SPS телевизийн Ерөнхий продюсер, "NBA talk" нэвтрүүлгийн хөтлөгч, аналист, NBA тайлбарлагч, "Baji & Yalalt" влогийн хөтлөгч Б.Ялалттай халуун яриа өрнүүллээ. Түүнээс ярилцлага авах санал тавихад уриалгахан хүлээж авсан хэдий ч "NBA-ийн шинэ улирал эхлэх болоогүй байгаа шүү дээ. NBA-ээс өөр зүйл ярих гэж үү" хэмээн асуухад нь хүн бүр түүнээс NBA-ийн талаар л асуудаг байх, арга ч үгүй юм. Монголд энэхүү том спорт контентын шууд дамжуулалтыг бор зүрхээрээ хариуцаж яваа цөөн хэдэн хүмүүсийн нэг бол Б.Ялалт гэж бодсон юм. Хүн бүр түүнтэй NBA ярьдаг учир энэ удаад түүний дотоод мөн чанар болоод бусад зүйлсийн талаар ярилцахыг урьтал болголоо.
-Сайн байна уу. Юуны өмнө таны нэрний талаар ярилцъя. Ялалт гэдэг нэрийг таны аав өгсөн үү?
-Ялалт нэрийг аав, ээж гээд гэрийнхэн маань бүгд ярилцаж байгаад өгсөн гэсэн. Ялалтын баяртай холбоогүй. Ялагч байгаарай гэсэн утгаар өгсөн гэсэн. Би багадаа нэрнээсээ их ичдэг байсан юм. Тэр үед Ялалт гэдэг нэр их ховор байсан шүү дээ. Сүүлд энэ нэрэндээ их хайртай болсон. Ялалт гэдэг нэрийг сонсохоор хүмүүст жүжигчин Н.Ялалт, ФМ-ийн хөтлөгч Б.Ялалт, SPS-ийн Б.Ялалт гэсэн гурван өөр хүн бодогддог байх. Тиймээс энэ нэрэндээ хайртай.
-Таныг нийслэлийн 11 дүгээр сургуулийг төгссөн гэж сонссон. Мөн нэг нэвтрүүлгийн үеэр Монгол хэлний хичээлдээ илүү сонирхолтой байсан гэж хэлсэн. Монгол хэлний хичээлдээ дуртай байсан нь сэтгүүлч болоход тань нөлөөлсөн үү?
-Би багадаа 23 дугаар сургуульд сурч байгаад Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд орсон юм. Бидний үед “чанга” гэдгээрээ алдартай сургууль байсан. Манай 11 дүгээр сургуулийг төгссөн хүүхдүүд ер нь муу явж байгаа харагддаггүй.
Монгол хэл, Монгол бичгийн хичээлдээ их дуртай байсан. Учир нь тооны сургуульд тоогоор ёстой л “нүдүүлдэг” байлаа. Байнга нүдүүлээд байгаа зүйлдээ хүн дуртай байхгүй шүү дээ. Би зураг зурахдаа сайн биш, физик, химидээ сайн биш болохоор дуртай хичээл Монгол хэл байсан байх. Сэтгүүлч болсны хувьд гэвэл би анхандаа сэтгүүлч болно гэж боддоггүй байсан. МҮОНТ-ийн спортын сэтгүүлч, миний багын найз О.Ууганбаяр тухайн үед Eagle телевизэд намайг ажилд орох санал тавьсан. Тухайн үед нэг жижиг хаалгаар орж байсан хүү үнэндээ амьдралын маш том хаалга нээж байснаа одоо л мэдэж байна.
-Eagle телевизэд спортын сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлсэн байх нь ээ?
-Eagle телевизэд спортын сэтгүүлч шалгаруулж авна гэхээр нь би очсон юм. Намайг долоон хоног шалгаж үзээд “Миний дүү мэргэжлийн бус болохоор нэг л болохгүй байна. Спортын алба мэргэжлийн бус хүмүүсээр дүүрэх гээд байна. Гэхдээ долоо хоногийн хугацаанд манай телевизийн сэтгүүлч, ажилтнууд чамайг их өндрөөр үнэлсэн. Тиймээс чамд эвлүүлэгчийн ажлыг санал болгож байна” гэсэн. Тэр үед би эвлүүлэгч гэж юу болохыг нь ч мэдэхгүй учир саналаас нь татгалзах гэтэл “Чамд хүмүүс ингэж итгэж байхад үзээд алдахгүй гэж үү” гэсэн үг нь намайг тэнд үлдээсэн. Жил гаруй хугацаанд эвлүүлэгчээр ажиллаж байхдаа анх NBA talk нэвтрүүлэгт сууж эхэлсэн. Тэр үед л спортын сэтгүүлч болох шийдвэрээ гаргасан байсан. Тухайн үед би тэднээс “Би эндээ эвлүүлэгчээр ажиллаж байгаад дараа нь спортын сэтгүүлч болж болох уу” гэж асуухад “Болно оо, болно” гэж хэлж байсан. Магадгүй тухайн үед намайг хуурч байсан байж болно. Гэхдээ би болж чадсан.
