Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батжаргал: Даатгалын компаниуд 2 удаагийн үерийн улмаас үүссэн хохиролд иргэн, ААН-д 400 орчим сая төгрөгийг олгоод байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
12 минут 4 секунд

Нийслэлчүүд ердөө нэг сарын дотор үер усны гамшгийн нөхцөл байдалтай хоёр ч удаа нүүр туллаа. Энэ цаг үед үерт эд хөрөнгөөрөө хохирсон иргэд даатгалын компаниудыг бараадах нь элбэг байв. Тэгвэл бид байгалийн гамшгийн үед даатгалын компаниуд хэрхэн ажилласан болон эд хөрөнгө тэр дундаа иргэд барилга, байшингаа даатгалд хамруулах нь хэрхэн зохицуулагддаг талаар Монголын даатгалын холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргалтай ярилцлаа.

Өнгөрсөн удаад болсон хоёр удаагийн үерийн гамшиг олон нийтэд даатгал бидэнд ямар хэрэгтэй болохыг бүрэн бодох хэмжээний нөхцөл байдлыг бий болголоо. Ер нь иргэд маань эрсдлийн араас даатгал, даатгал гэж ярьдаг мөртлөө түүнийхээ талаар магадгүй байгуулсан гэрээнийхээ талаар хүртэл төдийлөн мэдээлэл дутмаг мэт санагддаг?

-Даатгал бол иргэдийн боддог шиг амьдралаас хол хөндий зүйл биш. Даатгалын үйлчилгээг ярихаас өмнө иргэн, ААН-ийн түвшинд эрсдэл гэдэг ойлголтыг мэдэх нь тун чухал. Эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийн тохиолдох магадлал, хүлээгдэж буй хохирлоос үүдэн түүнийг удирдах боломжтой байдаг. Тухайбал: Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод үүсээд байгаа үерийн эрсдэлийг бууруулах боломж байсан. Түүнчлэн даван туулах боломжгүй эрсдэлийг хүлээн авахгүй байх, зайлсхийх эсхүл хүлээгдэж буй хохирол нь өндөр үед эрсдэлийг шилжүүлэх боломж байдаг. Монгол улсын хувьд нийгмийн түвшинд томоохон эрсдэл нь өвчлөл түүн дотроо халдварт өвчин, гэнэтийн осол эндэгдэл их бөгөөд зүрх судасны өвчлөл, ходоод болон элэгний хорт хавдарын шалтгаант нас баралт хамгийн өндөр байдаг. Мөн зам тээврийн осол, обьектын гал түймэр зэрэг нийтлэг хохирол ихтэй эрсдэлүүд тэргүүлж байна.

Даатгалын үйлчилгээний хувьд иргэн болон хуулийн этгээдэд учирч болох санхүүгийн хүндрэлийг даван туулахад зориулж даатгалын олон тооны гэрээнээс даатгалын санг бүрдүүлж гэрээнд заасан шалтгааны улмаас хохирол учирсан даатгуулагч этгээдэд гэрээний үнэлгээний хэмжээгээр хохирлыг төлөх зорилготой санхүүгийн үйлчилгээ юм.

Иргэдийн хувьд ямар, ямар эрсдэлийг хэдий хэмжээний үнэлгээтэйгээр даатгалын компанид шилжүүлж гэрээ байгуулж байгаагаа маш сайн анхаарч гэрээгээ байгуулах хэрэгтэй. Мөн гэрээнд заасан эрсдэлийг ойлгож тодорхойлсны үндсэн дээр гэрээгээ баталгаажуулж даатгалын хураамжийг төлөх нь нэн тэргүүнд анхаарах зүйл байдаг.

-Тээврийн хэрэгслүүдийг байгалийн гамшигт өртсөн гэдгээр даатгалын компаниуд хохирлыг барагдуулж байгаагаа мэдээлж байсан. Гэтэл нөгөө талд үерт өртсөн иргэд үл хөдлөх хөрөнгө буюу гэр, хашаа байшин нь сүйдсэн, урссан хохиролд төр засгаас дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Ер нь иргэд үл хөдлөх эд хөрөнгөө хэр даатгуулдаг юм бэ?

-Эрсдэл учирахад бэлэн байх гэдгийг ойлгож чадвал даатгал гэдэг иргэд, хуулийн этгээдийн хувьд нэн тэргүүний хэрэгцээ байх юм. 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар 125 мянган хувь хүн, 3230 хуулийн этгээд 590 мянган обьектыг даатгасан байна. Хашаа байшин, гэр, орон сууц, обьект, агуулахын байр, тоног төхөөрөмж, бараа материал зэрэг хөрөнгийг даатгуулдаг. Тээврийн хэрэгсэл хөдлөх хөрөнгө бөгөөд иргэдийн хувь хамгийн их эрэлттэй даатгалын бүтээгдэхүүн юм. 2022 онд 70 мянган тээврийн хэрэгсэл даатгуулж, 16,5 тэрбум төгрөгийн хохирлыг даатгалын компаниуд төлсөн байна.

