Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршжээ.
Уг сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2.3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар мэдээлжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байна.
Гэвч үнэхээр монгол иргэдийн мэдээллийг худалдаалж байгаа юу эсвэл 700 доллар залилах гэсэн арга зам уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Сануулахад, Монголбанкны сайт өчигдөр хакердуулсан билээ. Уг асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албан ёсоор тайлбар хийхээр болоод буй. Мөн Монголбанкнаас сайт нь хэдийгээр хакерт өртсөн ч иргэдийн мэдээлэл байдаггүй гэх тайлбарыг өгчээ.