-Нүдүүлээд байгаа зүйлдээ хүн дуртай байхгүй гэж хэллээ. Тайлбарлагч Г.Идэр-Ууган хоббигоо ажил болгож чадсан гэж ярьдаг. Таны хувьд ч ижил үү?
-Миний зурагтаар үздэг зүйл нь кино, спорт. Дасгал хөдөлгөөн хиймээр санагдвал фитнесээр хичээллэдэг, усанд сэлдэг, сагс тоглодог. Заримдаа стресс тайлахын тулд play station тоглодог. Play station -ээр тоглодог тоглоом нь бас л сагсан бөмбөг. Хүү маань надаас "Ааваа, та яагаад үргэлж сагс тоглодог юм бэ" гэж асуудаг. Миний хобби, дасгал хөдөлгөөн, ажил гээд бүх зүйл нь сагстай холбоотой. Тэгэхээр би хоббигоороо ажиллаж байгаа. Би өглөө бүр SPS-ийн хаалгаар баяр хөөртэйгээр орж ирдэг. Учир нь спортын тоглолтууд өдөр бүр шинэ тоглолт байдаг. Хэзээ ч нэг тоглолт давтагддаггүй. Хэдийгээр 30 баг хоорондоо тоглож байгаа ч гэсэн өглөө бүр шинэ тоглолт, шинэ адал явдал, шинэ үйл явдал байдаг. Найруулагч маань “Та нар хоббигоороо ажилладаг азтай хүмүүс шүү” гэж хэлдэг. Ийм учраас би одоо хүртэл ажилдаа дуртай, хайртай байдаг байх.
-Таны Ялалт гэдэг нэрний өмнө хүмүүс өөр өөр угтвар залгадаг байх. SPS-ийн Ялалт, NBA talk-ийн Ялалт, Baji and Yalalt-ийн Ялалт зэрэг. Ажил мэргэжлээрээ овоглуулахад ямар байдаг вэ?
-Хүмүүс намайг сүүлийн үед Youtube-ийн Ялалт байна гэх болсон. Гэтэл би чинь уг нь SPS телевизийн Ерөнхий продюсер хүн шүү дээ. NBA talk нэвтрүүлэгт 14 жил хөтлөгч аналист хийсэн. Одоо харин хаана ч явсан Ялалт, Бажигийн Ялалт нь байна гэдэг болчихсон. Би SPS-д 2017 онд тайлбарлагчаар ороод 2018 онд Ерөнхий продюсерийн ажлыг хүлээж авсан. Энэ нь хариуцлага өндөртэй, уран бүтээлүүдээ 100 хувь хариуцаж явдаг ажил юм. Мэдээж намайг Baji and Yalalt-ийн Ялалт байна гэхэд надад сайхан санагддаг. Гэхдээ SPS-ийн Ерөнхий продюсер Б.Ялалт гэвэл жинхэнэ миний ажлаар овоглож байгаа хэрэг болно.
-NBA talk нэвтрүүлгийн 15 дахь улирал эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, 15 жил энэхүү нэвтрүүлэг тасралтгүй NBA сонирхогчдын шимтэн үздэг контент байсаар ирлээ. Энэ урт хугацаанд нэвтрүүлгээ тасралтгүй үргэлжлүүлэхэд хамгийн ихээр юу нөлөөлж байна вэ?
-Нэгдүгээрт, NBA talk нэвтрүүлэгтээ сууж байгаа мөчдөө бид жаргалтай байдаг. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд, нэгнийгээ цаашлуулаад сууж байгаа нь өөрөө их жаргалтай ажил. Энэ мэдрэмжээ алдахгүйн тулд энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлж хийсээр байгаа байх.
Дунд үедээ телевизийн эфирээр гарахаа болин youtube дээр өөрсдийн сайн дураараа хийх гээд янз янзын зам туулсан. Гэхдээ ямар ч байсан анхнаасаа үзэгчтэй байсан бөгөөд өдийг хүртэл үзэгчээ алдалгүй явсаар ирсэн. Одоо NBA talk-ийг мэддэггүй спорт хүүхэд, залуус гэж байхгүй шүү дээ.
-Таныг Los angeles Lakers багийн, тэр тусмаа Кобигийн үнэнч дэмжигч болохыг NBA сонирхогч залуус мэднэ. Кобиг дэмжих болсон шалтгаан тань юу вэ?
