Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Сургууль, курсууд өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэхчлэн судалгаа авдаг. Гэтэл дараа нь ямар нэг тоос сорогчийн компаниас яриад энийг авах уу гээд эхэлдэг. Хаанаас утасны дугаар авсан нь тодорхойгүй. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ. Хүссэн багш нь анкет бөглүүлээд хувийн мэдээлэл аваад байж болох юм уу.
Мөн гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна. Хүнийг гүтгээд, доромжилсон тохиолдолд тэр нь хэзээ ч засагддаггүй. Буруугүй гэдэг залруулга явууллаа ч хэн ч олж хардаггүй. Фэйсбүүк дэх нэр, нүүрээ нуусан хуурамч хаягийг хааж чадахгүй шүү дээ. Тиймээс гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг эрүүгийн хуульдаа оруулж өгөөч"
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Өмнөх хувь хүнийг хамгаалах тухай хуулиар иргэн өөрөө л мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангадаг хариуцдаг байсан. Энэ хуулиар цуглуулж, боловсруулж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байна.
И Монголиа систем дээр тулгуурлаад төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой. Гэтэл ямар чиглэлээр таны иргэний үнэмлэхийг ашигласан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй байна. Жишээ нь, газрын гэрчилгээ, жолооны үнэмлэх авахад иргэний үнэмлэх шаардлагатай бол иргэнээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй.
Хуулийн төсөлд мэдээллийн эзэнд мэдээлэл очих буюу notification явуулна гээд байгаа нь энэ хуулийн гол амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэнд мэдээлэл очсоноор миний мэдээллийг төр ийм хэлбэрээр ашиглаж байгаа юм байна гэж мэддэг болно" гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хуулийн 8.6-д заасан заалтыг тодруулмаар байна. Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд хариу өгөхөөр тогтоосон хугацаа, ердийн боломжит хугацаа өнгөрсөнийг мэдээлэл цуглуулахад зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй гэж байна. Тэгэхээр энэ заалт чинь энэ хуулийн чинь гол зорилгыг хаачихаж байгаа юм бишүү. Би "Таны талаар ашигт малтмал, лиценз, уул уурхайтай холбоотой мэдээлэл цуглуулж байгаа юм" гээд зөвшөөрөл хүссэн. Гэтэл нөгөөх нь мэдээж өөрийнхөө талаар мэдээлэл өгөхгүй шүү дээ. Тэгээд хариу өгөхгүй бол тэр мэдээллийг нь цуглуулж чадахгүй нь л дээ. Энэ заалт хатуу заалт байна. Уг мэдээллийг цуглуулж чадахгүй нь байна шүү дээ"
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Нийтийн мэдээллийн хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль бол хоорондоо уялдаа холбоотой. Тэр 67 мэдээллийн чинь 5 мэдээлэл нь хаалттай, 5 нь хязгаартай гэх мэтчилэнгээр ангилчихаж байгаа юм. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь нийтийн мэдээллийн хуулиас өөр. Жишээ нь, хувь хүний мэдээллийг ажил олгогч ажилтнаасаа цуглуулж байлаа гэж бодоход мэдээллийн эзэн нь хариу өгөхгүй, хариу өгөхөөр тогтоосон хугацаа, ердийн боломжит хугацаа өнгөрсөнийг мэдээлэл цуглуулахад зөвшөөрсөнд тооцохгүй гэж байгаа. Хугацаа өнгөрсөн нь хамаагүй тухайн мэдээллийг цуглуулж байгаа талд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бол мэдээлэл цуглуулсан, зөвшөөрөл өгсөнд тооцохгүй" гэв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч байж, мэдээлнэ гэдэгт олон нийт, хэвлэлийнхэн ихэд бухимдаж байгаа. Үүнийг тайлбарлаад өгөөч. Ийм, ийм хүрээнд зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваагүйн улмаас ийм хор уршиг учирна гээд сайхан тайлбарлаад өгөхгүй юу. УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтны ХОМ-ыг мэдээлэхдээ заавал зөвшөөрөл авах уу. Энэ чинь угаасаа нийтэд ил байдаг мэдээлэл шүү дээ"
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал "Сэтгүүлзүйн зорилгоор, мэдээллийн эзний зөвшөөрлөөр эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно гэх 12.1 дүгээр зүйлийг сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, ашиглаж болно гээд мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэх томъёоллыг хасч оруулж ирж байгаа. Тэгэхээр сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл шаардахгүй гэсэн үг. Хуулийн 29 дүгээр зүйлийн 2,3 буюу мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж тодорхойлохыг хориглоно гэсэн заалтыг хасах саналтайгаар оруулж ирж байна. Сэтгүүлч нар мэдээлэл бэлтгэхдээ заавал мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй гэсэн үг. Гэхдээ мэдээж эх сурвалж, баримт нь баттай байх ёстой" гэлээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар "Энэ хууль бол хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль. Тэгэхээр сэтгүүлчид энэ хуулийг зөв ойлгох хэрэгтэй. Нийтийн мэдээллийн тухай яригдаж байгаа юм биш. Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авч байж мэдээлнэ гээд хуулийн заалтыг мушгин гуйвуулаад байна" гэлээ.