Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батжаргал: Даатгалын компаниуд төртэй өрсөлдөх хэрэгтэй болж байх шиг байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
7 минут 31 секунд

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Жаргалмаа нарын 20 гишүүн "Жолоочийн хариуцлагын даатгалыг төрийн оролцоогүй, ашгийн бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төсөл" өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг даатгалын компаниуд эсэргүүцэж байгаа бөгөөд дээрх сэдвийн хүрээнд Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалтай ярилцлаа.

-Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барин хэлэлцэх гэж байна. Энэ талаар Монголын даатгалын холбооноос ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан цахим орчинд Авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн талаар иргэдийг талцуулах мэдэгдэл хийсэн. Үүнийг одоо хэрэгжиж байгаа Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж өөрөө нэрлээд байгаа. Гэтэл шинэчилсэн найруулгын төсөл нь Сангийн яам дээр явж байгаа. Хууль санаачлах эрх нь гишүүнд байгаа учраас хуулиа санаачлах эрхийг нь бид хүндэлж байгаа. Гэхдээ энэ хууль алдаа, оноотой байна. Мөн мэдээллийг гажуудуулсан мэдэгдлийг хийж байна.

Хуулиар хэн нэгэн тээврийн хэрэгсэл жолоодох бол бусдын өмнө хүлээх хариуцлагаа заавал даатгуул гэсэн гол үндсэн зарчимтай. Энэ бол 2012 оноос хойш хэрэгжиж буй Жолоочийн даатгалын тухай хууль юм. Үүнийг сайжруулж, шинэчлэсэн хэмээн өөрөө хэлээд байгаа боловч үнэндээ тийм зүйл алга. Харин эсрэгээрээ чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг байхгүй болгон, төрийн дор хуулийн этгээд байгуулж түүндээ бүгдийг төвлөрүүлэх гэж байна. Ингэснээрээ манай салбарын удирдлага, хяналт алдагдах эрсдэлд орсон байна. Одоо хэрэгжиж байгаа хуулийг СЗХ гээд УИХ-ын дэргэдэх байгууллага хяналт тавьж ажилладаг. Даатгалын салбар бол зохицуулалттай салбар. Тайлан, төлөвлөгөөгөө тушаадаг, түүнийхээ дагуу явсан үгүйгээ үргэлж хянадаг юм. Гэтэл энэ хяналтаас нь гаргаад ЗТХ-ийн яамд аваачиж наана гэнэ. Тэндээ хэдэн хүмүүс ТУЗ-д нь суугаад бүгдийг шийдэх нь гэж харж байгаа. Энэ бол байж боломгүй зүйл. Даатгалын салбар бол хохирлыг нөхөн төлж, зам тээврийн ослоос үүдэн санхүүгийн хувьд хохирохгүй байх ёстой гэдэг зарчмыг л барьдаг юм. Үүнийг ЗТХ-ийн яамтай хольж, хутгах гэж байна. Олон улсад ийм жишиг байхгүй. Төрөөс хамтарч ажиллаж болно. Түүнээс биш өөрсдөө төрийн өмчит компани байгуулаад, өөрсдөө даатгал хийнэ гэдэг нь дэлхий дээр байхгүй зүйл.

Даатгалын компаниудад учир дутагдалтай зүйл бий юу гэвэл бий. Үүнийг бид сайжруулсаар л байгаа. Хуулиараа нөхөн төлбөрийг 30 хоногийн дотор шийдэх ёстой бол бид 24 цагийн дотор олгож байна. Сүүлийн үед гар утсаа ашиглан 20 минутийн дотор шийдвэрлэх боломжийг технологийн дэвшлээр шийдэж чадсан. Хөрөнгө оруулалтаа хийгээд, хүний нөөцөө бэлдээд, маш олон залуусыг ажлын байраар хангаж байгаа энэ салбарыг гажуудуулах зүйл хийж байна.

-Энэ салбарт өнөөгийн байдлаар хичнээн хүн ажилладаг юм бэ?

