"Хадаг барьж гуйсан" Ардчилсан намаа "төрхөмд нь буцаах" шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргасан. Эл шийдвэр гарснаас хойш 5 хоног өнгөрсөн хэдий ч хамтарсан Засгийн газар цаашид хэрхэх эсэх тодорхойгүй байдал үргэлжилсээр. Тэр бүү хэл Төрийн ордонд дараагийн Засгийн газарт сайдын суудал "горилогсод" гүйлдээд эхэлсэн талаарх мэдээлэл хөвөрч эхлэв. Нэгэнт нөхцөл байдал ийм дээрээ тулсан учраас Ардчилсан намынхан ч эргэж буцахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл "төрхөмдөө буцах" Ардчилсан намын найман сайд өнгөрсөн хугацаанд өөрсдийн нэрээр "авторлох" ямар ажлыг хийв басхүү ямар паянд холбогдов гэдгийг эргэн саная.
-БИДНИЙГ 2028 ОНД УТААГҮЙ, ТҮГЖРЭЛГҮЙ БОЛГОХООР АМ ГАРСАН Л.ГАНТӨМӨР САЙД-
* Олон жил нийслэлчүүдийн толгойн өвчин болж ирсэн утаа, түгжрэлийн асуудлыг 2028 он гэхэд шийдсэн байх болно хэмээн Тэргүүн Шадар сайд ам гарсан. Сүүлд тэрбээр үүнийгээ лавтгах мэт "2027 оны өвлийг УТААГҮЙ УГТАНА" хэмээн чуулганы хуралдаан дээр хэлээд амжсан. Товчхондоо, улстөрчдийн хэлэхээс ч "эмээдэг" сэдвийг Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр шийднэ гэж ам гарсан нь энэ.
* Өнгөрсөн хугацаанд Л.Гантөмөр сайдын барьж авсан хуулийн төсөл, ажлуудаас хамгийн "галтай" байсан нь Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээр. УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс дотоод зах зээл, үйлдвэрлэгчдээ хамгаалах тал дээр нэлээдгүй асуудал дэвшүүлж, улмаар эл асуудалд болгоомжтой хандах хэрэгтэйг онцолж байсан юм. Гэвч эл асуудал хэлэлцүүлгийн шатанд гацсан.
* Өнгөрөгч хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгдөж, улмаар огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу боловсруулж эхэлсэн. Эл бичигт Ж.Баярмаа нарын АН-ын гишүүд нэгдэж, гарын үсэг зурсан. Гэвч тухайн үед өрнөсөн улс төрийн үйл явцтай холбоотойгоор Л.Гантөмөр Ардчилсан намын даргын хувиар "Намын улс төрийн зөвлөлийг хуралдуулж Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын гишүүнд хариуцлага тооцох асуудлыг ярина. Засгийн газар дөнгөж байгуулагдаад явж байхад ингэж урваж байгаа хүмүүст яаж итгэх вэ" хэмээн хэлээд амжсан удаатай. Түүний энэ байр суурь намынхан төдийгүй олон нийтэд багагүй шүүмжлэл дагуулсан.
* МАН-ын Бага хурлын дараагаар Л.Гантөмөр Ардчилсан намын даргын ажлаа өгөхөө мэдэгдсэн. Энэ үедээ тэрбээр жагсаалтаар сонгогдсон гишүүдийг бодолтой сонгох ёстой талаар хэлсэн нь бас л шүүмжлэл дагуулсан байдаг. Тодруулбал, тэрбээр "Жагсаалтынхан ГЭРТЭЭ ХЭВТЭЖ байгаад, гишүүн болчихоод ДУРААРАА авирлаж болохгүй. Тойргийн гишүүд сонгогчдоо аргадаад, шавар шавхайтай хутгалдаад, үйлээ үзэж байж гишүүн болж байгаа шүү дээ" гэсэн юм.
* ЗГХЭГ болон АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийжээ. Эл үнэлгээнд Эдийн засаг, хөгжлийн яам нь нийт 16 яам, 3 үндэсний хорооноос 4 дүгээр байрт үнэлэгдсэн байна.
