Өнөөдөр буюу 2025.04.28-ны өдөр УИХ дахь Хууль ззйн байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 11:00 цагт хийхээр төлөвлөжээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар санаачлан боловсруулж буй юм. Нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гол үндэслэл нь Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөөний холбогдох зорилт, заалтад нийцүүлэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийг санаачлан боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах, УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, сурталчлах, түүний хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж буй Хууль тогтоомжийн тухай хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн 2015 оноос хойш Хууль тогтоомжийн тухай хуулийн 93 хэсэг, 54 заалтад, давхардсан тоогоор нийт 111 хэсэг, 64 заалтад өөрчлөлт орж хөндөгдсөн тул бүтэц, нэр томьёо, агуулгыг жигдлэх хууль зүйн техникийн шинжтэй засвар, өөрчлөлтийг хийх шаардлага үүссэн гэдэг.
Иймд зургаан зүйлтэй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг судалгаа, шинжилгээний байгууллага, судлаачаар хараат бусаар гүйцэтгүүлдэг байх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн хуулийн төслийн хүний эрхийн нийцлийг тодорхой аргачлалаар үнэлдэг болох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг илүү өргөн хүрээнд тооцох, шаардлагатай тохиолдолд тухайн асуудлаар харьцуулсан судалгаа хийж, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргаж байх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!