"Суурь машины хажууд цурам хийлгүй хоносондоо
Сульдахаасаа илүү ажилчин чимээнд нь эцнэ" хэмээн их зохиолч Д.Цоодол шүлэглэсэн байдаг. Үүнтэй агаар нэгэн буюу өрхийн эмнэлгийн эмч, ажилтнууд өдөрт 10-14 цагийг эмчилгээ үйлчилгээнд зарцуулж байна. Гэхдээ эмчилгээ үйлчилгээндээ ядрахаас илүүтэйгээр иргэдийн уур бухимдал, заналхийлэлд эцэж байгаа нь эмч, сувилагчдын бодит байдал болоод байна. Тангараг өргөсөн эмч хүн "нүсэр" ажлаас зугтан үүрэгт ажлаа орхиж буй явдал цөөнгүй байгаа нь ч мөн өнөөгийн бодит дүр зураг. "Тэсэж" үлдсэн эмч нарынхаа ажлыг хөнгөвчлөх хамгийн энгийн үйлдэл бол хариуцлагатай, ёс зүйтэй, хүлээцтэй байх юм. Энэ зүйлийг та, би, бид бүгд чадна. Гагцхүү бусдын төлөө цохилж суугаа зүрх бүхнийг л хайрлацгаая.
Ингээд цар тахлын хүнд хэцүүтэй "улаан гараараа" шууд тулж буй эмч, эмнэлгийн байгууллагуудын төлөөлөл болох Өрхийн эрүүл мэндийн төвийн нөхцөл байдлыг сурвалжлахаар Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай хороодын нэг болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ӨЭМТөвөөс мэдээллийг бэлтгэлээ.
БЗД-ийн 26 дугаар хорооны "Тэгшдүүрэн хүслэн" ӨЭМТ өглөө 08.00 цагаас үүдээ нээнэ. Эмнэлэг үүдээ нээхээс өмнө коронавирусийн халдвар авсан иргэний ойрын хавьтал болсон 20 гаруй иргэн эмнэлгийн үүд сахин дараалал үүсгэн зогсжээ. Харин эмнэлгийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш коронавирусийн халдвараас бусад шалтгаанаар эмнэлэг зорин ирсэн иргэд олон байлаа. Тэдгээр дунд хүүхдээ тэвэрсэн залуу ээжүүд, эмчилгээний дэвтрээ барьсан хөгшид хаалга хаалганы үүдэнд очин "Орох уу, эмч ээ" хэмээн зөвшөөрөл авсаар эрсдэл дунд дасан зохицохоор алхаж явна.
Бид эмнэлгийн үйл ажиллагаа болоод хорооны хэмжээнд халдварын нөхцөл байдлын талаар "Тэгшдүүрэн хүслэн" ӨЭМТ-ийн дарга Ё.Сугарбаяртай ярилцсан юм.
-"Тэгшдүүрэн хүслэн" ӨЭМТөв өнөөдрийн байдлаар нийт хэдэн эмч, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-БЗД-ийн 26 дугаар хороо 40 мянга гаруй оршин суугчтай. Хорооны өрхийн эмнэлэг өнөөдрийн байдлаар 40 гаруй эмч, ажилтнуудын баг бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
-Халдварын үед үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаа талаараа танилцуулбал?
-Байгууллагын үндсэн тусламж үйлчилгээ буюу 0-2 насны хүүхдүүдийн товлын дархлаажуулалт, нөхөн сэргээх эмчилгээ, тариа эмчилгээ, өдрийн амбулаторийн үзлэгүүд хийгдэнэ. Үүн дээр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2-11 настай хүүхдүүдийн томуугийн вакцинжуулалт, жирэмсэн эхчүүдийн томуугийн вакцинжуулалт ба коронавирусийн халдвар авсан иргэдийг гэрээр нь үзэх эмнэлзүйн хоёр баг буюу дөрвөн их эмч, хоёр жолооч ажиллаж байна. Мөн ойрын хавьтал болсон хүмүүсээс pcr болон түргэвчилсэн тест авч байна.
-ӨЭМТ-д өдөрт ойролцоогоор хичнээн дуудлага ирж байна вэ?
-Байгууллагын утсанд өдөр 400-500 дуудлага ирдэг. Секунд тутамд л дуудлага ирдэг. Ярьж байгаа хүний биеийн байдал болон бусад шалтгаанаас хамааран зарим хүмүүстэй удаан хугацаагаар ярих шаардлатай болдог. Тэр үеэр давхар дуудлага орж ирэх үед биднийг утсаа авсангүй хэмээн иргэд бухимдах тохиолдол олон байдаг.