-Кобигийн тохолт. Би Кобитой гар барьж байхдаа түүнийг тийм туранхай, шөвийсэн залуу болохыг хараад гайхаж байсан. Яагаад гэвэл Коби талбай дээр гарахаараа өөрийнхөө ур чадвараар өөрийгөө том харагдуулдаг юм билээ. Энгийн үедээ туранхай, өндөр залуу харагдсан. Кобигийн талбай дээр байгаа үйл хөдлөл, өөрийгөө хурцалж байгаа бүх зүйл нь намайг татсан. 2000 оны эхэн үеэс Лэйкэрсийг дэмжих хугацаанд унаж боссон бүх үед дэмжих сайхан юм билээ.
-Донаван Митчэлтэй ярилцлага хийж байхад юу бодогдож байв?
-Юуны түрүүнд бүтэлгүйтэж болохгүй гэж боддог юм билээ. Митчелтэй уулзсан анхны олон улсын сэтгүүлч нь би биш шүү дээ. Миний өмнө Хятадын нэг сэтгүүлч Энтони Дэвистэй ярилцаж байхдаа гуравдахь асуултаа асуутал “Би хоёр л асуултад хариулна шүү дээ” гэж хэлээд явчихсан. Тийм зүйл тохиолдох вий гэдгээс би эмээж байсан. Хоёрдугаарт, ярилцлагын үеэр Монгол гэсэн тодотголыг яаж шингээх талаараа бодож байсан. Би зүгээр л Америкийн сэтгүүлч шиг очоод тоглолтынх нь талаар, улирлынх талаар асууж байгаад дуусгаж болно. Гэхдээ тийм ярилцлага Монголчуудад амтгүй шүү дээ. Тэр ярилцлагын үеэр монголчуудтай холбоотой ямар нэгэн зүйл хармаар байгаа шүү дээ. Тэр үед Монголд цагаан сар болж байсан. Цагаан сарыг асууж үзтэл харамсалтай нь Донован Митчэл Азийн цагаан сарын талаар ямар ч ойлголтгүй юм билээ.
Тэр бүх оддын тоглолт бүхэлдээ Кобид зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болж байсан. Тийм учраас би Кобигийн талаар асууя гэж бодсон. Гэтэл Донован Кобитой уулзаж үзээгүй гэхэд нь би маш их гайхсан. Донован уулзаж үзээгүй байхад би үг солиод үзчихсэн байсан.
-“Ялалт” ток шоуны талаар ярилцъя. Энэ нэвтрүүлэг таны хөтлөгчийн карьерт хэдий хэмжээний том зай эзэлдэг вэ?
-Боловсрол телевизийн тухайн үеийн удирдлагууд надад өөрийн гэсэн шоутай болох саналыг тавихад нь би нэрний талаар асуусан. Гэтэл тэд “Чи Ялалт ток шоу гээд өөрийнхөө нэрээр хий. Чиний нэр чинь маш том бренд” гэж хэлж байсан.
“Ялалт” ток шоундаа би өөрөө ч дуртай. Гэхдээ дахиж хийхгүй гэж боддог. Учир нь амттайгаараа дууссан нь дээр байх. Би 40-н дугаар хийхээр төлөвлөж байсан ч тухайн үед Боловсрол телевизээс гарах болоод 30-н дугаар хийгээд дуусгасан. 30-н дугаарт Монголын элит хэмжээний бүх төрлийн тамирчид орсон. Хамгийн эхний дугаарын маань зочин Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа байсан юм. Нэвтрүүлэг эфирээр 40 минут орчим гарч байгаа ч гэсэн ярилцлага маань нэг цаг 20 минут үргэлжилдэг байсан. Нэг цаг 20 минутын хугацаанд хоёр хүн ярилцахад нэгнийгээ мэдээд авах хангалттай хугацаа юм. Би өмнө хөтлөгч, сэтгүүлч нартай л ярилцаж байснаас зочинтой ярилцах нь маш ховор байсан учраас их айж байсан. Өөрийгөө маш их бэлдсэн. Гэтэл Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа надад “Чи хүн яриулаад байж чадахаар юм байна. Би түг, таг гэсэн сэтгүүлч нартай уулзахаараа ярьж чаддаггүй юм. Чамтай бол сайхан ярилцаж байна” гэж камерын ард хэлж байсан юм. Түүнийг сонсоод би чадах юм байна гэсэн итгэл төрсөн. Харин одоо үзээд одоогийн би байсан бол бүр илүү яриулж чадах байсан гэж боддог. Нэвтрүүлэгт орсон 30-н зочноос олимпын наадамд оролцож, амжилт үзүүлсэн маш олон тамирчид бий. Тамирчид маань нэвтрүүлгийн үеэр ярьж байсан зорилгодоо хүрэхийг харах сайхан байдаг.
