Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Хөрөнгө оруулагчид зэс, газрын ховор металл сонирхож байна

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 57 секунд

Монголын эдийн засаг өгсөж уруудах нь уул уурхайн салбараас хамаарч буй. Тэр дундаа, нүүрс, зэс гэх хоёр түүхий эдээс төсвийн орлого бүрдэж байна. Нүүрсийг дагасан авлига, хулгай, улс төрийн маргаан нийгэмд дуулиан болсны дараа биржээр худалдаалах шийдвэрийг Засгийн газар, УИХ-аар баталсан. Үр дүнд нь түүхэндээ анх удаа 70 сая гаруй тонн нүүрс экспортолсон нь Биржийн ач болохыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолж байлаа. Тэрбээр “2023 онд төсөв ашигтай гарсан нь нүүрс ил тод болсонтой холбоотой. 80 ам.доллараар зарж байсан нүүрсийг 13 хувийн хямдралтай зардаг тухай хэлэлцүүлгээс анх удаа сонссон. Тэгвэл биржээр нүүрсийг хамгийн багадаа 180-190 ам.доллар хүргэж зарсан. Энэ нь Монгол Улсын төсвийн орлогыг 60-70 гаруй хувиар нэмэгдүүлсэн” гэсэн юм.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Монголын хөрөнгийн биржийн өгсөн мэдээллээр өнгөрсөн жил 20 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж далд эргэлдэж байсан нэг их наяд төгрөгийн орлогыг Монголд төвлөрүүлжээ.

Манай улс 2023 оны нэгдүгээр сараас анх удаа нүүрсээ биржээр арилжаалснаас хойш бүтэн жил тойрч буй. Энэ хугацаанд нүүрснээс гадна төмрийг ч бас биржээр арилжаалж байгаа юм. Удахгүй зэсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдахаар төлөвлөжээ.

Энэ тухай Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас “Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь” хэлэлцүүлгийн үеэр өчигдөр зарлалаа. Тус хэлэлцүүлэгт гадаад дотоодын 200 гаруй компанийн төлөөлөл оролцсон юм. Дэлхийн зах зээлд зэсийн эрэлт нэмэгдэж олон улсын чиг хандлага ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байгаа өнөө цагт нүүрсний дараагийн найдвар нь зэс болжээ. Манай улс 56.5 сая тонн зэс металлын баталгаатай нөөцтэй. Өнөөдрийн байдлаар “Оюутолгой”, “Эрдэнэт” ТӨҮГ гэх хоёрхон компани Монголыг тэжээж байна гэхэд буруудахгүй.

Статистик мэдээллээр, 2023 оны гүйцэтгэлээр 1525 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Цаашид Оюутолгой төслийн далд уурхай бүрэн хүчин чадалдаа хүрч, Цагаан суваргын ордыг ашиглах төсөл хэрэгжсэнээр 2025 оноос 1.9 сая тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх боломжтой гэх тооцоолол бий. Мөн 2027 оноос “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа нь ирэх жилүүдэд эдийн засгийн өнгийг зэс тодорхойлох нь.

Ирээдүйд шаргал металл улам “гялалзах”-ыг Вүүд Маккензийн компанийн судалгаанаас харж болохоор. Тодруулбал, 2026 оноос зэсийн эрэлт нийлүүлэлтээс давах чиг хандалагтай байгаа бол 2023 он гэхэд эрэлт нийлүүлэлтийн зөрүү 7 орчим сая тоннд хүрч болзошгүй байна.

Энэ цаг үед хөрөнгө оруулагчид Монголд найдвар тавьж бас Засгийн газар ч ийнхүү зэсийг биржээр арилжаалахаар болсон нь нүдээ олсон шийдвэр гэж салбарынхан харж байна. Энэ талаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе.

БИРЖИЙН АРИЛЖАА "ЭРДЭНЭТ", "ОЮУЛТОЛГОЙ"-ГООС БУСАД КОМПАНИД ЗЭС ЭКСПОРТЛОХ ҮҮДИЙГ НЭЭНЭ

Сангийн сайдын зөвлөх Х.АЛТАЙ:

-Өнөөдрийн байдлаар биржид худалдан авагч 200 гаруй компани бүртгүүлсэн байна. Ихэнх нь БНХАУ-аас, үлдсэн нь бусад улс орны компаниуд байна. Эдгээр компаниуд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зэс худалдан авснаар урьд өмнө нь Монголоос зэс авч байгаагүй шинэ худалдан авагчид гарч ирнэ. Түүнчлэн Монголын зэсийн баяжмалын үнэ өснө. Ингэснээр “Оюутолгой”, “Эрдэнэт” ТӨҮГ-аас гадна бусад компани зэс экспортлох үүд хаалга нь нээгдэнэ. Өнөөдөр төслийн шатанд явж буй зэс ашиглалтад ороход ойрхон болно. Энэ утгаараа Монгол Улс зэсийн томоохон тоглогч болох боломжтой.

