Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуу ихэсдэг. Коронавирусийн тархалт өндөр байгаагийн хажуугаар томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа нь эрсдэл дагуулаад байна. Мөн ханиад авсан иргэд коронавирустай андуурах тохиолдол ч гэсэн гараад байгаа юм. Энэ талаар СБД-ийн Нэгдүгээр хорооны "Ачит гар" Өрхийн эмнэлгийн Их эмч П.Тунгалагтай уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу. Энэ жилийн хувьд томуу томуу төст өвчний тархалт хэр байна вэ?
-Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт маш их байна. Коронавирусийн халдвартай адилхан шинж тэмдэгтэй. Жишээлбэл, нус гоожих, чээжээр хөндүүрлэх, бөөлжих, гүйлгэх гэх адилхан шинж тэмдгүүд илэрч байна. Ер нь түргэвчилсэн шинжилгээний үр дүнд л ялгаж салгаж байна. Намрын өдрүүдээр нэг өдөр дулаан, нэг өдөр хүйтэн, оройдоо сэрүүн, өдөртөө халуун болох гэх мэт эрс тэс байгаа учраас хүүхдүүд хичээлдээ хувцсаа тааруулж өмсөхгүйгээс болж даарах, ханиад хүрэх тохиолдол их байна. Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчийн заавраар эм уух, шинж тэмдэг арилтал гэртээ байх хэрэгтэй. Агаар дуслын замаар халдварладаг томуу томуу төст өвчин цар хүрээний хувьд тэлэгдэж байна.
-Томуу томуу төст өвчний гол шинж тэмдэг юу байна вэ?
Гэдэсний халдвар хэлбэрээр илрэх, бөөлжих, гүйлгэх, хамар шархирах, нус гоожих, нүд нуухтах зэргээр вирусууд өөр өөрийн онцлогтой байдаг. Эмчилгээ үйлчилгээ нь ч гэсэн өөр өөр байна.
-Иргэд коронавирус, ханиад хоёрыг андууран сэтг,эл санаагаар унах, сандрах тохиолдол гарч байна. Энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бүгд л вирус шүү дээ. Гол нь аль вирусийн халдвар авснаасаа л шалтгаалж байна. Ковид ч бай, ханиад ч бай аль нь ч адилхан вирус. Тиймээс сэтгэл санаагаар унах шаардлагагүй. Гол нь шинжилгээгээ өгөөд л шийдчихнэ шүү дээ. Түргэвчилсэн шинжилгээ эсвэл pcr өгөөд хариунаас нь шалтгаалж тусгаарлах, тусгаарлах үгүйгээ шийднэ. Хүний хэлснээр эм тариа авч уух зэргээр эмчилгээ хийж болохгүй. Аливаа нэг ханиад вирус авсан тохиолдолд шинжилгээ үзлэг хийлгэсний үндсэн дээр эмчилгээ хийлгэх хэрэгтэй .
-Ханиад, коронавирусийн халдварыг зэрэг авбал хүндрэл гарах уу?
-Хүний биед нэг вирус орох бол өөр шүү дээ. Хүний дархлааны вирус сайн ажиллаж байдаг зүйл. Хоёр гурав түүнээс дээш эсвэл хүнд хэлбэрийн вирус ороод ирвэл дархлааны систем дийлэхгүй. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх магадлалтай. Тоо чанарын хувьд гэхээсээ илүү ямар ч вирусийн халдвар авсан тохиолдолд анхны тусламж үйлчилгээгээ зайлшгүй авах шаардлагатай. Зөвлөгөө зөв аваад эмчилгээгээ хийлгэнэ. Гэхдээ томуугийн вирус, коронавирусийн халдвар авсан тохиолдолд биеийн дархлаа сайн байхад хүндрэл нэг их гарахгүй. Архаг хууч өвчтэй хүмүүс л аюултай. Архаг хууч өвчтэй хүмүүүс ханиад, корона хавсарсан тохиолдолд амь насанд эрсдэлтэй.
-Ханиад, ковидыг андуурсан хүмүүс хэр их байна вэ?
-Коронавирусийн халдвар тархаснаас хойш хүн болгон л өөрийгөө ковидоор өвчилсөн мэт, зовиур илрэхэд л эмнэлэгт хандаж байна. Эхний ээлжинд шинжилгээ хийж байж л ялгагдаж байна. Гаднаас нь хараад та коронатай, эсвэл ханиадтай гэх боломжгүй байна. Манай өрхийн эмнэлэгт ханиад, корона гэсэн асуудлаар өдөрт дунджаар 60 хүн шинжилгээ хийлгэж байна. Ихэнх нь корона болж таарч байна.
-Ханиад авсан хэдий ч түргэвчилсэн өгөхөд эерэг гарч байна гэж иргэд хэлж байна. Ийм тохиолдол байгаа юу?
-Түргэвчилсэн шинжилгээгээр тавьсан тест болгон эерэг гарч байгаа тохиолдол байхгүй. Тухайн тест нь коронавирусийг илрүүлэхэд мэдрэг болохоос энгийн томуутай андуурахгүй.
-Өмнөх жилийнхтэй харьцуулахад энэ жилийн өдийд томуугийн өвчлөл хэр байна вэ?
-Өмнө жил цар тахал дэгдэж эхлэхэд хөл хорио халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж байсан учраас томуу томуу төст өвчлөл гайгүй байсан. Харин энэ жилийн хувьд манай өрхийн эрүүл мэндийн төвөөр орж ирж байгаа иргэдийн хувьд нэг эмч дээр 35 хүн орж ирлээ гэж бодоход 17-18 нь ханиадаар өвдөж орж ирж байна. Томуугийн халдвар урд жилүүдээс нэлээн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
-Өөр өгөх нэмэлт зөвлөгөө мэдээлэл байна уу?
-Ханиад, коронавирусийг ялгахын тулд шинжилгээг хийнэ. Харин ханиад хүрсэн бол дур мэдэж эмчилгээ хийхгүй, мэргэжлийн эмчээс зөвлөгөөгөө аваарай. Мөн шинжилгээний тестний хувьд арай үрэлгэн байна. Шинж тэмдэг илрээгүй ч ойрын хавьтал боллоо гэсэн мессеж авангуутаа л шинжилгээ өгөх гэж байна. Өчигдөр уулзсан хүн нь халдвартай нь батлагдангуут өнөөдөр шинжилгээ өгөх гээд дайраад байна. Мэдээж халдварын эрсдлийн хугацаа гэх мэтээ тооцож байж өгөх хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.