Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 52 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хотын дарга Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байсныг онцлоод, 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг сайтар боловсруулах шаардлагатайг, энэ хүрээнд есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29 хүртэл сарын хугацаанд иргэдээс санал авна гэдгийг хэлсэн юм. Мөн тэрбээр “Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, арванхоёрдугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтад орж ажиллана” хэмээв.

Улаанбаатар хот түүхэндээ зургаан удаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байсан. Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002, 2013 онд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 оны аравдугаар сараас эхлэн боловсруулж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачдын дунд 1200 гаруй хүнийг хамарсан цахим хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан юм. Үүнээс гадна Засгийн газрын яамд, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа үргэлжилж байна.

Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/ вэб хуудас, "Улаанбаатар 2040" Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгслүүд болон харьяа хороогоор дамжуулан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг авч, саналаа өгөх боломжтой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэн таны санал, оролцоо нэн чухал юм.

Д.Сумъяабазар:  ЗТХЯ тендерт оролцоод гүйгээд байлгүй замын стандартыг өөрчлөх асуудлыг шийдмээр байна
Д.Сумъяабазар: ЗТХЯ тендерт оролцоод гүйгээд байлгүй замын стандартыг өөрчлөх асуудлыг шийдмээр байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.