* Одоогоор тус яамнаас өргөн барьсан “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж байна.
-САЙДЫН АЖЛААР ТОДРООГҮЙ Ч ФУКУОКЫН ДУУЛИАНААР "ОД" БОЛСОН Э.ОДБАЯР САЙД-
* Төр төлөвлөлтөөсөө авхуулаад төсөвлөлт, гүйцэтгэл, тайлангаа олон улсын стандартын дагуу үнэлж, хянадаг байхаар Хяналт үнэлгээний үндэсний хороо гэх шинэ бүтцийг Засгийн газар дээр бий болгосон. Энэ бүтцийг удирдах хүн нь Э.Одбаяр. УИХ-ын гишүүнээр тангараг өргөх үеэсээ эхлээд Л.Оюун-Эрдэнэтэй гар барьж буй зураг нь сошиалд сэвэгдэж байсан тэрбээр БЭТ гэх нэр хүртэл зүүж байв.
* Өнгөрөгч гуравдугаар сард Засгийн газрын хагас жилийн тайланд хийсэн хяналт шинжилгээг УИХ, байнгын хороодоор хэлэлцсэн. Харин эл шинжилгээг хийж гүйцэтгэсэн Хяналт үнэлгээний үндэсний хороо багагүй шүүмжлэл хүртэж байв. Учир нь тус хорооноос хамтарсан Засгийн газар байгуулагдсан хагас жилд ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО хамгийн ӨНДӨР ХУВЬТАЙ ХЭРЭГЖСЭН гэх дүгнэлтийг гаргасан байв.
* Э.Одбаяр "төрийн байгууллагатай танилцах, туршлага судлах" нэрээр төсвийн 55 сая төгрөгөөр онгоцны тасалбар захиалж найман эмэгтэйн хамт Фукуок явж амарсан талаар "шилэн" Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудастаа нийтэлсэн нь ёстой л "бүүм" болоод амжсан. Харин тэрбээр эл мэдээлэлдээ "Би Фукуок явж үзээгүй л байна. ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын 15 ажилтан Вьетнам улсын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сургалтанд хамрагдсан гэж ойлгож байгаа. Ганц Фукуок биш Ханой хот руу явсан мэдээлэл бий. Намайг явсан гэж харлуулах сонирхол хэн нэгэнд байгаа юм байлгүй дээ л гэж харж байна. Харин тэр зурагийн хувьд эхнэр бид хоёрын 2018 оны үед авахуулж байсан зураг байна лээ" гэх тайлбарыг өгсөн байдаг.
-50 ТЭРБУМЫН ТЕНДЕРЭЭС "ГАВИАГҮЙ" Р.ЭРДЭНЭБҮРЭН САЙД-
* Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш Ардчилсан намын сайд нараас хамгийн "чимээ аниргүй" байсан нь Р.Эрдэнэбүрэн сайд гэж хэлж болно. Түүнд яг онцлоод зүтгүүлсэн ажлыг нэрлэвэл тун ховор. Гэхдээ асуудал дагуулсан нэг тендер бий. Тодруулбал, “20 минутын хот” үндэсний хорооноос “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээн нэрлэгдээд буй ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Туулын хурдны зам, Төр, захиргааны нэгдсэн байрыг барих зэрэг 7 бүтээн байгуулалтын төслийн нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээний 50 тэрбум төгрөгийн тендер зарласан байдаг.
* Өнгөрөгч онд Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Нийслэл Улаанбаатар хотоо л гэхэд 14 хотод хуваах өөрчлөлт бүхий эл хууль энэ онд хэрэгжих байсан боловч УИХ нэг жилээр хойшлуулахаар шийдвэрлэсэн.
* Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн бүтээн байгуулалтууд эхлээд байна. Археологийн хайгуул судалгаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, засаг захиргааны бүсийн ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө зэрэг ажлууд үргэлжилж буй.