-Орон нутаг болон нийслэлд нийт 2000 орчим хүн даатгалын салбарт ажиллаж байна. Монгол Улс газар нутгийн хувьд тархмал байдалтай учраас аймаг, сум, дүүрэг бүрт төлөөлөгч нар ажилладаг. Цар тахлын үед бид цахимаар даатгал хийдэг, цахимаар нөхөн төлбөрийг олгох ажлуудыг хийсээр л ирсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд хөл хорьж байх үеэр ч бид нөхөн төлбөрөө олгосоор л байсан. Бидний ажил хэзээ ч зогсоогүй. Цахимаар, зайнаас, утсаар зэрэг хэлбэрээр нөхөн төлбөрөө олгосон. Гэтэл үүнийг мэдсээр байж ийм хууль өргөн барьж байгаа нь үнэхээр жолооч нарын асуудлыг шийдэх гэж буйдаа биш. Энэ бол тодорхой бүлэг этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж хийж байгаа ажил хийж байна гэж байна.

-Та бүхний хийж байгаа ажлыг төр өөрийн мэдэлд авах гээд байгаа талаар хэллээ. Хэрэв энэ хууль батлагдвал даатгалын компаниуд ямар нөхцөл байдалд хүрэх вэ?

-Бид сайн дурын даатгалаа хийнэ гэсэн үг. Бид төртэй өрсөлдөх хэрэгтэй болж байна. Төр далайлгаж байгаад мөнгийг чинь аваад өгөхдөө гэдийх зарчимд орно.

-Даатгалын компаниудад шинэчлэх шаардлагатай зүйлс байгаа талаар та дурдсан. Энэ талаараа дэлгэрүүлбэл?

-Зам тээврийн ослоос үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна. Дэлхий дээр хамгийн хамгийн их осол гардаг салбар бол зам тээвэр. Амь нас, эрүүл мэндийн үнэлгээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Японд хүний амь нас 600 сая иен хүрч байсан. Харин манай улсад 5 сая төгрөгийн 80 хувиар үнэлдэг. Үүнийг бид 50-100 сая төгрөг болгоё гэдэг саналаа 2017 оноос хойш өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хуульд тусгаагүй атлаа төрийн сан байгуулах ажил хийж байна.

-Хуулийн төслийг өргөн барьсан мэдээллийг хэзээ мэдсэн бэ?

-Энэ оны тавдугаар сард хэнд ч мэдэгдэлгүйгээр parliament.mn сайтын хуулийн хэлэлцүүлэг дээр тавьсан байсан. Энэ талаараа бидэнд ер мэдэгдээгүй. Түүнийг хүмүүс өдөр бүр харахгүй. Даатгалын салбарын мэргэжлийн холбоод Сангийн яамтай хамтраад бэлдэж байгаа төслүүд Сангийн яам дээр бий. Түүнийгээ хурдлуулъя гээд яамд мэдэгдсэн ч батлаагүй л байна. 2019 онд уг нь үзэл баримтлалын хувьд баталсан. Гэвч засаг солигдохоор хууль тогтоомжийн дагуу хүлээгдээд байна.

-Та бүхнийг хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн гэж ойлгож болох уу?

-Бид бүрэн нээлттэй. 2017 оноос хойш маш олон саналуудыг тавьсан. Энэ салбар хараат бус байх ёстой. Үүнийг зөвхөн нэг этгээдэд төвлөрүүлбэл юу болох талаар бодох хэрэгтэй.

-Олон улсад ийм жишиг байхгүй гэж дээр дурдлаа?

-Төр нь компани байгуулаад даатгалын хураамж цуглуулдаг жишиг дэлхийд байхгүй. Төр зохицуулалтын үүргээр оролцдог. Хэрэв ашиг олоод байвал хураамжийг нь буулгах мэргэжлийн тооцоолол хийх хэрэгтэй. Харин алдагдалтай бол өсгөдөг зарчмаар төр оролцдог.

МоАХ-ыг нам болгож, Монголын ногоон намыг өөрийн болгох Х.Баттулгын ТӨЛӨВЛӨГӨӨ
МоАХ-ыг нам болгож, Монголын ногоон намыг өөрийн болгох Х.Баттулгын ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Ерөнхий сайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад зарим зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, ЗГ-ын хуралдаанд танилцуулахыг үүрэгдэв
Ерөнхий сайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад зарим зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, ЗГ-ын хуралдаанд танилцуулахыг үүрэгдэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.