БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон асуудлаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг дуудаж уулзжээ.
Уулзалтын дараа түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-БНСУ-д Монгол охин зодуулчихлаа. Уг асуудалд хэрхэн анхаарч байна вэ. Хэрэг гараад 6 сар өнгөрч байхад албаны хүмүүс мэдээгүй байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна?
-БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон Консулынхантай дөнгөж сая уулзлаа. Уулзалтаар хүүхдийн болон эцэг эхийнх нь асуудалд анхаарал хандуулахыг хүссэн байгаа. Хамгийн харамсалтай нь, ГХЯ болон БНСУ-д суугаа Элчин сайдын яам хэрэг гараад зургаан сар өнгөрч байхад өнөөдөр л хэвлэлээс мэдэж байна. Хэдийгээр Консулын харилцааны Венийн конвенцийн дагуу мэдээлэх үүрэггүй ч ийм ноцтой хэрэг гарвал харилцан мэдээллээ солилцох асуудалд онцгой анхаарах хэрэгтэйг санууллаа.
Хэрэг үйлдсэн дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг хаагдсан. Хоёр хүүхдийнх нь хэргийг прокурор хянаж байгаа. Тиймээс хууль журмынхаа дагуу ил тод, хэргийг яаралтай шийдвэрлэхэд онцгой анхаарч өгөөч гэх шаардлагыг тавьсан. Энэ нь эрүүгийн хэрэг учир уг хэрэгт туршлагатай сайн өмгөөлөгчийг БНСУ-ын талаас гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Элчин сайдын яам мэдээлэлтэй байна. Мөн сэтгэл зовниж байгаагаа хэлж байна. Хэргийн явцын талаар мэдээлэл өгч байхаа илэрхийлсэн.
-Охины ар гэрийнхэнтэй холбогдсон уу?
-Монголд суугаа БНСУ-ын Элчин сайдын яам охины ар гэрийнхний талаар мэдээлэлгүй байгаа. Бид мэдээллийг өгсөн. Харин БНСУ-ын Пусан дахь Монголын Консулын газар ар гэртэй нь байнгын холбоотой байгаа.
Энэ хэргийг замхруулахгүй.