-УРАН, ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨСЛӨӨР МАГТУУЛСАН Ч БИРЖИЙН ХУУЛЬ, ТҮЛШНИЙ ХЭЛЭЛЦЭЭРЭЭР "БААЛУУЛСАН" Ц.ТУВААН САЙД-
* АН-ын сайд нараас арай ахицтай ажилласан нь Ц.Тувааныг нэрлэж болно. Тэрбээр УИХ дээр Ураны төсөл, Гашуунсухайт Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл зэргийг барьж ажилласан. Батлуулж басхүү эхлүүлж ч чадсан билээ.
* Сайн хажуугаар саар гэдэг. Тэрбээр Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслөөр гишүүдээс багагүй шүүмжлэл хүртсэн. ОХУ-аас 20 жил онгоцны түлш нийлүүлэх эл хэлэлцээрийг Эдийн засгийн байнгын хороо дэмжээгүй байдаг.
* Ц.Тувааны удаах гал дагуулсан хууль бол Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Төрийн өмчит бүх компанийг оффтейк гэрээ хийх боломжийг нээж өгч байгаа гэх агуулгаар гишүүд хэлэлцүүлгийн үеэр нэлээдгүй дургүйцсэн юм.
-ХУДАЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЙД Ц.БААТАРХҮҮ-
* Ц.Баатархүү сайдын холбогдсон нэг паян бол "Худал мэдээлэлтэй тэмцэх төв". Үнэний яам байгуулах гэж байгаа юм уу гэж олон нийт хэсэгтээ л түүнийг "ёжилсон" гэж хэлж болно. Харин тэрбээр эл асуудалд "Кибер аюулгүй байдлын хүрээнд бид худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулах гэж байна. Саяхан Давост болсон эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2030 он хүртэлх дэлхийн хамгийн том эрсдэл бол худал мэдээлэл гэж зарласан. Иймд мэдээллүүд шинжлэх ухааны хувьд үнэн үү, эсвэл худал уу гэдгийг батлах албан ёсны төвийг манай яам байгуулах гэж байна" гэсэн юм.
* Массачусетсийн технологийн их сургуулийн AI хичээлийг Монгол Улсын ЕБС-иудад нэвтрүүлэхээр болов. Ирэх зургаадугаар сараас багш нараа бэлдэж эхлэхээр болсон
* Хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж дуусаж, Засгийн газарт өргөн барихад бэлэн болжээ.
* Хөдөлгөөнт холбооны дэвшилтэд 5G сүлжээг орон даяар нэвтрүүлэв
* 21 аймгийн 330 сумд төрийн цахим үйлчилгээний киоск машиныг өгснөөр төрийн үйлчилгээг хүртээмжтэй түргэн шуурхай авах нөхцлийг бүрдэв
-ХУВЦСАА БУСДААР ӨМСҮҮЛЖ БУЙ БИЧЛЭГЭЭРЭЭ Л ГАРЧ ИРЛЭЭ ШД, "ҮЛ ҮЗЭГДЭГЧ" Ж.БАТСУУРЬ САЙД МААНЬ-
* Ж.Батсуурь сайдын бусдаар хувцсаа өмсүүлж буй бичлэг өнгөрөгч гуравдугаар сард цахим сүлжээнд цацагдсан. Хэдийгээр уг бичлэг нь 2022 онд Ардчилсан намын даргад өрсөлдөх үеийнх нь бичлэг боловч олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртээд амжсан юм.
* Барилгын тусгай зөвшөөрлийн шинэ журмыг боловсруулжээ.
* Тэрбээр сайдаар томилогдоод удаагүй байхдаа ипотекийн зээлийн нэгэн асуудлыг хөндсөн нь олны анхаарлыг татсан. Тодруулбал тэрбээр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хоёр дахин нэмж, энэ зээлийг хотын төвд ӨГӨХГҮЙ. Орон нутагт, хотын захад, гэр хороолол, дахин төлөвлөлтөд орж байгаа газруудад түлхүү ОЛГОНО. Мөн орон нутагт анх удаа орон сууц авч байгаа хүмүүст хөнгөлөлттэй өгнө. Ипотекийн зээлийг журамлахгүй бол нэг гэр бүл 2-3 удаа зээл аваад байхаар орон сууцны үнэ ХӨӨРӨГДӨӨД байна. Зээл олон авсан хүн эхний байрандаа амьдраад, дараагийн байрнуудаа ТҮРЭЭСЭЛДЭГ болсон байна" хэмээн хэлсэн байдаг.
