Монгол Улсын Нийт шүүгчийн анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгох бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүний 5 орон тоонд 16 шүүгч, Сахилгын хорооны шүүгч гишүүний 4 орон тоонд 10 шүүгч нэрээ дэвшүүлээд байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
Тэрбээр "Одоогоос 30 жилийн өмнө энэ танхимд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн ардын их хурлын депитатууд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байсан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй нийт шүүгчид энэхүү хүндэтгэлийн танхимд цуглан Үндсэн шинэ байгууллагаа эмхлэн байгуулж буй нь тохиолдол биш. Та бүхэн энэхүү чуулганаараа шүүхийн захиргааны байгууллага дахь шүүгчийн төлөөллөө сонгоод зогсохгүй, шүүх байгууллагын ололт, амжилт, алдаа, дутагдал, цаашдын зорилго, зорилт шийдвэрлэх олон асуудалдаа үнэлэлт дүгнэлт өгч олон талаас нь шүүн тунгаан ярилцана гэдэгт би итгэж байна.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институц, хүний эрхийн газраас 2020 оны эхээр гаргаж байсан дүгнэлтэд шүүхэд авлига, улс төр, гүйцэтгэх эрх мэдлийн зүй бус нөлөөлөл орсоор буй нь шүүхийн бие даасан байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн манай улсын эрдэмтэн судлаач нар дээрх дүгнэлттэй санал нийлдэг. Энэхүү асуудлыг шийдэхээр УИХ 2021 онд Шүүхийн тухай хуулийг батлан гаргасан.
Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны гишүүдийг сонгож, томилох үйл явц хуулийн хэрэгжилт өнгөрсөн хугацаанд гацаанд ороод байсныг та бүхэн мэдэж байгаа. Төрийн тэргүүний хувьд эрх зүйн тодорхойгүй байдлыг эмхэлж цэгцлэн хуулийг нэг мөр хэрэгжих нөхцлийг бүрдүүллээ. Харин Үндсэн хуульд оруулсан шүүх эрх мэдлийн талаар нэмэлт өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэн, амь оруулах түүхэн үүрэг хариуцлага та бүхэнд оногдож байна.
Чин шударгаар ажиллаж байгаа шүүгчид, албан хаагчдын үр дүн, нэр төр зарим шүүгчийн гаргасан гэмт хэрэг, ёс зүйгүй, бусармаг үйлдлийн хар сүүдэрт дарагдаж буйд би туйлын харамсаж байна. Төрд зүтгэж буй хэн ч гэсэн төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой гэж сайхан үг байдаг. Шүүгч та төрийн сүлдэндээ тангараг өргөдөг цөөн албан тушаалтны нэг юм. Өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэг ч таныг дагалдахыг санах ёстой. Шүүх эрх мэдэл бол ядарсан нэгний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах Монгол төрийн хууль цаазын ташуур юм" гэлээ.