“Монгол-Орос”-ын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудал нийгэмд хурцаар хөндөгдөх болсонтой холбогдуулан тэрбээр Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Ярилцлагын үеэр тэрбээр нөхөр болох Н.Лүндэндоржийг өндөр цалингаар сургуульдаа багшлуулдаг байсан гэх асуудалд тайлбар өгчээ.
Тэрбээр "Нөхөртөө мөнгө өгөх гэсэн зорилго байгаагүй. Харин төгсөх ангийнханд өндөр түвшний мэдлэг өгөх гэсэн сайхан санаа байлаа. Манай гэр бүлийн хүн бол нийгэм судлалын багш мэргэжилтэй, философийн доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор хүн. Үндсэн багш биш. Гэрээгээр ажиллуулсан. Төсвийн мөнгөнөөс цалин олгоогүй. Сургууль өөрийн орлогоос цалинжуулсан. Манай сургууль 12 гэрээт багштай. Тэдний цалин дээд тал нь 10 сая төгрөг. Манай хүний сарын хөлс 4.1 сая төгрөг. Татвар төлөөд 3.3 сая төгрөг авдаг байсан" гэжээ.