Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Халтар сайдаас дахиж хариуцлага нэхэж “болохгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 42 секунд

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр ирэх оны улсын төсвөөс гадна хоёр сэдэв анхаарал татлаа. Тухайлбал, Дарханы замын бүтээн байгуулалт, түүний явцын талаарх салбарын сайдын байр суурь болон УБТЗ-ын дараагийн удирдлагаар сонгогдох хүн ямар шалтгаанаар “гацаанд” орсон талаарх мэдээлэл юм.

Дарханы замын ажил иргэдийн толгойны өвчин болсоор гурав дахь жилийн нүүрээ үзэж буй. Энэ ажил эхэлж байх үед ЗТХ-ийн сайд Л.Халтар тухайн салбарын дэд сайдаар ажиллаж байсан бол өдгөө салбарын сайдаар ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, энэ бүх хугацаанд аль шатанд алдаа дутагдал гарсан, хаана нь анхаарах шаардлагатайг мэдэхийн дээдээр мэдэх хүн.

Гэтэл өчигдөр ЗТХ-ийн сайд Л.Халтар “Дарханы замыг эхлүүлсэн нь чухал. Аливаа ажлыг эхэлнэ гэдэг нь нийт ажлын 50 хувь. Санхүүжилт олдсон нь сайн. Шалгарсан компани хариуцлагагүй хандсан нь үнэн. Энэ оны наймдугаар сараас эхлэн гүйцэтгэгч нар нь тодроод хучилтаа хийгээд эхэлсэн. Өвөл хатуу ухмалтай хэсгийн замыг хучаад 2022 оны аравдугаар сард хатуу хучилттай автозамаар хөдөлгөөнөө нээхээр явж байгаа” гэж ярив.

Хамаг алдааг өмнө зарлагдсан тендерийн гүйцэтгэгчид рүү чихсээр. Мэдээж багцын асуудлаас болоод замын ажил явахгүй байсан нь үнэн. Гэхдээ үүнийг бодлогын түвшинд шийдвэрлэж, алдаа дутагдлыг тэр дор нь засаж залруурах үүрэгтэй хүн нь салбарын сайд Л.Халтар.

Эдийн Засгийн Байнгын Хорооны хуралдааны үеэр ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар “Дарханы зам бол танк явахад ч хэцүү зам. Дарханы шороон замын тэрүүхэн хэсгээс болоод ОХУ-аас Монголд ирж байгаа ачаа барааны үнэ дөрөв дахин үнэтэй орж ирж байна. Төр замаа барьж чадахгүй бол хувийн хэвшлээр бариулах хэрэгтэй” хэмээн онцлон хэлж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хэлж буйгаар оросууд Дарханы замыг шоолж байна гэх. Шоолох нь ч аргагүй. 200 км замын ажлыг гурав дөрвөн жилээр дамнаж хийдэг төртэй улс дэлхийд байхгүй гэхэд хэлсдэхгүй. Дарханы замын “түчигнээн” дунд машиныхаа эд ангийг гэмтээж эдийн засгийн хохирол амссан, аваар осол хийж эрүүл мэндээ эрсдэлд оруулсан хэдэн мянган иргэний асуудал хэдийн үүссэн байхад “эхэлж байгаа нь сайн хэрэг” гэж хэлж боломгүй.

Хоёрдугаарт, өнгөрсөн зунаас хэрхэх нь тодорхойгүй байсаар өдийг хүргэсэн УБТЗ-ын удирдлагын асуудлаар ЗТХ-ийн сайд Л.Халтар “УБТЗ-ын удирдлагаар Монгол хүн тавих асуудлыг Оросын талд тавиад талууд тохиролцоонд хүрсэн. Нэр дэвшигчдийн хувьд асуудал бий. Манайханд нэг хэцүү зүйл байгаа нь Монгол иргэнийг нэр дэвшүүлэхээр тухайн хүний муу талыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээд эхэлдэг. Тэр нь ОХУ-д сөрөг мэдээлэл болоод байгаа юм. Эхний удаад нэр дэвшсэн хүмүүст гацаа үүссэн нь үүнтэй холбоотой. Ойрын өдрүүдэд Ерөнхий хорооны хурлыг дахин хуралдуулж, энэ асуудлыг дахин ярилцаж Монгол иргэнийг УБТЗ-ын удирдлагаар томилох асуудал Ерөнхий сайд болон ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукын уулзалтын үеэр яригдаж шийдэгдсэн” гэв.

УБТЗ “ХНН”-ийн дарга асан Д.Жигжиднямаагаас хойш Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлэхэд ОХУ-аас хүлээн зөвшөөрөөгүй. Үүний шалтгааныг Л.Халтар сайд хэвлэл мэдээллийн байгууллага руу “чихэх” нь зүйд хэр нийцтэй вэ. Төмөр замын удирдлагыг томилох ажлыг ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ахалж буй. Зунаас хойш гурвын гурван хүнийг албан ёсоор нэр дэвшүүлээд ОХУ-ын холбогдох албаныхантай зөвшилцөж, томилж чадаагүй. Энэ асуудлаас болоод төмөр замын салбар тэр чигтээ гацаанд орсон. Тэр ч бүү хэл хоёр орны харилцаанд ч ан цав суусан. Магадгүй төр замтай холбоотой асуудлаас болоод шатахуун тасрах явдал үүссэн байж болзошгүйг улс төрийн хүрээллэнхэн ярьж байна.

ЗТХЯ-ны хариуцаж буй салбарын гол нэгж хэсгийн удирдлагад сонгогдохоор нэр дэвшсэн хүмүүсийн шаардлага хангахгүй байдлыг хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлснийг ОХУ тухайн хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбон тайлбарлаж байна. Нэр дэвшүүлсэн хүнийг хэвлэлийнхэн “гөвдөг” хэмээн салбарын сайд гоморхов. Хорхойд ч хоргүй хэн нэгнийг хэвлэлээр “гөвөөд” байх тохиолдол үгүй. Асуудалтай болоод л “гөвүүлж” байгаа. Асуудалгүй хүнээ сонгоод томилоод явуулчихвал ОХУ ч тэр, хэвлэл мэдээлэл, олон нийт ч тэр хоёр гараа өргөөд энэ асуудлыг эртхэн цэгцлэхийг дэмжинэ.

Б.Амарбаясгалан

Маргааш Улаанбаатар хотод 14 хэм дулаан
Маргааш Улаанбаатар хотод 14 хэм дулаан
 
Онцгой байдлын албан хаагчид 3 тэрбум 165 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Онцгой байдлын албан хаагчид 3 тэрбум 165 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.