-Таны хувьд ажил мэргэжлийн онцлогоор цахим орчинд идэвхтэй байдаг. Гэхдээ таны бичиж буй зүйлсийг харахад ихэвчлэн эерэг зүйлс байдаг. Цахим орчинд эерэг хандлагатай байх талаар?
-Тэртээ тэргүй нийгэм бухимдалтай байгаа. Би түүн дээр нь бухимдал нэмэх хэрэггүй. Намайг дагаж байгаа 200 мянга орчим хүнд би стресс нэмээд яах юм бэ. Би ч гэсэн стрессдэг. Харин хаа очиж гэр бүл дотроо маргаад байх асуудал байдаггүй. Нэг хүн өглөө дөнгөж босоод миний бичсэн постыг хараад "Стрессдээд дэмий шүү дээ. Бүх зүйл хоёр талтай. Түүний сайныг нь олж харах хэрэгтэй" гэж байсан.
Тухайн үед би Хятадад явж байхдаа тэр улсын хөгжлийг гайхаж байсан. Хятадад тархины цус харвалтаар хүн үхэхээргүй боллоо гэдгийг хараад биширч байсан юм. Энэ бол миний хувьд эмзэг сэдэв л дээ. Аав маань тархины цус харвалтаар өнгөрсөн юм. Энэ Монголд байсан бол гэж бодон бодон Монголд иртэл тэр үед сонгуулийн PR эхэлчихсэн байсан. Тэрхүү үзэгдлийг хараад би Хятадад ингэж байна. Тэгэхэд бид Монголдоо ингээд сууж байна гэсэн пост бичсэн юм. Гэтэл миний үлгэр дуурайлал авдаг, үргэлж юмны зөвхөн сайн талыг хардаг нэг ах маань зөвхөн Хятадын хөгжлийн талаар бичсэн хэсгийг л уншсан гэж хэлсэн. Эндээс л би хүн ер нь өөрийнхөө хүссэн зүйлийг л хардаг юм байна гэдгийг ойлгосон юм. Түүнээс хойш би өөрийнхөө харах өнцгийг өөрчилсөн. Тэгэхээр хүн илүү жаргалтай болдог юм билээ.
-Таны энэхүү үзэл бодол Baji & Yalalt влогтой салшгүй холбоотой байх. Тийм үү?
-Тийм. Шууд холбогдоно. Бажи бид хоёр 2017 оны үед facebook live олны анхааралд өртөж байх үед их лайв хийдэг байсан. Бусад хүмүүсийн лайв 100-200 үзэгчтэй байхад бид хоёрын лайв эхнээсээ л 1000 үзэгчтэй байгаад эхэлсэн. Эхэндээ дагагчаа нэмэх зорилгоор лайв хийдэг байсан бол ер үүнийгээ контент болгоё гэсэн санаа төрсөн. Манайхыг үзээд хэрэгтэй юм хүлээх хэрэггүй. Бид хоёр багш биш, шинжлэх ухааны хүмүүс биш. Нэг нь дуучин, нөгөө нь нэвтрүүлэгч. Бажи хэзээ ч хуурамч дүр бүтээдэггүй. Байгаагаараа байгаа нь л тэр. Тийм учраас ямар ч стрессгүйгээр хүмүүс манай влогийг нэг цаг 20 минутын турш үздэг гэж боддог.
-SPS телевизээр ямар сонинтой байна вэ?
-SPS-ийн шинэ улирал одоо яг эхэлж байна. Английн премьер лиг, Ла лигийн улирал, удахгүй NBA-ийн улирал гээд манай гурван том контент эхлэх гэж байна. Бусад контентуудын хувьд Жүдо маань явж л байдаг, UFC маань явж л байдаг. Аваргуудын лиг удахгүй эхлэх гэж байна. Ажил маань жилийн турш тасралтгүй явдаг.
-Baji & Yalalt влогийн үзэгчдийн өмнөөс нэг асуулт байна. Сагс тайлбарлагч Г.Идэр-Ууганыг нэвтрүүлэгтээ үнэхээр оруулахгүй гэж үү?
-LUMINO-гийн MC-гээс харсан юм. Бажи тэр хоёр чинь 23 жил хамт яваа нөхөд. Өөрөөр хэлбэл, гэр бүл шиг болчихсон. Нэгнийгээ цаашлуулаад фактыг нь ярьж чаддаггүй юм билээ. Г.Идэр-Ууганыг оруулбал яг тэр зүйл болно. Идэрээ, Бажи бид гурав 15 жил орчим найзалж, нөхөрлөж байна. Бие биенээ дэндүү сайн мэдэх хүмүүс. Тэгэхээр орохгүй байх.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан: Б.Амарбаясгалан