Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд халдвар буурах нөхцөл нь ард иргэдийн өөрсдийн эрүүл мэндийн боловсрол, дархлаажуулалтын хамрагдалтын хувиас шалтгаалах ба НЭМГ-аас эрүүл мэндийн сайдын эрчимжүүлсэн тушаалын дагуу ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм. Тэрбээр "Нас баралтын тухайд, манай улсад дунджаас дээш насны иргэдийн нас баралтын хувь өндөр байгаа. Нас баралтын хувь тийм ч их нэмэгдээгүй. Гэхдээ нас баралтаас сэргийлэх гол зүйл нь тандалт, шуурхай хариу арга хэмжээний баг цаг алдалгүй өвчтөнийг эмнэлэгт хүргэх асуудал л байгаа. Нэг иргэний амь нас ч бидэнд үнэтэй. Бид цар тахалтай тэмцэхэд нэг иргэндээ Монгол Улс 111 сая төгрөг зарцуулсан байна гэсэн эдийн засгийн тооцоолол гарсан талаар өнгөрөгч байнгын хорооны хурлаар яригдсан" гэлээ.