-Коронавирус халдварын гуравдахь давлагааны оргил үе өрнөж байна. Тус хорооны хувьд халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
-Есдүгээр сар гарсаар 15 хоногийн дотор 1524 эерэг тохиолдол гарсан байна. Хагас сарын хугацаанд нэг хорооны хэмжээнд 1500 гаруй тохиолдол гэдэг өндөр үзүүлэлт. Сүүлийн өдрүүдэд тогтмол 180-200 тохиолдол бүртгэгдэж байна. Өчигдөр л гэхэд нийт 206 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Оройн 21.00 цаг хүртэл 176 хүний хариу эерэг гэж батлагдсан ба тэр хүмүүстээ эмийн багцаа хүргэж өгсөн хэдий ч өглөө нь нэгдсэн тоогоо харахад 30 тохиолдол нэмэгдсэн байгаа юм. Ойрын хавьтлуудаас авч буй шинжилгээний багийнхан өчигдөр 180 хүнээс шинжилгээ авахад 93 нь буюу 50-иас дээш хувь нь эерэг гарсан байна.
-СЭТГЭЛ ЗҮЙГЭЭРЭЭ Л ИХ ЯДАРДАГ ЮМ БАЙНА-
-Эмнэлгийн ажилтнууд халдвар авах тохиолдол хэр олон гарч байна вэ?
-Саяхныг хүртэл эмнэлгийн эмч, ажилтнууд халдвар авсан тохиолдол байгаагүй. Өмнөх долоо хоногоос манай эмнэлгийн эмч, сувилагч болон тэдгээрийн ар гэрээс халдвар авч ажлаас түр чөлөөлөгдөх тохиолдлууд гарч байна. Наймдугаар сарын сүүлд энд ажиллаж байсан нэг сувилагч, нэг эмч шантраад утсаа хүртэл унтраагаад яваад өгсөн. Эмнэлгийн ажилтнууд хүнд нөхцөлд ажиллаж байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
-Халдвар авсан иргэд айж, сандрах, бухимдах тохиолдол олон байгаа байх. Энэ тохиолдолд ямар хариу арга хэмжээ авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна вэ?
-Тийм. Шинжилгээний хариу эерэг гарлаа гэсэн мессэж утсанд нь ирэхэд л хямарчихдаг. Цочирдсон мэдрэмжээ өрхийн эмч нарт гарган уурлах, утсаар загнах, харааж зүхэхээс эхлэн амь насанд заналхийлэх тохиолдолд ч гарч байсан. Түгжрээний улмаас бага зэрэг удаад очиход удлаа хэмээн уурлаж эмч, сувилагч нарын биед халдсан тохиолдол ч гарсан. Дан ганц манай эмнэлэг ч биш, улсын хэмжээнд ажиллаж буй ихэнх эмч, ажилтнуудын хувьд өдөр тутмын эмчилгээ үйлчилгээндээ ядрахаас илүүтэйгээр иргэдийн зүй бус харилцаанаас болж ядрах нь элбэг. Ер нь хүн гэдэг сэтгэл зүйгээрээ л их ядардаг юм байна.
ӨЭМТ-ийн дарга Ё.Сугарбаяртай 20 минутын хугацаанд ярилцан түүнээс өрөөнөөс гарч ирэхэд эмнэлгийн коридор иргэдийн хөлөнд дарагдсан байв. Өрөө бүрийн хаалганы үүдэнд байрлах гурван хүн багтах суудалтай сандал дүүрч, зарим хүн "наашаа, цаашаа" болсоор "Би ч оочер захисан байсан" хэмээн хэзээний л хэл ам хийсээр сурсан зангаа хаяагүй иргэд мэр сэр үзэгдэнэ.
-ТУСГААРЛАХ БАЙР, ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ ЗЭРЭГ ОЛОН ГАЗАР ДАЙЧЛАГДАХАД ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ ХАМГИЙН ӨНДӨР НЬ БАЙНА-
Халдвар авсан иргэдтэй утсаар холбогдон зөвлөгөө өгч буй резидент эмч Д.Саранзаяагаас зайнаас зөвлөгөө аван гэрээр эмчлүүлж буй иргэдийн талаар тодрууллаа.
Тэрбээр "Хүмүүсийн харилцаа, хандлага бараг зэрэг хүнд байдаг. Өдөрт 200-300 хүнтэй ярьдаг. Зарим халдвар авсан хүмүүс эмийн багц ирэхгүй байна гээд шууд эмнэлэгт ороод ирдэг. Надтай адил резиндент эмч нар 2020 оны 11 дүгээр сараас эхлэн дайчлагдсан. Тусгаарлах байр, шинжилгээний цэг зэрэг олон газар ажиллахад ӨЭМТ-ийн ачаалал хамгийн өндөр байгаа нь мэдрэгдэж байна. Учир нь ӨЭМТөвд бүх зүйл нэг дор. Ойрын хавьтлын шинжилгээ авна, эмийн багцаа хүргэнэ, тандалт хийнэ гээд бүх зүйлийг амжуулдаг учраас ачаалал маш өндөр. Халдвар авсан хүмүүстээ хандаж хэлэхэд хэрэв таны шинжилгээний хариу эерэг гарсан бол айж сандралгүй тайван байж, халуун, бүлээн зүйл уун, шим тэжээлтэй хүнс хэрэглэж өрхийн эмнэлгээс холбогдтол түр хүлээж байгаарай. Оршин суугаа хаягийн асуудалгүй л бол бид тантай заавал холбогдох учраас тайван хүлээх хэрэгтэй" гэлээ.
