Сөрөг хүчний жагсаал, Их хурлын даргын анхааруулгаар эхэлсэн энэ намрын чуулган Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ирэх гурван жилийн улс төрийн зам мөрийг тохируулна. Ардын намынхан одоогийн байдлаар шинжилгээ, шатахуун, сайжруулсан түлш зэрэгт иргэдийг оочерт уяад амжлаа. Цаашдаа бид юунд дугаарлаж зогсох нь тодорхойгүй хэвээр байна. Эрүүл мэндийн салбарын дампуурлын талаар яриад ч нэмэргүй. Өнгөрсөн зуны турш л огцруулна, сугална гэх битүүхэн мессеж дунд явж ирсэн Л.Оюун-Эрдэнийн танхимын сайдуудын хариуцлагын асуудал дахин сөхөгдөж эхлэх нөхцөл бүрдэв.
Гэхдээ энэ удаад сайдууд руу чиглэсэн хариуцлагын “сэлэм” Ерөнхийлөгчийн зүгээс эргэлдсэн сурагтай. НҮБ-ээс тэрбум мод тарихаар ирсэн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ирсэн тэр даруйдаа ҮАБЗ-ийг цуглуулж мод тарихаа хэлсэн. Гэхдээ энэ үүнийхээ хажуугаар Ерөнхий сайдад хандаж ажлаа хийж чадахгүй, асуудал дагуулаад буй сайдуудыг соль гэх шахалтыг үзүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.
Үүнийг нь батлах мэт УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы индрээс “…Сайдуудаас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулъя. Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд хариуцлагатай байх ёстойгоо умартаж болохгүй. Чадахгүй, мэдэхгүй байгаа бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахууны хомсдол үүсэж, нийгэмд нэлээд бухимдал үүсгэлээ. Хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой…” гэж мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ҮАБЗ дээр хэлсэн үг чуулганы танхимд УИХ-ын даргын амаар гарч буй нь энэ хэмээн эх сурвалж онцолж буй юм. Гэхдээ Ерөнхийлөгчийн хэлсэн үг, шахалтад худлаа зүйл байхгүй. Төрийн сайд хийх нь байтугай төлөг маллахад ч нэмэргүй сайдууд ажлаа хийж чадахгүй Ерөнхий сайдын чихнээс байнга хонх уяад байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн үзүүлсэн хариуцлагын шахаанд Зам тээврийн сайд Л.Халтар, БОАЖ-ийн сайд Н.Уртнасан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй зунжин яригдсан нөгөө л хэдэн нөхдийн нэр түрүүлж өртөх сураг дуулдав.
УИХ дахь олонхын бүлгийг удирдаж буй Д.Тогтохсүрэн дарга хүртэл сайд нарт хариуцлага тооцох асуудлаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламент хяналтын чиг үүргээ хүчтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Мэдээж хариуцлага алдсан юм гарсан. Энэ чиглэлээр цаашдаа яригдаад явах байх гэж бодож байна. Бүлгийн хурлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно” гэж чуулганы нээлтийн өдөр мэдээлсэн. Бүлгийн хурал өчигдөр болсон ч хэвлэлд тодорхой мэдээлэл өгөлгүй тэгсгээд өнгөрөв. Бүлгийн даргын байр суурийг харахад УИХ-ын даргынхаа талд зогссон гэдгээ нотолж байна.
Сөрөг хүчнийхэн хүртэл Засгийн газрыг бүтцээр нь ярихгүйгээр нэр бүхий сайдуудыг дурдаж, хариуцлага нэхэж харагдсан.
Энэ бүгдээс дүгнэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахиад л сайд нараасаа салах уу, тамгаасаа салах уу гэдэг ацан шалаанд орох бололтой. Гэхдээ саарал ордны гурван давхраас эхэлсэн энэ удаагийн шахаа урд өмнөхөөсөө илүү хүчтэй өрнөх магадлалтай хэмээн улс төрийн хүрээнийхэн ярилцаж байна. УИХ-ын дарга ч, бүлгийн дарга ч намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг сайжруулах ёстой гэх агуулгыг тоть шиг давтсан. Магадгүй энэ үгний цаана төсөв дөнгөж хэлэлцэж дуусав уу, үгүй юу Засгийн газарт УИХ-ын гишүүд багтаж шингэх операц өрнөх бололтой. Шинээр хоёр яам байгуулна, дээр нь асуудалтай 3-4 сайдуудыг Ерөнхий сайдын танхимаас сугална. Эдгээр дээр нэмээд Үндсэн хуулийн өөрчлөлт нэрийн дор “Давхар дээлтэй” сайдуудын тоог нэмж оруулж ирснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн “цус” сэлбэх юм.
Ерөнхий сайд хэрвээ сайдуудаа өгөөд, засгаа авч үлдэж чадвал энэ удаадаа “хонь бүрэн, чоно цатгалан” үлдэнэ. Нэгэнт “гоожиж” эхэлсэн Засгийн газрын ирээдүй бүрхэг гэж үзвэл “базахыг” нь базаж, тохирохтой нь тохирч эцсээ хүртэл тэмцэх байх. Юу болохыг хамтдаа харцгаая.