямар хариуцлага оногдуулах нь зөв шийдвэр болох вэ? Эрх зүйн хүрээнд ямар хариуцлага тооцох шаардлагатай вэ?
-ТУЗ хоёр төрлийн хариуцлага хүлээж байгаа. Нэгдүгээрт, бүгдийг нь чөлөөлсөн. Хоёрдугаарт, саяын чөлөөлсөн ТУЗ болон өмнөх ТУЗ-үүдэд байсан хүмүүс гаргасан ашиг сонирхлын зөрчилтэй зээлүүдийнхээ өмнөөс хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээх хуулийн зохицуулалттай. Миний хувьд бол зээлийн нэг ч шийдвэрт оролцоогүй. Тиймээс ТУЗ-ийг хамгаалах ямар ч үндэслэл байхгүй.
-Таны зүгээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг зүгээр нэг чанаргүй зээл гэхээс гадна "дээрэм" хэмээн тодотгон хэлж буй. Тухайлбал, аль ААН-ын авсан зээл "дээрэм" гэж хэлж болохуйц үйлдэл байна вэ?
-Хатуухан хэлэхэд энэ бол зохион байгуулалттай, олон талаас оролцсон асуудлууд. Тухайлбал Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” ХХК эхлээд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн ордыг өөрсдөдөө менежментийн хувьчлалаар авсан. Улсад бараг мөнгө төлөөгүй. Гэтэл энэ бол маш том үйлдвэр. Үүний дараагаар Төмөртэйн ордоос төв төмөр зам руу төмөр тавих концессийн эрх авсан байгаа юм. Гэрээний дагуу өөрийн мөнгөөрөө барих тэрхүү төмөр замаа барихаар Хөгжлийн банкнаас зээл авахаар болсон. Гэтэл Хөгжлийн банкинд тухайн үед мөнгө байгаагүй. Харин Хөгжлийн банк “Кью Эс Си” ХХК-д олгох зээлийг Худалдаа хөгжлийн банк өгсөн. Худалдаа хөгжлийн банк “Кью Эс Си” ХХК хоёр цаад талдаа нэг эзэнтэй.
Өөрийнхөө банкинаас зээл аваад барих боломжтой атал өөрийнхөө банкийг өнөөгийн нөхцөл байдал шиг хүнд байдалд оруулахгүйн тулд дундаа Хөгжлийн банкийг хавчуурга хийсэн байгаа юм. Хамгийн гол нь Худалдаа хөгжлийн банк Хөгжлийн банкинд өгсөн мөнгөө буцаагаад авчихсан. Харин Хөгжлийн банк нь “Кью Эс Си” ХХК-иас 2014 оноос хойш 8 жилийн хугацаанд мөнгөө авч чадаагүй байна. Тухайн үед 70 сая ам.доллар авсан. Харин одоо 192 тэрбум төгрөгийг өг гэж байгаа. Одоо 192 тэрбум төгрөгийг өнөөгийн ам.долларын ханшинд хувиргавал зөрүүг нь Хөгжлийн банк дахин төлөхөөр болж байгаа. Ийм учраас энэ бол зүгээр нэг чанаргүй зээл, муу зээл биш. Энэ бол зохион байгуулалттайгаар банкийг оролцуулсан дээрмийн үйл ажиллагаа. Энэ бүхэн баримтаар батлагдаж байгаа.
Хэрэв намайг худал мэдээлэл тарааж байгаа гэж үзэж байгаа бол “Кью Эс Си” ХХК-ийн зүгээс тайлбар хийх хэрэгтэй. Одоо “Кью Эс Си” ХХК нөгөө төмөр замаа улсад хүлээлгэж өгөөд мөнгөө авчихсан. ХХБ нь Хөгжлийн банкнаас мөнгөө авчихсан. Харин Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй.
-Зориулалтын бусаар зээл ашигласан 20 гаруй зээлдэгч байгаа талаар мэдээлж байна. Эдгээрт ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Нийт 3.2 их наяд төгрөгийн зээлтэй 66 зээлдэгч байгаа. Үүний талаас илүү хувь нь хийх гэж авсан зүйлдээ мөнгөө зарцуулсан талаараа банкинд нотолж чадахгүй байна. Үүнийг бид мөнгөө зориулалтын бусаар ашигласан гэж үзэж байгаа юм. Зориулалтын бус гэдэг нь эргэлзээтэй дөрвөн нөхцлийг хэлж байгаа юм.
- Нэгдүгээрт, юу нь мэдэгдэхгүй гадаадын байгууллага руу мөнгө шилжүүлчихсэн. Үүнийгээ тайлбарлахдаа тоног төхөөрөмж худалдаж авахаар мөнгөө шилжүүлсэн гэдэг. Гэтэл шилжүүлсэн мөнгөтэй нь ижил дүнтэй бараа бүтээгдэхгүүн Монголд орж ирээгүй байдаг.