-Та өмнө яриандаа эрсдлийг мэдэрч түүнд бэлэн байж чадвал даатгал тийм ч хол зүйл биш гэлээ. Гэхдээ манайхны хувьд эрсдлээ мэдэрч чадаж байна гэж харж байна уу. Эрсдэл учирсны дараа л анхаарч ханддаг зүйл мэтээр ойлгодог шүү дээ?

-Эрсдэлийн талаарх ойлголт, эрсдэлийг удирдах боломжтой гэдгийг л бүх түвшинд ойлгох хэрэгтэй болов уу. Эрсдэлийн талаарх системтэй ойлголтыг Монгол улсын онцлогт тохируулан боловсролын хөтөлбөрт оруулах хэрэгтэй байна. Энэ талаар ч идэвхитэй санал санаачлагыг даатгалын салбарт хэрэгжүүлж байна.

Түүнчлэн дээр дурдсан нийгмийг хамарсан томоохон эрсдэлд бэлэн байж, эрүүл мэнддээ анхаарах, галын эрсдэлийг бууруулахын тулд галын мэдрэгч, спринклер барилга байгууламжид байрлуулах гэх мэт арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатай. Мэдээж дээрх эрсдэлүүд учирахад санхүүгийн хувьд тогтвортой байдлаа алдахгүйн тулд даатгалд дээрх нийтлэг эрсдэлүүдийг шилжүүлж гэрээ байгуулах нь иргэд болон хуулийн этгээдийн хувьд санхүүгийн хямралд өртөхгүй байх хамгийн түгээмэл арга гэдгийг онцолмоор байна.

-Саяхан болсон хоёр удаагийн үерээр даатгалын компаниудад хохирлоо барагдуулах гэсэн хэчнээн иргэн, ААН хандав. Одоогоор хэр хэмжээний хохирлыг нь шийдвэрлэсэн талаар мэдээлэл бий юу?

-Хамгийн сүүлд авсан мэдээллээр Улаанбаатарт 185, орон нутагт 72 тохиолдлоор даатгалын компаниудад нэхэмжлэл үүсгэсэн байна. Үүнтэй холбогдуулан иргэн болон хуулийн этгээдэд өчигдрийн байдлаар нийт 400 орчим сая төгрөгийн хохирлыг даатгалын салбараас олгосон байна. Мөн хараахан шийдэгдээгүй байгаа ААН-тэй холбоотой томоохон хэмжээний хохирлууд байгаа. Энэ нь ганц иргэний тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулахтай ижил түвшний зүйл биш шүү дээ. Бараа материалын үлдэгдлийг тоолох, шалтгааныг олж тогтоох, акт тавина, хөндлөнгийн байгууллагууд орж ажиллана, хохирлын хэмжээг тооцох, баталгаажих зэргээс шалтгаалаад хугацаа шаардагддаг. Харин иргэдийн хувьд хохирлыг хурдан шуурхай олгохоор ажиллаж байгаа. Харьцангуй хурдан олгож байна. Ингэхдээ тээврийн хэрэгслийн даатгалдаа үер усны гамшгийн эрсдлийг сонгож оруулсан бол нэн тэргүүнд нэг сая төгрөгийн урьдчилсан хохирлыг анхны мэдүүлгээр өгч байгаа. Нилээд олон тээврийн хэрэгслийг бүрэн сольж өгч байгааг та бүхэн компаниудын мэдээллийн сувгаас харж байгаа байх.

-400 орчим сая төгрөг шийдвэрлэсэн нь хоёр удаагийн үерийн нэгтгэгдсэн дүн мэдээлэл үү?

-Тийм ээ. Энд нэг зүйлийг хэлэх нь зөв. Нийт нэхэмжилсэн хохирлын үнэлгээний 70-80 хувь нь хуулийн этгээд дээр байгаа. Үлдсэн 30 орчим хувь нь иргэн талдаа байгаа. Томоохон хэмжээний хохирлууд нь ААН, хуулийн этгээдийн хөрөнгийн хохирол дээр үүссэн байна. Үер устай холбоотой хохирол л дээрх хэмжээтэй байгаа бөгөөд нөгөөтэйгүүр 7 хоногт даатгалын салбар дунджаар 1,5-2 тэрбум төгрөгийн хохирлыг нийтлэг төлж барагдуулж хууль болон гэрээний үүргээ биелүүлж байгаа.