-ДЭЛХИЙН ШИЙДЛИЙГ ДУНДГОВИОС ОЛСОН С.ОДОНТУЯА САЙД-
* С.Одонтуяа сайдын хамгийн сүүлд холбогдсон "паян" бол "лааз шамбийлгах" санааг Дундговиос олсон явдал. Тодруулбал, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа аймгуудын Байгаль орчны газраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Гэтэл Дундговь аймгийн Байгаль орчны газраар зочлох үеэрээ лааз шамбийлгах төхөөрөмжтэй нь танилцаж сайшаасан нь олны шүүмжлэлд өртсөн юм. Тэрбээр энэ үеэрээ "Гадаадын сайтаас хайгаад байсан юм аа Дундговиос оллоо. Хийсэн хүнд нь баяр хүргэе. Бүтээсэн өртөг зэргээ явуулаарай” гэсэн байдаг.
* Эгийн голын усан цахилгаан станц барьж байгуулах ажлыг гацаанаас гаргав. Эгийн голын УЦС нь Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн тавдугаарт эрэмбэлэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, Төвийн бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм.
Ингэхдээ 2025-2026 онд Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, УЦС-ын туслах боомт болон үндсэн ТЭЗҮ-ийн нэмэлт судалгаа хийж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол-Оросын Экспертийн ажлын хэсэг 2026 оны эхний хагаст багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ.
* БОУАӨЯ-наас мэдээлснээр эл салбарын 12 хуульд нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулга хийх ажлыг эхлүүлсэн гэв
-НООРОГИЙН ДУУЛИАНААР "БАЛАРСАН" Ч, ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛИА УИХ РУУ ОРУУЛЖ ЧАДСАН О.АЛТАНГЭРЭЛ САЙД-
* Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн сайд болохоосоо ч өмнө хөндөж байсан асуудал бол улс төрчдийн хууль бус хөрөнгийг хураах асуудал. Тэрбээр сайд болсныхоо дараагаар Хөрөнгө хураах хуулийн төслийг нэлээдгүй хугацаанд боловсруулж, Засгийн газраас өргөн барих зөвшөөрлөө авсан ч УИХ-ын босго давалгүй нэлээн удаан хугацаанд "гацсан" гэж хэлж болно. Харин саяхан Ерөнхий сайд болон түүний хүүг орлогоо нотлохыг шаардсан дуулиантай зэрэгцэн эл хуулийн төслийг УИХ-ын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр өргөн бариад байгаа юм.
* ХЗДХЯ-наас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, одоогоор хэлэлцүүлгийн шатанд үргэлжилж байна.
* Гуравдугаар сарын 18-наас эхлэн "Ноорог" медиад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэх асуудал нийгмийн анхаарлыг татсан. Улмаар хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэх асуудал хөндөгдсөн тул ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ноорог медиатай холбоотой мэдээлэл хийсэн. Мэдээллийнхээ үеэр тэрбээр "Ноорог"-ийн ажилчдын нийт зургаан дансаар 9.3 тэрбум төгрөг цахим мөрийтэй тоглоомоор эргэлдсэн. Би хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ" хэмээн хэлсэн удаатай.
* Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний хуулийг УИХ-д өргөн барьсан. Эл хуулийн төсөл одоогоор байнгын хороодын хэлэлцүүлгийн шатанд яваа юм.
* О.Алтангэрэлийн ахалж буй ач холбогдол бүхий ажлын хэсэг бол Тавантолгойн Ухаа худаг ордтой холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсэг юм. Уг ажлын хэсгээс санал дүгнэлтээ гаргаад УИХ-д хүргүүлээд байгаа. Гэвч өнгөрөгч тавдугаар сарын 8-нд УИХ дээр П.Мөнхтулга гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад байна.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!