- Хоёрдугаарт, 100 тэрбум төгрөгийн зээл авсан атал 10 тэрбум төгрөгийг л юунд зарцуулсан баримтаа үзүүлж чаддаг. Баримт нэхэхээр ковид зэрэг шалтаг тоочоод баримтаа үзүүлж чаддаггүй. Үүнд нөгөө талаасаа Хөгжлийн банкны муу тал харагдаж байгаа. Ийм болчихоод байхад арга хэмжээ аваад шалгуулах газар нь шалгуулж нэг мөр болгож чадаагүй. Магадгүй энэ нь ашиг сонирхлын зөрчил ч байж болох.
- Гуравдугаарт, зээлээ аваад нэг барилга юм уу байшин сав барьчихсан. Харахад 20 тэрбумаар нэг үйлдвэр барьсан. Түүнийг нь бодитоор үнэлээд үзэхээр 20 тэрбумдаа хүрдэггүй. Тэгэхээр мөнгөнийхөө тодорхой хувийг үйлдвэртээ зарцуулаад тодорхой хувийг өөр зүйлд зарцуулсан байгаа юм.
- Дөрөвдүгээрт, Хөгжлийн банкнаас зээл аваад бусад банкны өрөө дарсан. Тэгэхээр банкны өндөр хүүтэй зээлээ Хөгжлийн банкны бага хүүтэй сайн зээл рүү хөрвүүлж байгаа хэлбэр. Энэ бол Хөгжлийн банкны тухай хуулиар байж болохгүй асуудал.
Энэ дөрвөн нөхцөл бүрдсэнийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэж байгаа.
-Өчигдөр Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах үеэрээ зээлдэгч нарт бурууг тооцохоос илүүтэйгээр Хөгжлийн банкны удирдлагуудад буюу зээл өгсөн хүмүүст хариуцлага тооцох нь нэн тэргүүний асуудал болохыг дурдаж байсан. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Нэг талаараа зөв. Учир нь зээл өгч байгаа хүн хуулийн дагуу ажиллах ёстой. Хөгжлийн банкны ажилтнуудын цалин бага биш. Бусад банкиудын ажилтнуудтай өрсөлдөхүйц өндөр цалин авдаг. Улсын нэр төрийг барьцаалж авсан бондын мөнгөний менежментийг хийж байгаа атал энэ мэт буруу шийдвэр гаргасан бол асуудал илүү тэр хүмүүстэй холбоотой байх ёстой. Ганц захирал нь үүнд хамаатай гэж үзэж болохгүй. Тэр зээлийг судалсан, эрсдэлийн үнэлгээ гаргасан, ТУЗ-д оруулсан, ТУЗ-ийн шийдсэн гишүүд, цаашлаад гэрээ хийсэн гүйцэтгэх захирал гээд бүгд хариуцлага үүрэх үүрэгтэй. Мөн зээл олгосноос хойшхи асуудал бий. Зээлээ яагаад хянаагүй, барьцаагаа яагаад чангаруулаагүй, хүнд нөхцөлд орсон үед яагаад шүүхэд хандаагүй зэргийг хуулийн хүрээнд эс үйлдэхүй гэж нэрлэдэг. Эс үйлдэхүйгээр банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн ажилтнууд, үе үеийн ТУЗ-үүд асуудал үүссэн байж болзошгүй учраас үүнд арга хэмжээ авах хэрэгтэй.
-Яван явсаар Хөгжлийн банк хэрэв байх шаардлагатай бол төрөөс 100 хувь хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай олон хүн байна. Үүнтэй та санал нийлж байна уу?
-Монголчууд Хөгжлийн банктай болох санааг анх БНСУ-аас авсан. БНСУ Монголын энэ схемтэй адил байдлаар амжилттай ажилласан. Тэнд төрийнхэн нь ажилладаг, шийдвэр гаргадаг байсан. Гэхдээ хэзээ ч төрийнхэн нь ашиг сонирхлын зөрчилд автсан шийдвэр гаргадаггүй байсан.
Нөгөө талаар 100 хувь төрөөс хараат бус хүмүүс шилжүүлье гэж бодъё. Тэр хүмүүс ч лоббинд автаж болзошгүй юм. Лоббиг зөвхөн төрийн талаас хийдэг гэж би үзэхгүй байна. Тиймээс хэн ч ажилласан лобби хийх боломжгүй эрх зүйн орчин бүрдүүлэх нь хамгийн чухал. Тухайлбал ил тод байдал юм. Одоогийн байдлаар Хөгжлийн банкны бүх зүйл хаалттай байгаа юм. Хэн хамгийн анх зээл авсан, ямар төслөөр зээл авсан, хэн тэрийг нь судалсан, эрсдэлийг нь хэн тооцоолсон, зээл олгосноос хойш яаж хянаж байгаа зэрэг асуултууд тодорхой бус байсан. 10 жилийн дараа л мэдэж байна шүү дээ. Тиймээс Хөгжлийн банкны сайт дээр бүх мэдээлэл ил тод байх ёстой.
-Ярилцсанд баярлалаа.