-Иргэд хохирлоо барагдуулахаар даатгалд хандахад хохирлыг бодитоор барагдуулсангүй зэргээр асуудал хөнддөг. Тэгвэл нөгөө талдаа иргэдийн зүгээс хохирлоо барагдуулахаар даатгалд хандахдаа түгээмэл гаргадаг алдаа юу байна?

-Хуулиар ч тэр, гэрээнд зааснаар даатгуулагчийн үүрэгт нэн тэргүүнд даатгагчид мэдээлэх шаардлага байдаг бөгөөд даатгалын тохиолдол үүсвэл нэн даруй даатгалын компанидаа хандах хэрэгтэй. Мөн даатгалын зүйлийн хохирлыг бууруулах боломжтой арга хэмжээг авах хэрэгтэй байдаг. Гэтэл асуудал болоод өнгөрсний дараа ч юм уу хандах нь бий. Даатгалын хэд хэдэн зарчим бий. Туйлын үнэнч шударга байх зарчим. Хоёр тал аль аль нь хүлээдэг зарчим. Учир нь тухайн зүйлийг даатгуулахдаа бид хуулийн өмнө үнэн, хүчин төгөлдөр гэж гэрээ хийж байгаа. Гэтэл тухайн даатгалын тохиолдлыг баталгаажуулах боломжгүй хугацааны дараа хандах зэрэг асуудлууд үүсдэг. Даатгалын тохиолдол болсныг зураг, дүрс бичлэгээр баталгаажуулах боломж байгаа. Баталж болох бүх л баталгааг тоочиж, даатгалын компанидаа мэдүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд даатгалын компани хохирлыг хянаж үзээд л олгочих бүрэн боломжтой. Ойлгомжгүй байдал үүсгэчихээр лавлах, тодорхой болгоход чиглэсэн хугацаа зарцуулах шаардлагатай болдог.

-Эрсдэл хэзээ ч үүсч болно. Тэгвэл иргэд даатгал хийлгэхдээ юун дээр анхаарах ёстой вэ гэдэг тал дээр та ямар звөлөгөө өгөх вэ?

-Нөхцөл байдал ямар ч бай шууд л даатгуулчихъя гэхээсээ илүү эхлээд өөрт чинь байгаа үнэ цэнтэй зүйлсэд эрсдэл тохиолдох магадлалыг бууруулах хэрэгтэй. Багасгах хэрэгтэй. Үерийн эрсдэл учирч болзошгүй гэж үзвэл үерийн аманд хөрөнгө зарж хашаа байшин барихгүй байх. Нөгөө талдаа ЗГ-ын зүгээс үерийн эрсдэл тохиолдоход бэлэн байдлаа хангасан байх ёстой. Үүний тулд Гамшгийн тухай хуулийн дагуу үер усны далангуудаа бэхжүүлж сайжруулах, үерийн бүс нутагт айл өрхийг буулгахгүй байх чиглэлд хууль тогтоомжоо сайжруулж, эрсдэлтэй бүс нутагт байгаа айл өрх, аж ахуйн нэгжийг нь нүүлгэн шилжүүлэх, олон нийтэд мэдээлэх зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудаа маш сайн хийх нь зөв. Үүнд тодорхой төсөв тавьж ажлуудаа хийх ёстой. Аливаа хохирол тохиолдсны дараа дараа авах арга хэмжээний зардал урьдчилан сэргийлэх зардлаас хамаагүй өндөр байна шүү дээ. Иргэдийн хувьд эрсдлийг бууруулах арга хэмжээгээ авсны дараа даатгуулах нь зөв. Манай гэр бүлд ямар хохирол учирч болзошгүй гэж үзэж буйгаа нарийн тооцож, тохиролцож, даатгуулах хэрэгтэй. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах нь зөв.

Нэгдүгээрт, даатгалын гэрээнд ямар шалтгааны улмаас хохирол учирсан тохиолдолдхохирлоо барагдуулна гэдгээ тодорхой ойлгомжтой тусгаж оруулах хэрэгтэй. Даатгагч, даатгуулагч хоёр тал аль аль нь гэрээний нөхцлийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай.Түүнд тохирсон магадлалын тооцоог даатгалын компани тооцож хураамж буюу гэрээний үнийг даатгалын компани танд санал болгоно.

Хоёрдугаарт, даатгуулагч болон даатгалын компани ямар үүрэг хүлээх вэ гэдгээ маш сайн анхаарах хэрэгтэй. Эцэст нь даатгалын тохиолдол үүсэхэд даатгуулагч ямар арга хэмжээг авах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээж дээрх гэрээний нөхцлийг даатгалын гэрээг даатгуулагч таньд зарж байгаа аливаа этгээд заавал танилцуулж, ойлголт өгөх үүрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхийн хоёрдахь удаагийн үнэлгээг эхлүүллээ
Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхийн хоёрдахь удаагийн үнэлгээг эхлүүллээ
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.