УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн илтгэлийг сонслоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хуулийн төсөл техник талаасаа шаардлага хангахгүй байна. Хууль лоозон, тунхагийн шинж чанартай байж болохгүй. Төрийн албаны хуулиар ингэж хамаагүй оролдож болохгүй. Г.Тэмүүлэн нарын гишүүдийн санаачилсан хууль улс төрийн албан тушаалтнуудад тавигдах тодорхой шаардлагуудыг тавьж байгаа мөртлөө хэрхэн хэмжих нь тодорхойгүй байна. Аливаа гаж зуршилгүй, зан төлвийн доголдолгүй байх гэдгийж яаж тодорхойлох вэ.
Нүүр амаа оролддог, хамрын тамхи татдаг ч гаж зуршилд ордог. Дарга нар ажилтнуудаа гаж зуршилтай гэж хэлээд ялгаварлан гадуурхах боломжтой болох гээд байна. Яаж хэмжих нь ойлгомжгүй хууль хийчихвэл сүүлдээ төрийн энгийн алба хаагч нарыг хэлмэгдүүлж эхэлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Энэ хууль бол зөвхөн улс төрийн алба хаагч нарт тавигдах шаардлага. Төрийн жинхэнэ албан хаагчидтай хамааралтай, тэднийг ялгаварлан гадуурхах, ямар нэгэн байдлаар хэлмэгдүүлэх зүйл заалт байхгүй. Харин өнөөдөр Монголын төрд нийт 206 мянган төрийн албан хаагч байгаа. 3600 гаруй улс төрийн албан хаагч байгаа. Монголын төрийн албанд нүүрлэж байгаа намаараа хуваагдаж, улс төрждөг, төрийн жинхэнэ албан хаагчдыг хэлмэгдүүлдэг салбарын бус, мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавья гэдэг асуудал байгаа. Өнөөдөр магадгүй салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй сайд нар байгаа. Тухайн салбартаа ч ажиллаж үзээгүй мөртлөө тухайн салбарт томилогдож салбарыг самардаг, мэргэжлийн хүмүүсийг хэлмэгдүүлдэг нөхцөл байдлаас ангид байлгах асуудлыг тавьж байгаа юм" гэв.