СУРВАЛЖИЛГА: “Аавдаа шинэ жилээр бэлэглэх гэж захиалсан байр нь ашиглалтад орсонгүй, 50 сая төгрөгөө ч буцааж авч чадсангүй”

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 1 секунд

Орон сууц захиалж, гэрээнд заасан төлбөрөө төлсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй иргэд олон байна. Зарим төслийн барилгын ажил удааширч, зарим нь бүрэн зогссон бөгөөд цаашид хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болжээ.

Харин иргэд гэрээгээ цуцалж, төлсөн мөнгөө буцаан авах гэхэд компаниуд санхүүжилтгүй болсон гэх шалтгаанаар төлбөрийг нь буцаан өгөх боломжгүй нөхцөл үүсэж байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд танилцуулсан мэдээллээр 2024-2026 онд орон сууцны захиалга авч бусдыг залилсан гэх 1167 хэрэг бүртгэгдэн шалгагджээ. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хүрээнд 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гэхдээ асуудал зөвхөн залилангийн хэргээр хязгаарлагдахгүй.

УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар орон сууцны барилгын ажил удаашрах, бүрэн зогсох, зөвшөөрөлгүй эсвэл шаардлага хангаагүй байхад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэх, төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах зэрэг асуудал илэрсэн байна. Мөн иргэд гэрээний төлбөрөө 100 хүртэл хувиар төлсөн ч орон сууц нь хугацаандаа ашиглалтад ороогүй тохиолдлууд байгааг мэдээлжээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ажлын хэсэг 52 төсөлд тандалт, хяналт шинжилгээ хийхэд 15 төслийн барилга угсралтын ажил явагдаж байсан бол дөрвөн төсөл удааширсан, 15 төсөл зогссон байжээ. Харин дөрвөн төсөлд ажил огт эхлээгүй, шүүхийн байгууллагаар шалгагдаж байсан байна.

Ийм нөхцөлд иргэдийн хувьд “Байр хэзээ ашиглалтад орох вэ” гэхээс илүүтэй “Байр баригдахгүй бол төлсөн мөнгөө хэнээс, хэрхэн буцаан авах вэ” гэдэг асуудал тулгарч байна.

-Ү.Нямдулам: БНСУ-д зургаан жил ажиллаж байр захиалаад жил дамнан хүлээлээ, байр ч үгүй мөнгө ч үгүй болчихлоо-

Үүний нэг жишээ нь Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Грийн хоум эко" хотхонд орон сууц захиалсан иргэн Ү.Нямдуламын асуудал юм.

“Бизнес кластер групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй тус хотхонд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно гэсэн мэдээллийн дагуу орон сууц захиалж, нийт 50 сая төгрөгийг дөрвөн удаагийн шилжүүлгээр төлсөн байна. Ү.Нямдулам БНСУ-д зургаан жил ажиллаж байгаад 2025 онд эх орондоо иржээ. Гадаадад ажиллаж олсон мөнгөөрөө амины орон сууцтай болохоор төлбөрөө хийсэн ч өнөөдрийг хүртэл байр нь ашиглалтад ороогүй, төлсөн мөнгөө ч буцаан авч чадаагүй байна.

Тэрбээр “Би БНСУ-д зургаан жил ажиллаж байгаад 2025 онд эх орондоо ирсэн. Гэрийнхэндээ ч хэлэлгүй агаарт эко хаус захиалж, аавдаа 12 дугаар сарын 31-нд шинэ жилээр бэлэглэх гэж байсан маань бүтсэнгүй. Өнгөрсөн оны 12 дугаар сард байр ашиглалтад ороогүй талаар байгууллагаас тодруулахад "Өвөл барилгын ажил зогссон, хаврын улиралд ажил эхэлнэ" гэсэн. Хавар болоход "Санхүүжилт байхгүйгээс түр хугацаанд зогссон" гэж тайлбарласан.

