Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

Огноо
Унших
6 минут 36 секунд

“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сан байгуулах тухай хэлэлцүүлэг /2021.11.30/ боллоо.

Хэлэлцүүлгийг нээж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон цахимаар мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн суурь салбар болон хөгжиж, өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 69 хувь, экспортын 93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлж байна. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан уул уурхайн салбарын томоохон зорилтуудыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээн, Олборлолтоос Боловсруулах салбар болгон хөгжүүлэхээр хууль эрх зүйн шинэчлэл, цахим шилжилтийг эхлүүлээд байна” гэдгийг онцлов.

“Монгол Улсын Эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан”-г боловсруулсан CRU consulting нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Манай улсын уул уурхайн салбарт хийсэн энэхүү судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэсэн байна. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр гэх мэтчилэн ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашид зах зээлийн чиг хандлага ямар байх, ямар боломжууд байгааг судлах зорилгоор энэхүү судалгааг явуулсан гэдгээ ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ АНДРЕЙ МИХНЕВ онцоллоо. “Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ дараагийн 10 жилд буурахгүй, учир нь Монгол Улсын экспортолж байгаа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй байна. Мөн алт, зэс гэх мэт ашигт малтмалын үнэ өндөр байна. Энэ чиг хандлага ирэх 10 жилд хадгалагдсаар байх ба уул уурхайн салбар нь улсын эдийн засгийн тэтгэгч салбар байсаар байна гэсэн үг. Түүнчлэн олон улсын хэмжээнд декарбонизаци буюу хүлэмжийн хий ялгарал ихтэй байгаа салбаруудаас эдийн засгийн бүтцийн хувьд холдох бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн. Монголтой худалдаа хийдэг гол түнш орнуудын хувьд нүүрсний хэрэглээг багасгана гэсэн шийдвэрүүд гарсан. Ирэх 10 жилд нүүрсний хэрэглээнд өөрчлөлт гарахгүй ч гэсэн 2030 оноос эхлээд нүүрсний салбарт томоохон өөрчлөлт гарч, энэ нь монголын эдийн засагт томоохон нөлөөллийг үзүүлнэ. Иймд энэ салбараас орж ирж байгаа орлогыг зөв, зохистой зарцуулах, хуримтлуулах, арвижуулах нь чухлаар тавигдаж байна. Баялгийн сангийн тухайд дэлхийд маш олон орон өөрийн гэсэн баялгийн санг байгуулж, алдаж оносон туршлагууд их байдаг. Сангийн зорилгыг тодорхой, оновчтой болгох талаар Дэлхийн банкны зүгээс санал солилцож байгаа. Харин хэрхэн, яаж зорилгодоо хүргэх арга хэрэгслийг олон төрлөөр явуулах боломжтой, техникийн тал дээр бид туслалцаа үзүүлэх боломжтой” гэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс баялагтаа эзэн монгол байх, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагасан хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй.

УУХҮ-ИЙН ДЭД САЙД О.БАТНАЙРАМДАЛ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, хэлэлцүүлэв. Тэрбээр, “Газрын баялгийн өгөөжийг зөв ашиглаж, зарцуулж чадсан улс орнууд бүгд баялгийн сангийн зарчмаар хөгжсөн байдаг. Үндэсний баялгийн санг байгуулах асуудлыг 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо болон хойч үедээ хүртээмжтэй, ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилна гэж заасан үеэс ярьж эхэлсэн. Иймд Үндсэн хуулийн шаардлагаар газрын хэвлийн баялгийн өгөөжийг Баялгийн сангийн зарчмаар иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. 12 дугаар сард багтаан ЗГ-аар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэв.

Харин МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Д.ИРМҮҮН “Дэлхийн хамгийн шилдэг туршлагыг Монголд нутагшуулах зорилгоор олон нийтийн хэлэлцүүлгийг явуулж байна. Олон нийтийн санаа бодлыг сонсож байж сангийн үйл ажиллагааг хамгийн оновчтой байдлаар зөв зохион байгуулах боломжтой. Хуулийн заалтуудад олон улсын тэргүүлэх туршлага, шилдэг жишгүүдийг шингээж өгсөн нь олон талын ач холбогдолтой гэж харж байна” гэлээ.

УУХҮЯ, Дэлхийн банк, “CRU” судалгааны консалтинг хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн, CRU consulting судалгааны байгууллагын удирдах зөвлөх Виктор Родригес, Дэлхийн банкны уул уурхайн асуудал хариуцсан ахлах шинжээч Дамиан Бретт болон эдийн засагчид, салбарын бусад төлөөлөл оролцов.

ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав
ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.