Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “ХЗДХЯ-наас Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрт том чиглэл оруулсан. 2024 он гэхэд хувийн хэвшлийн салбарыг шинэчлэх юм. ААН, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчинг тодорхой болгоно. 2002 оноос хойш иргэний эрх зүйн хууль тогтоомжид өөрчлөлт ороогүй. Тиймээс шинэчлэл хийх болсон.
Бизнес хийх дүрэм нь тодорхой байж, тэдний хооронд шударга тохиролцоо алдагдсан тохиолдолд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх хугацаа үе шатыг хялбаршуулж өгөх болно. Манайд хэрэгжиж буй төлбөрийн чадваргүйдлын хууль нь ААН, иргэнийг “дампууруулахад” оршиж байна. Энэ хуулийн үндсэн зарчим нь бизнесийн байгууллагыг хэрхэн эрсдэл багатай хямарлын үеийг даван туулах, дахин хөрөнгжүүлэх вэ гэдэг агуулгатай. Иргэд хоорондын бизнесийн харилцаа харилцааг иргэний хуулиар, бизнесийн байгууллагууд хоорондын харилцааг арилжааний хуулиар харин иргэн харилцагчын хооронд үүсэж буй харилцааг хэрэглэгчийн гэрээний хуулиар зохицуулахаар хуулийн төсөл бэлдэж байна.
Иргэний эрх зүйн суурь зохицуулалт өөрчлөгдөж байгаатай холбогдуулан гэр бүлийн, иргэний болон үүргийн эрх зүйн бусад зохицуулалтыг агуулсан хуулиудад өөрчлөлт орно. Бага үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүхийн 35 хувийн ажлыг эзэлдэг. 16.6 жилийн дараа шийдэгдсэн хэрэг ч байна. Энэ мэт хэргүүдийг маш удаан шийдвэрлэж байгаа нь бизнесийн байгууллагуудыг эдийн засгийн эрсдэлд оруулж байна. Тиймээс бага үнийн дүнтэй хэрэг буюу 10 сая төгрөгөөс доош хэргийг шүүхийн нэмэлт процессгүй шууд шийдвэрлэх хялбар процесстэй болох, шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучилдаг болох шинэчлэлийг мөн өргөн барих болно.
Ирэх долоо хоногоос шүүхийн гол амин сүнсүүд хэрэгжиж эхэлнэ. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сахилгын хорооны гишүүд ажиллана. Эдгээр хүмүүс нь шүүхийн хараат бус байдлыг хангахаар олон нийтээс сонгогдсон. Шүүгчийн ерөнхий зөвлөл нь хуульчдаас хэн нь шүүгч байх вэ гэдгийг шийднэ” гэлээ.