21-хэн насандаа цусны "Хүндэт донор" болсон. Өдгөө 23 настай залуу "Хүндэт донор" Б.Пүрэвнамжилтай ярилцлаа.
-Анх хэрхэн цусаа өгч байсан бэ?
-Би 2016 онд оюутан болсон. Тэр үед сургуульд цусны төвөөс явуулын цус цуглуулах баг ирж цус авч байсан. Тухайн үед цусаа өгөх гэсэн боловч урд шөнө нь зургаан цагаас дээш унтсан байх ёстой байсан. Миний хувьд шалгалттай байснаас болоод зургаан цаг унтаж чадаагүй гэх шалтгаанаар өгч байгаагүй. Дараа нь найзтайгаа хамт очиж өгсөн. Оюутан байхдаа нийгмийн сайн сайхны тулд юу хийж болох талаар бодож мөн сайн дурын ажил хийх ёстой гэдгээ ойлгож байсан. Цус бэлэглэх бол үр дүн нь тодорхой, сайн зүйл шүү дээ. Тогтмол цусаа өгдөг донорууд байдаг талаар уншаад тэдний нэг болохоор шийдсэн. Түүнээс хойш хоёр сар тутамд тогтмол цусаа бэлэглэдэг болсон. Манай гэр бүлд надаас өөр донор байхгүй.
-Нийт хэдэн удаа цусаа бэлэглэж байсан бэ?
-Нарийн хэлж мэдэхгүй байна. 42, 43 удаа байх. Хамгийн сүүлд 3, 4 сарын өмнө өгсөн. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын үед өгөөгүй байгаа.
-Анх цусаа өгөхдөө хэдэн настай байсан бэ?
-Би одоо 23 настай. Анх 18 настайдаа өгсөн. Нийт таван жил өгч байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тогтмол өгдөг байсан. Сүүлийн жил ковидоос шалтгаалаад харьцангуй багассан. Бас нэг шалтгаан нь оюутан байхад цус цуглуулах газар сургуультай ойр байсан учраас ойр ойрхон өгдөг байсан. Одоо бол зав гаргаж байж очдог болсон. Гэхдээ тогтмол цусаа өгдөг хэвээрээ байх болно.
-Цус өгсөнөөс шалтгаалан биед чинь ямар нэг өөрчлөлт гарч байсан уу?
-Миний хувьд ямар нэг өөрчлөлт гарч байгаагүй.
-Хүндэт донор болоход хэдэн удаа цусаа өгсөн байх шаардлагатай вэ?
-Хүндэт донор болох шаардлагууд маш энгийн. 35 ба түүнээс дээш удаа цусаа өгсөн байх шаардлагатай. Миний хувьд 2020 оны зургадугаар сард хүндэт донор болж байсан. Цусаа бэлэглэж эхлээд дөрвөн жил орчим болж байсан. Тэр үед 22 нас хараахан хүрээгүй 21 настай байсан.
-Хүндэт донор болсноор ямар нэг давуу эрх эдэлдэг үү?
-Хүндэт донор болсноор олон давуу тал эрх үүсдэг. Жишээлбэл, төрөл бүрийн тэтгэлэг, хөтөлбөрүүдэд хамрагдахад нийгмийн сайн сайхны төлөө үйл хэрэг хийж ирсэн гэдгийн баталгаа болдог учраас давуу эрх үүснэ. Нөгөө талаас донор хүний хувь хүн талаас эдлэх эрхүүд байна. Улсын эмнэлгээр дараалалгүй үйлчлүүлэх, жилд нэг удаа сувилалд амрах, нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхтэй байдаг.
-Үеийнхээ залуусийг цус бэлэглэхэд уриалж үг хэлнэ үү?
-Шууд утгаараа өөрийнхөө биений хэсгийг зориулж хүний амь аварч байна. Мөн цусаа өгөх нь тухайн хүний хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн илрэл болно. Нийгэмд сайн сайхан зүйлийг хийх хэрэгтэй гэж боддог залуу хүний заавал хийх ёстой үйлдэл юм шүү. Эрэгтэй хүүхэд цусаа өгч болохгүй, цус багасна гэх мэт яриа хүмүүсийн дунд байдаг. Энэ нь ташаа ойлголт. Харин ч цусны эргэлт сайжирдаг. Тиймээс шинжлэх ухаанаар батлагдаагүй ярианд итгэлгүйгээр цус өгөх нь өөрөө ямар ашиг тустай вэ гэдгийг судлаад, ШУ-ны үндэслэлтэй нотолгоо дээр суурилж дүгнэлт гаргаарай гэж уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Дэлэгнанзадмаа