Холбооны эрх зүйн тухай, Сангийн эрх зүйн тухай хуулиудыг шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцэх асуудлыг хаврын чуулганыг хүртэл хойшлуулсан билээ. Үүнтэй холбогдуулан тус хуулиудын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй нийт 27,000 Төрийн бус байгууллага бий. 2020 онд 400 гаруй ТББ үйл ажиллагааныхаа тайланг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн. Өөрөөр хэлбэл нийт ТББ-уудын 2 хувь нь нийтэд тусгай үйл ажиллагаа явуулж байгаа эсэхээ баримтжуулж, бүртгүүлсэн байна. Санамсаргүй байдлаар сонгогдсон 12 ТББ-д санхүүгийн шалгалт оруулахад 11 ТББ-д нь 5.9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрч, 483 сая төгрөгийн торгууль тавьсан. Иймээс ашгийн бус үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ын хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай байгаа юм.
ТББ нэрээр ашгийн төлөө хуулийн этгээдүүд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Засгийн газраас Холбооны эрх зүйн тухай, Сангийн эрх зүйн тухай хуулиудыг шинэчилсэн найруулга байдлаар өргөн барьсан" гэв.