Ингээд байр ашиглалтад орох хугацаа дахин дахин хойшилсон учраас захиалгаа цуцлах хүсэлт өгсөн. Гэрээнд захиалга цуцлах тохиолдолд дараагийн хүн миний захиалсан байрыг авсны дараа төлбөрийг буцаан олгоно гэсэн заалттай байсан.

Гэтэл ашиглалтад орох хугацааг анх зөрчсөн тал нь гүйцэтгэгч компани өөрөө шүү дээ. Тиймээс компанийн захиралтай ярилцаж, өргөдөл гарган төлсөн 50 сая төгрөгөө буцаан авахаар тохиролцсон. Тавдугаар сард багтаан мөнгийг буцаан олгохоор болсон ч хөрөнгө оруулалт байхгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилсоор байна. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэв.

-Бизнес кластер групп: Захиалагчийн байр хоёр сарын дараа ашиглалтад орно-

Харин “Грийн хоум эко" хотхоны борлуулалтын албанаас дээрх асуудлыг тодруулахад "Барилгын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд Ү.Нямдуламын захиалсан байр хоёр сарын дараа ашиглалтад орно" гэж мэдээлэв.

Тус компанийн борлуулалтын албанаас "Манайх одоогоор оффисгүй байгаа. Уулзаж мэдээлэл өгөх боломжтой хүн алга. Манайд Ү.Нямдулам гэх захиалагчийн гомдол байгаа бөгөөд бид гомдлыг барагдуулахаар ажиллаж байна. Барилгын ажил хэвийн явагдаж байгаа. Энэ захиалагчийн байр хоёр сарын дараа ашиглалтад орно. Бүх зүйл ном журмын дагуу явагдана.

Гэрээнд зааснаар захиалагчийн хүсэлтээр гэрээг цуцалсан тохиолдолд захиалагчийн төлсөн төлбөрийн нийт дүнгээс 10 хувийг гүйцэтгэгч тал үйл ажиллагааны зардалд суутгаж, үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч талаас дараагийн захиалагчтай байгуулсан гэрээний төлбөрийн гүйцэтгэлээр захиалагч талд буцаан олгоно гэсэн заалттай.

Манай эко орон сууцны эхний ээлжийн айлууд орсон. Одоогоор санхүүжилтийн асуудлаас шалтгаалан ажил түр зогссон байгаа. Дээд албан тушаалтнаасаа илүү тодорхой мэдээлэл аваад эргээд холбогдоно” гэсэн юм.

Мөн тус компани руу цагдаагийн байгууллагаас холбогдсон эсэх талаар одоогоор мэдээлэлгүй байгаагаа хэлсэн.

Ү.Нямдулам: Цагийн өмнө барилгын ажил дээр очиход ганц ширхэг хадаас хадаж байгаа хүн байсангүй

Харин компанийн зүгээс “Барилгын ажил хэвийн явагдаж байгаа” гэх тайлбар өгсөнтэй иргэн Ү.Нямдулам санал нийлэхгүй байна.

Тэрбээр бидэнтэй ярилцахын өмнө барилгын талбай дээр очсон бөгөөд “Тус газар худлаа ярьж байна. Би цагийн өмнө барилгын талбайд нь очсон. Гэтэл ямар ч барилгын ажил явагдаж байгаагүй. Нэг ширхэг хадаас хадаж байгаа шинж ч байгаагүй.

Надад барилгын материалын бартер хэрэггүй. Олон шалтаг шалтгааныг хүлээж, хүлээцтэй байсан. Холбоо барих гэж ч их үзлээ, болсонгүй. Надад хариу хэлэх бүрдээ хоёр сарын дараа ашиглалтад орно гэдэг байсан. Гэтэл одоо худлаа мэдээлэл өгч байна” гэв.

Ийнхүү нэг тал нь “Хоёр сарын дараа ашиглалтад орно” гэж байгаа бол нөгөө тал нь “Барилгын талбай дээр ажил огт явагдаагүй” хэмээн эсрэг байр суурь илэрхийлж байна.

-Гэрээний заалтыг хэн хэрхэн хэрэгжүүлэх вэ-

Харин энэ мэтээр барилгын ажил удааширч, иргэдийн төлсөн мөнгө тодорхойгүй хугацаагаар компанид үлдэх нөхцөл үүссэн үед иргэд эрхээ хэрхэн хамгаалах вэ.