-ХАЛДВАР АВСНАА НУУЖ, ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГААР ҮЙЛЧЛҮҮЛСНЭЭР ЖИРЭМСЭН ЭМЧИД ХАЛДВАР ТАРААЖЭЭ-
Амбулаторийн их эмч Э.Сарнайгаас нөхцөл байдал болон эмнэлгийн үндсэн эмчилгээ, үйлчилгээний талаар тодрууллаа. Тэрбээр "Эмнэлгийн ачаалал анхан шатандаа хэд дахин ихэссэн. Энд нялх хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнууд байгааг мэдсээр байж зарим иргэн халдвар авснаа нууж орж ирээд үзүүлж байна. Үүнээс болж би өөрөө ч халдвар авсан. Өглөө 08.00 цагаас ажилдаа ирээд 17.30 цагтаа тарах тохиолдол бараг байхгүй. Эмнэлгийн үйлчилгээгээ явуулахаас гадна эмийн багц савлах, хүргэх, зэрэг ажлууд хийж байна. Миний хувьд бие давхар учраас эмийн хүргэлтэд явдаггүй. Орой ажил тарснаас хойш манай зарим эмч нар хэсгийн ахлагч нартаа туслан эмийн багцаа тарааж айлуудаар явдаг" гэв.
Амьсгалын замаар халдварлах халдварт өвчнийг туссан нь хувь хүний алдаа биш. Харин халдвар авснаа нэгэнт мэдсэн бол өөрийгөө тусгаарлан бусдад тархаахгүй байх нь тухайн иргэний үүрэг юм. Гэтэл халдвар авснаа нуун эрсдэлт бүлэгт хамаарах нялх хүүхэд, ахмад настнуудын үйлчлүүлж буй эмнэлгийн байгууллагыг зорьж байгаа нь зарим иргэд цар тахлын хүнд ачааг хуваалцахын оронд дээрээс нь нэмж дарсаар байгаа нь харамсалтай.
Эмнэлгийн үйл ажиллагааны талаар иргэдээс тодруулахад БЗД-ийн 26 дугаар хорооны иргэн Г "Эмнэлгийн байгууллага нь жижигхэн. Нэг дугаартай хаалганд зөвхөн хүүхдүүдийн вакцин хийж байгаа. Гэтэл бусад том хүмүүс яг тэр хаалганы дэргэд нарийн коридорт оочерлон зогсдог. Хүүхдүүд, насанд хүрэгчдийн хэсгийг тусгаарлах шаардлагатай учир энэ байраа томсгох хэрэгтэй" гэлээ. Мөн хорооны ахмад настан М "Манай хорооны өрхийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ тогтмол сайн байдаг. Үзүүлье, зөвлөгөө авъя гэсэн үедээ ирээд үзүүлчихдэг. Эмч, сувилагч нар ачаалал ихтэй нөхцөлд ажиллаж байгаа учир иргэд хүлээцтэй байх хэрэгтэй байх" гэв.
-НЭГЭНТ Л ХАМГААЛАЛТЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛЭЭ ӨМССӨН БОЛ ӨГЛӨӨНӨӨС ОРОЙ ХҮРТЭЛ ИДЭЖ, УУЖ БОЛОХГҮЙ, БИЕ Ч ЗАСАХ Ч ЭРХГҮЙ-
Өрхийн эмнэлгийн жолооч Ю.Энхтүвшингээс нөхцөл байдлыг тодруулахад "Хүндрэлтэй тал нь хүн ам ихтэй хороо учраас түгжрэл их байдаг. Мөн зогсоол олддоггүй. Өдрийн цай ууна гэж бараг үгүй. Би машинаасаа буудаггүй учраас гараа сайн угааж байгаад багахан юм олоод идчихдэг. Манай эмч нар нэгэнт л хамгаалалтын хувцас хэрэглэлээ өмссөн бол өглөөнөөс орой хүртэл юм идэж, ууж болохгүй, бие ч засах эрхгүй л явдаг. Үүнийг ард түмэн ойлгож эмч нараа хайрлах хэрэгтэй" гэв.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан
Гэрэл зураг, дүрс бичлэгийг: Б.Бат-Оргил