МОНГОЛООС ЗЭСИЙН ИМПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

БНХАУ-ын "Жүнтяошань" группын дэд ерөнхийлөгч РУБИН БАЙ:

-Манай групп зэсийн баяжмалын импортын бизнесээр удаан хугацаанд хамтын ажиллагаатай байсан. Бидэнд жилд 500 мянган тонн зэсийн баяжмал импортлох хэрэгцээ бий. Үүний 10 хувийг Монгол Улсаас худалдан авч байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд танай улсын “Оюутолгой”, “Эрдэнэт” үйлдвэрээс зэс импортолж байна. Энэ удаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Эрдэнэт” үйлдвэрээс урилгаар танай улсад 30 мянган тонн зэсийн баяжмал худалдан авах тендер, худалдан авах ажиллагаанд оролцохоор ирсэн. Мөн Монголд зэс хайлуулах үйлдвэр барихад туршлага хуваалцах хэлэлцээр хийнэ. Одоогоор бид Монголоос шууд гэрээгээр 200 мянган тонн зэс худалдан авч байна.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьд биржээр арилжаа хийх, зэсийн импортын нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Цаашид Монгол Улс боомтын хүчин чадлаа сайжруулах шаардлагатай.

Заримдаа ачаа бараа түгжирч хугацаандаа ирж чаддаГгүй. Хэрэв хоёр улсын хооронд тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл худалдан авагч талаас дуртай байх болно гэв.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЗЭС, ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ СОНИРХОЖ БАЙНА

Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.БАЯРМАНДАЛ:

-Монгол Улсын нийт газар нутгийн 3.4 хувь л хайгуулын тусгай зөвшөөрөлтэй. 1.2 хувь нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Эдийн засаг нь уул уурхайд түшиглэсэн улсын хувьд энэ нь хангалтгүй. Иймээс бид салбар хайгуулын тусгай зөвшөөрлийг ил тод болгож нээлттэйгээр зарласан. Хэрэв нэгэнт тусгай зөвшөөрөл авсан бол нэг төрлийн ашигт малтмал биш тухайн талбарт байгаа бүх ашигт малтмалыг хайх эрх үүрэгтэй байдаг. Одоогоор эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан нөөцөөр “Эрдэнэт” үйлдвэр 10 сая тонн, “Оюутолгой” 43 сая тонн, “Цагаан суварга” 1.7 сая тонн нөөц, “Хармагтай” 0.5 сая тонны нөөцтэй байна. “Хармагтай”-н орд бол алт ихтэй.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид дэлхий нийтийн эрчим хүчний шилжилтийг дагаад өмнө нь нүүрс хайдаг байсан бол одоо өнгөт металл зэс газрын ховор элементийг олборлох сонирхлоо илэрхийлж байна.

Иймээс зах зээлийн эрэлтээ дагана. Өмнө нь Монголд литийн орд хайж байгаагүй, дэлхийд эрэлт нэмэгдэж байгаа үед хөрөнгө оруулагчид энэ төрлийн ашигт малтмалыг хайж байна.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫГ БИРЖЭЭР АРИЛЖААЛАХ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ БАТАЛНА

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны газрын захирал И.ЖАВХЛАН:

-Монголын хөрөнгийн бирж 2023 оны нэгдүгээр сараас туршилтаар нүүрс арилжиж эхэлсэн. Хоёрдугаар сарын 9-ны өдрөөс албан ёсоор нүүрс арилжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд 20 орчим сая тонн нүүрсийг 10 орчим тэрбум төгрөгөөр амжилттай арилжаалаад байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас төмрийн хүдэр баяжмалыг арилжиж эхэлсэн. Энэ оны нэгдүгээр сарын сүүлийн байдлаар нэг сая орчим тонн төмрийн хүдрийг олборлосон.

Зэсийн баяжмалыг арилжаалах шийдвэр Засгийн газраас гарсантай холбогдуулан бид бэлтгэл ажлаа хангаж байна. Арилжааны зарчим нь нүүрс, төмрийн хүдэртэй ижил. Гол ялгаа нь гэрээний стандартын журам баталж байгаа.

Энэхүү журмаар ямар гэрээнд ямар ямар зарчмаар үзүүлэлттэй гэрээ хийхээр зэсийн баяжмал арилжих вэ гэдгийг тогтооно. Урьдчилсан байдлаар арилжааны хамгийн доод гарцыг 1000-2000 тонн зэсийн баяжмал байхаар тусгасан байгаа.

“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“
“Өнгөрсөн жил амьгүй донороос эд, эртхэнг нь авсан шуугиан гарсан. Талийгаач нийгмийн халамжийн татвар төлдөггүй байсан учраас оршуулгын зардлыг нь өгч чадаагүй“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.