Хуульч О.Батхүүгийн тайлбарлахдаа "Орон сууцны захиалгатай холбоотой хохирлын асуудалд иргэдийн хувьд хэд хэдэн хүндрэл бий.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч шалгалтын явц удаашрах, прокурорын шатанд хэрэг үүсэхгүй байх, улмаар шүүхийн шатанд маргаан удаан хугацаанд шийдвэрлэгдэхгүй байх тохиолдол гарч байгаа. Мөн барилгын ажил тодорхой хэмжээнд хийгдсэн боловч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зогссон төслүүдийн хувьд асуудлыг зөвхөн мөнгө буцаан олгох байдлаар шийдэхэд хүндрэлтэй гэж үзэж байна.

Учир нь зарим иргэн мөнгөө буцаан авах бус, захиалсан орон сууцандаа орохыг хүсдэг. Тиймээс ийм нөхцөлд зогссон барилгыг өөр компанид шилжүүлэн барилгыг дуусгах, эсвэл шаардлагатай тохиолдолд хөрөнгийг борлуулж, иргэдийн төлсөн мөнгийг барагдуулах зэрэг гарцыг авч үзэх шаардлагатай" гэв.

Түүний онцолсон өөр нэг асуудал нь орон сууцны захиалгын бүртгэл юм. Иргэн орон сууц захиалсан ч тухайн захиалга улсын бүртгэлд тодорхой тусдаггүйгээс нэг орон сууцыг давхар захиалах, банканд барьцаалах зэрэг эрсдэл үүсэх боломжтой гэж тэрбээр үзэж байна. Иймээс орон сууцны захиалгыг тодорхой бүртгэлжүүлж, нэг орон сууцыг давхар худалдах, барьцаалах зэрэг эрсдэлийг хаах эрх зүйн зохицуулалт шаардлагатайг хэлжээ.

-Байрыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй бол яах вэ-

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг зөрчсөн талд хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасан байдаг. Мөн гэрээнд тусгасан бол хугацаа хэтрүүлсэнд алданги тооцох боломжтой. Тиймээс орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд тухайн гэрээний нөхцөл болон хуулийн зохицуулалтын дагуу иргэн эрхээ хамгаалуулах боломжтой юм байна.

Орон сууцны захиалгатай холбоотой асуудалд хамгийн хүнд нөхцөлд үлдэж буй нь төлбөрөө төлсөн иргэд. Нэг талд гэрээнд заасан хугацаа хэтэрсэн, нөгөө талд барилгын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй, харин гэрээг цуцалж мөнгөө буцаан авахад компани санхүүжилтгүй болсон гэх тайлбар өгч байна.

Хүний нутагт зургаан жил ажиллаж хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн орон сууцтай болохоор захиалга өгсөн ч жил гаруйн хугацаанд байргүй, мөнгөө ч буцаан авч чадахгүй нөхцөлд ороод байна.

Орон сууцны барилгын ажил удааширсан, зогссон, эсвэл ашиглалтад орох хугацаа нь тодорхойгүй болсон олон төсөлд иргэдийн төлсөн хөрөнгө гацсан асуудал бий. Тиймээс энэ төрлийн маргаанд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд захиалагчийн эрхийг хэрхэн хамгаалах, төлсөн мөнгийг ямар журмаар буцаан олгох, барилгын ажил зогссон төслийг хэрхэн дуусгах, цаашид иргэдийн мөнгийг эрсдэлд оруулахгүй байх ямар зохицуулалт шаардлагатай вэ гэдэг асуудал хөндөгдөж байна.

Засгийн газар: “Гэрт ойрхон эмч“  “ойрхон эм“ бодлого хэрэгжүүлнэ
Засгийн газар: “Гэрт ойрхон эмч“ “ойрхон эм“ бодлого хэрэгжүүлнэ
 
“Мираж“ төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг түр хаана
“Мираж“ төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замыг түр хаана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!