Цар тахлын нөхцөл байдал хүндэрч эмнэлгийн эмч, ажилчид хүрэлцэхгүй, гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн хувьд хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа асуудал бол өрхийн эмнэлгийн ажилчдын хүнд сурталтай гэх асуудал. Өрхийн эмч нарыг утсаа авдаггүй, хүндээ хүрч ажилладаггүй хэмээх гомдол байнга гарсаар буй. Тэгвэл энэ талаар Таван буудалд байрлах СБД-ийн 13 дугаар хорооны Өрхийн эмнэлгийн дарга Б.Алтансувдтай уулзаж ярилцлаа.
-Өрхийн эмч нар утсаа авдаггүй, зан харилцааны доголдолтой гэх шүүмжлэл дагуулдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Иргэд өрхийн эмнэлгийг 24 цагийн байнгын үйл ажиллагаатай гэж ойлгоод байх шиг байна. Өрхийн эмнэлэг ажлын тав хоногтой бямба, ням гаригуудад амардаг. Өглөө 08 цагаас орой 17.00 цаг хүртэл ажилладаг. Өдөр, шөнөгүй ажилладаг хэмээн буруу ойлгоод өрхийн эмч рүү шөнө ч хамаагүй залгадаг. Хамгийн гол нь амралтын цаг хамаарахгүй дуртай цагтаа л залгаж байна. Өнөөдөр амарч байна шүү гэхээр уурлах, загнах, хараах асуудал гардаг. Иргэд ч бас эмч нартаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Амралтын цагаар залгасан ч гэсэн ойлголцож болно. Шууд утас авангуут л "ковид" авчихлаа үхэх нь, чи хаана байна гэх мэт хандлага гаргаж байна.
-Танай Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд хэдэн эмч ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Манай эмнэлгийн хувьд 8500 гаруй иргэнд анхны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Таван эмч, гурван сувилагчтай, туслах ажилчидтайгаа нийлээд 13 ажилтантай. Өрхийн эмнэлгийн нэг эмч 1800-2500 хүнд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар сувилагчийн хүрэлцээ, нөөц муутай байна. Сувилагчаар ажиллах хүн ховор болж байгаатай холбоотой. Нэг эмч хүн үзээд зөвлөгөө өгөхөөс гадна дүн бүртгэл, мэдээлэл гээд маш олон ажлыг зэрэг хийдэг. Өнөөдрийн байдлаар манай таван эмчийн нэг нь, коронавирусийн халдвар авсан иргэдээ хариуцаж ажилладаг. Өвчилсөн хүний мэдээ тайланг авах, гэрээр нь очиж үзэх гэх мэт ажлыг хариуцдаг гэсэн үг.
-Өнөөдөр хэчнээн хүн коронавирусийн халдвараар өвчилсөн бэ?
-Өдөрт 50-80 хүн цар тахалтай холбоотойгоор хандаж байна. Өнөөдөр 13 хүнээс шинжилгээ авахад найм нь эерэг гарсан. Мөн коронавирусийн тархалтаас гадна улирлын томуу ихсэх хандлагатай байна. Иргэд гадуур эмийн сангуудаас коронавирусийн тестийг худалдаж аван, өөрсдөө шинжилгээ авч эерэг гаргаад байна. Тандалт.мн дээр эерэг гарсан хүмүүсийн мэдээг шивдэг. Гэтэл иргэд гэртээ өөрөөсөө шинжилгээ авчихаад эерэг гаргаж байна. Түүнийг нь програмд шивэхгүй. Нэгдүгээрт, Өөрөө зөв авч чадаж байна уу. Тест нь шинжилгээний тест мөн байна уу, биш байна уу үзэх хэрэгтэй. Зарим дархлаа тогтоох тестээр үзэх тохиолдол гарч байна. Хамар залгиураасаа бүрэн авч чадаж байна уу гэдгээ үзэх хэрэгтэй. Гэрээрээ шинжилгээ аваад би батлагдлаа гээд байх юм. Үүнээс болж хиймэл ачаалал үүсдэг. Улс ч гэсэн үүн дээр хяналт тогтоох хэрэгтэй. Ийм шалтгаанаас болж хуурамч эерэг гараад өөрөө сэтгэлээр унах цаашлаад эмч нартаа уурлах ч тохиолдол гарч байна. Өнөөдөр л гэхэд долоон иргэн тийм шалтгаанаар орж ирсэн.
-Тэгэхээр өрхийн эмнэлгийн гол зорилго юу вэ?
-Өрхийн эмнэлгийн гол зорилго нь чиглүүлэх үүрэгтэй гэж хэлж болно. Хэнээс ямар зөвлөгөө авах вэ, ямар шинжилгээ өгөх зэргийг хэлж чиглүүлэх үүрэгтэй хамгийн гол үүрэг нь тэр. Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Шууд хагалгаа хийх юм уу, шууд эмчлэх үүрэггүй. Хамгийн гол нь анхан шатанд зөв арга хэмжээ авах л үүрэгтэй.
