Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй юм.
Эхний өдрийн салбар хуралдаануудаар “Хөвсгөл нуурын экосистемийн хамгаалал”, “Хөвсгөл нуурыг тогтвортой аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх”, “Хөвсгөл нуурын усны бохирдол, чанарын асуудал”, “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл сонсох юм. Чуулганы хоёр дахь өдөр дээрх сэдвүүдээр нэгдсэн хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргана.
Хөвсгөл нуурыг хамгаалах үүднээс 2022-2024 онд эрэг орчимд нь аялал жуулчлалын зориулалтаар шинээр газар олгохгүй байх, хур хогийг цэвэрлэх, хөрсний бохирдлын эх үүсвэр болсон нүхэн жорлонг устгах, хориглох, живсэн машин, техникийг бүрэн татаж гаргах, Усны чанарын лабораторийг шинэчлэх, Судалгаа-шинжилгээний төв байгуулах, аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг цогц ажил хийхээр төлөвлөж байгаа аж.