Коронавирус цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхийн тулд Дэлхийн банкны санхүүжилтээр нэн шаардлагатай эрчимт эмчилгээний 1.27 сая ам долларын тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд гардуулан өглөө.
Тухайлбал, Тариурын шахуурга, дуслын шахуурга, хяналтын монитор, дефибрилятор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн өнгөт ЭХО аппарат, дагалдах хэрэгсэлийн хамт, гематологийн бүрэн автомат анализаторыг өгсөн байна.
Эдгээр тоног төхөөрөмжөөр хангагдаж буй эмнэлгүүдийн нэг болох Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн дарга У.Энхмаагаас тоног төхөөрөмжийн ач холбогдлыг тодрууллаа.
-Замын-Үүд сум хилийн бүсэд оршдог учир сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа онцлог байдаг байх. Эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаас дурдвал?
-Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг нь хилийн бүс буюу стратегийн гол бүсэд үйл ажиллагаа явуулдаг учир ногоон бүс байх шаардлагатай. 2020 оны 10 дугаар сард 100 ортой шинэ эмнэлгээ бид ашиглалтад оруулсан юм. Багаж, тоног төхөөрөмж муутай сумын эмнэлгийн статусаар ажиллаж байсан юм. Алслагдсан бүс буюу Улаанбаатар хотоос 700 км зайд оршдог хэдий ч халдварын батлагдсан тохиолдлуудаа Улаанбаатар хотруу зөөвөрлөдөг байсан. Үүнд маш их хүндрэл гардаг байсан.
Замын-Үүд сумын 20,000 орчим иргэн манай эмнэлгээс эмчилгээ үйлчилгээ авдаг. Мөн 5,000-10,000 явуулын хүн үйлчлүүлдэг. Зөвхөн нутгийн иргэд үйлчлүүлэхээс гадна явуулын болон гадаад хүмүүс ч мөн үйлчлүүлдэг эмнэлэг юм. 130 хүний орон тоотой, 100 ортой эмнэлэг маань дөнгөж барилга нь ашиглалтад ороод багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй байсан юм.
-Өнөөдөр хүлээн авч буй тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгслүүд ямар ач тустай вэ?
-Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монгол Улсад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төслийн хүрээнд нийлүүлж байгаа юм. Энэхүү тусламжаар ирж байгаа тоног төхөөрөмжүүд нь бидэнд нэн шаардлагатай багаж, техник хэрэгслүүд. Тухайлбал, дуслын шахуурга, тариурын шахуурга, зүрх зогсох үед ажиллуулах төхөөрөмж, хяналтын монитор, зүрхны цахилгаан бичлэг зэрэг эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангаж байна. Дээрх тоног төхөөрөмжөөр хангагдсанаар бид хүнд болон маш хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсээ Улаанбаатар хотруу зөөлгүй эндээ эмчлэх боломжтой болж байгаа юм. Энэхүү нөхцөл бололцоог хангаж өгсөнд Замын-Үүд сумын болон Дорноговь аймгийн иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна.