Засгийн газрын гишүүд буюу зарим сайдуудад хариуцлага тооцох асуудлыг өнөөдрөөс парламент дотор хүчтэй ярьж эхлэх гэж буй талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
Намрын чуулгантай зэрэгцүүлж УИХ-ын гишүүдээс сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөхөөр зэхсэн ч Ардын намын удирдлагуудын зүгээс нөхөн сонгууль өнгөрөөхийг хүссэнээр уг асуудал түр “царцсан”. Уг нь тооцоолол ёсоор өчигдөр явагдсан нөхөн сонгууль нэг мөр дуусч, өнөөдрийн бүлгийн хурлаас эхлээд улс төрийн хариуцлагын асуудлууд хөндөгдөх байлаа. Гэвч сонгогчдын ирц 50 хувиас дээшээ гараагүй тул эдгээр тойргуудад дахин санал хураах процесс өрнөхөөр боллоо.
Хэдийгээр улс төрийн тооцоолол нурсан ч гэсэн гишүүд хариуцлагын асуудлыг хөндсөн хэвээрээ байх нь ойлгомжтой. Өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн шиг Л.Халтар, С.Энхболд, Н.Уртнасан болон Г.Ёндон, Н.Тавинбэх хоёрын нэгийг сонгоод дөрвөн сайдад хариуцлага тооцох. Эсвэл нэмээд З.Мэндсайхан, Ч.Номин нарт хариуцлага ярих шуум байна. Харин эхний ээлжид дөрвөн сайд байх уу, дөрвөөс илүү “шүд” сугалах уу гэдэг асуулт сонирхол татаж байна.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага тооцох сайд нарын нэрсийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт оруулж ирье гэдэг саналыг гишүүдэд тавиад буй аж. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндсэн дөрвөн концепсийн нэг болох “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмэгдүүлэх заалтыг УИХ-аар батлуулж, гишүүн сайдуудын тоог нэмэгдүүлнэ. Үүнийхээ хэрэгжих хугацааг ойрын хугацаанд тавиулж амбицаа дийлэхгүй байгаа гишүүдийг сайд болгож, бүлэг фракциудын хүслийг хангах. Уг процесстой хамтаар хариуцлага тооцох сайд нарыг нэрсийг оруулж, Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх тохироо аж. Мөн ирэх онд үйл ажиллагаа нь эхлэх хоёр шинэ яамны сайд нарыг ч гэсэн нэг мөр танхимдаа багтаая гэж байгаа гэнэ.
Гэвч гишүүдийн ихэнх нь Ерөнхий сайд, намын даргынхаа уг шийдлийг таашаахгүй байгаа бөгөөд хэтэрхий их хугацаа алдана гэж үзэж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүд “Ерөнхий сайд цаг хугацаа хожих гэж байна” гэж бухимдацгааж буй гэнэ. Тэд дөнгөж төсөв хэлэлцэж буй парламент 11 дүгээр сарын 15-н хүртэл төсвөө хэлэлцэж дуусахгүй. Араас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд улс төрийн бүх намуудтай зөвшилцсөн байх хэрэгтэй. Ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрч, улсын хэмжээнд зөвлөлдөх уулзалтууд хийх шаардлага гарна. Дөн өвлийн хүйтнээр зуд турьхан, өвөлжилтийн асуудлуудыг ундарч байхад уг асуудлыг хийхэд нэн хүндрэлтэй.
Иймэрхүү байдлаар асуудал сунжирсаар 2022 он гарна. Магадгүй хэлэлцэж амжилгүй намрын чуулган өндөрлөж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэх магадлалтай. Яалтчгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хууль өргөн бариад, ногоон гэрлээр хүч түрээд шийдчих боломжгүй асуудал. Парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг олон нийт дэмжих байх. Харин “давхар дээлтэй” сайдуудын тоог нэмж Засгийн газраа хамгаалж үлдэх гэсэн Ерөнхий сайдын санаархлыг дэмжинэ гэхэд бэрх. Сая гэхэд л хөрөнгө оруулалтын тухай хуульд орсон өөрчлөлтийг олон нийт эсэргүүцэж, сошиал давлагаа үүсгэснээс болж гишүүд нь арьсаа хамгаалж, уг хуулийг буцааж татах дээрээ туллаа. Ийм байхад “давхар дээл”-тэй сайдуудыг тоог нэмж, гишүүдэд “бялуу” хуваахыг тийм ч амархан нүдээ аниад өнгөрөөчихгүй л болов уу.
Ер нь нарийн яривал Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ардын намын гишүүд бүгд гараа өргөж дэмжихгүй байгаа. Сайд болох магадлалтай гишүүд нь битүүхэн алгаа ташаад, хуулийн төслийг бичээд гүйж яваа ч, тоглоомын гадаа үлдэх хэсэг нь дэмжихгүй байгаа аж. Тиймээс Засгийн газрын зүгээс санал болгож буй хариуцлага тооцох сайд нарын нэрсийг, Үндсэн хуулийн өөрчлөлттэй хамт хийх саналыг гишүүд төдийлөн хүлээж авахгүй л болов уу.
2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сайд нартай хариуцлага тооцох асуудал бүрэн эрхээрээ ганц Ерөнхий сайдад л байгаа. Харин УИХ-д Ерөнхий сайдыг өөрийг нь өргөн барьж огцруулах эрх нь бий.
Г.Лхагвадорж