-Өрхийн эмч ажилчидтай иргэд муухай харьцах тахиолдол гардаг уу?
-Цохиулах, зодуулах, түлхүүлэх, алгадуулах бол наад захын асуудал. Элдвээр хэлүүлнэ, сүүлийн үед өрхийн эмч нарыг тэр тусмаа залуучуудыг их доромжлох болсон. Малын эмч, мал “П” гэх мэтээр ч хэлэх үе байна. Ялгаагүй л эрүүл мэндийн манаанд зогсож байгаа хүмүүс шүү дээ. Залуус түүнийг нь хүндээр тусгаж авдаг шүү. Гэхдээ иргэдийг буруутгаж болохгүй. Хүнд өвчтэй, ядарсан зүдэрсэн хүмүүс бухимдалтай байх нь аргагүй шүү дээ. Тиймээс эхлээд эмч нартаа мөн "Надаас аврал ирж байна" хэмээн харж 2-3 минут л тэвчээртэй сонсох хэрэгтэй гэж хэлье.
-Коронавирусаас гадна ямар өвчлөл зонхилж байна вэ?
-Амьсгалын замын өвчлөл ахмадын даралт ихсэх, хоол боловсруулах эмгэг гэх мэтээс гадна хавдар ч нэмэгдэж байна. Энэ бүгдэд хэдхэн эмч сувилагч тусламж үзүүлж байна. Зөвхөн эм бичүүлэх гэж ч хүмүүс орж ирж байна. Дархлаажуулалт, урьдчилан сэргийлэх үзлэг гээд бүх ажилд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна даа.
-Эмч сувилагчдын хувьд ачаалал ямар байна вэ?
-Нэг эмч дээр өдөрт дунджаар 50 хүн орж ирж үйлчлүүлж байна. Өрхийн эмнэлэг дээр ачаалал нэмэгдүүлж байгаа гол зүйл нь иргэд заавал дагуултай орж ирдэг. Жишээ нь, жирэмсэн бол нөхөртэйгөө, вакцин хийлгэх гэж байгаа бол эмээ өвөөтэйгөө гэх мэт гэр бүлээрээ үйлчилгээ авч байна. Энгийн тайван үед бол үйлчлээд гаргахдаа баяртай байдаг. Цар тахалтай үед бөөн бөөнөөрөө орж ирэхгүй яг өвчилсөн, зорилготой хүн л орж ирэх хэрэгтэй.
-Өрхийн эмч нарыг утсаа авдаггүй гэдэг шүүмжлэл байна. Яг ямар учраас ийм зүйл болж байна вэ?
-Нэг эмч найман гудамж хариуцаж авсан байна. Тэр найман гудманд амьдарч байгаа иргэдэд үйлчилгээ тусламж үзүүлдэг. Хавдартай өвчтэй хүмүүсээ эргэх, нярайгаа эргэх гэх мэт их ажилтай. Ядаад л хүнд тариа хийж байхдаа утсаа аваад ярьж болохгүй шүү дээ. Тэр болгоныг иргэд маань ойлгоосой л хэмээн хүсэж байна даа. Зөвхөн эмнэлэг дээрээ хүн үзээд суудаггүй гэдгийг л ойлгоорой. Нэг эмч маш олон зүйлийг зэрэг амжуулдаг. Жишээ нь, чамайг үзэж байхдаа шууд утас дуугарахаар утсаа аваад удаан яриад байж болохгүй биз дээ. Ажлын цагаар залгаад авахгүй байгаа бол ажилтай л байгаа гэсэн үг. Нэг эмч сувилагч 6-7 хүний ажлыг зэрэг хийдэг. Өөрөө тусламж үйлчилгээ авч байхдаа тийм зүйл тохиолдвол уурладаг хэрнээ өөр нэгэнд тусламж үзүүлж байхад утсаа авсангүй гэдгээ болих хэрэгтэй.
-Өрхийн эмч нарт өөр дутагдаж байгаа болон хийж гүйцэлдүүлж чадахгүй байгаа ямар зүйл байна вэ?
-Бид энэ их ажлын хажуугаар нэг зүйлийг л дутуу үлдээгээд байна. Хамгийн гол зүйл нь эрүүл мэндийн боловсролыг хүмүүст сайн ойлгуулж тайлбарлаж байх хэрэгтэй. Гэтэл тэр цаг хугацаа бага болсон байна. Хүмүүс бушуухан л эм бичүүлээд гардаг. Өрхийн эмчээс төгс төгөлдөр үйлчилгээ авахыг шаардах ёсгүй юм. Тэр хүнийг өвдөхөөс нь өмнө зөвлөгөө өгөх л үүрэгтэй цогцоор нь эрүүл мэндийн боловсрол олгох асуудал орхигдон, өвчтэй хүнтэй зууралдаж л өнгөрөөгөөд байна. Тийм учраас иргэдийн маань эрүүл мэндийн боловсрол муу байна. Тиймээс энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.